УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 32 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, уг хуулийн төслийг хэлэлцсэн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэ төслийг Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм гэдгийг Сангийн сайд онцоллоо.
Мөн тэрбээр, манай улсын хувьд эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Иймээс “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломж нээгдэх юм гэдгийг дурдав.
Уг төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх аж. Үүнд, Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, хөгжүүлэх хэсэг нь экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд экспортын зээлийн даатгал болон баталгаа олгох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, институцийн тогтолцоог бий болгоход чиглэнэ. Харин Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспорттой холбоотой тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах, сургах, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулах аж. Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Баделхан, Д.Сумъяабазар нар ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Ингээд хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжив.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Хоёр улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны 6 дугаар сард байгуулжээ.
Манай улс энэхүү зээлийн хэлэлцээрээр нийтдээ 40 сая еврогийн санхүүжилтийг жилийн 0 хувийн хүүтэй, 18 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр авах юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар уг зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 40.93 хувь байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.
Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц; орон нутгийн ус, эрүүл ахуй; хог хаягдал, бохир ус; замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам; боловсрол, техник, мэргэжлийн сургалт; эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлнэ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараа Австрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, Австрийн талтай тохиролцох юм байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Цэрэнбат, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Д.Сумъяабазар нар Сангийн сайд болон тус яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд зээлийн эдийн засгийн үр өгөөжид анхаарч аль болохоор баялаг бүтээх, экспортыг дэмжихэд чиглүүлэх, урт хугацааатай хэрэгжиж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж, төслүүдийн уялдаа холбоог эргэн харж эрэмбэлэх, өгөөжийг дээшлүүлэхэд анхаарах, Австри нь сэргээгдэх эрчим үйлдэрлэх, хог хаягдлыг ашиглан эрчим хүч боловсруулах чиглэлээр ихээхэн туршлагатай улс учраас зээлийг аль салбарт авч ашиглахаа Засгийн газар сайн тооцож бодолцох шаардлагатай, зээлийн нэлээд хувь нь зөвлөх үйлчилгээний болон сургалт, томилолтын зэрэг зардалд зарцуулддаг тул дотоодын зөвлөх үйлчилгээний нөөц боломж, чадавхийг ашиглах зэргийг санал болгож байв.
Одоогоор манай улс гадаад орнуудын хөнгөлттэй зээл тусламжийн нийт 78 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, 12 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг шийдсэн байгаа. Засгийн газар хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр өгөөжийг эрэмбэлж, улсын төсөвт дарамт болохгүй, өр үүсгэхгүй байх талыг сонгож санхүүжүүлэх зарчим барьж ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэлж байлаа.
Ингээд хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай хуулийн төслийг соёрхон батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.