Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

_etu2872

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.11.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрийн орлогын мөчлөг дагасан, эмзэг бүтэцтэй болсон байгаагаас цаашид учирч болох эрсдэлийг даах хуримтлал байхгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай, мөчлөг дагасан төсвийн тэлэлттэй, нийгмийн хавтгайрсан халамжтай, экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон байна. Үүнээс шалтгаалж сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саараад байна. Тодруулбал, эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч сүүлийн 5 жилд тасралтгүй буурсаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарлаа. Энэ нь ажилгүйдлийн түвшин өндөр байх, хүн амын амьжиргааны түвшин буурах, ядуурлын хэмжээ нэмэгдэх, ДНБ-д эзлэх өрийн хэмжээ өсөх зэрэгт нөлөөлж байна. Түүнчлэн, ажилгүй иргэдийн тоо 2016 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 36 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрээд байгаа нь эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах үндсэн шалтгаан болж байгааг сайд илтгэлдээ дурдав.

ch-11-04-9-1

Мөн тэрбээр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18.0 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд анх заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013-2015 онд байнга алдагдалтай гарсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын байдлаар гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрч буураад байгааг дурдлаа.

Ингэж төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байна. Түүнчлэн, гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр цаашид үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй байгаа учраас эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулснаа танилцуулав.

_etu2860

Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал:

– Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх, активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банкны системийн чанаргүй зээлийг бууруулах зэрэг макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,

– Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,

– Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих, арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах зэрэг уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавихад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,

– Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих зэрэг бодит салбарын өсөлтийг дэмжихэд чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх,

– Төсвийн сахилга батыг сайжруулах, төв банкны засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгд, төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, хоёрт, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, гуравт, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дөрөвт,дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тавд, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцоллоо.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Байнгын хорооны хуралдааны явцад тус байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн хавсралтад тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хүрэх үр дүн, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэнтэй болгож, хариуцлага тооцох шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой тусгах, төслийн зүйл заалтуудыг хөрөнгө оруулагчдад хандсан, ойлгомжтой болгох, хүндрэлээс гарах арга замыг тодорхой болгох чиглэлээр төсөлд зохих өөрчлөлтүүдийг хийх, цаашид Сангийн яам төсвөө хариуцан боловсруулж, Үндэсний хөгжлийн газар нь хөтөлбөр болон хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулдаг байх чиглэлийг барьж ажиллах нь зүйтэй зэрэг саналууд гаргасан байна.

_etu2768

Сангийн сайдын илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Ганбаатар, М.Билэгт, Г.Тэмүүлэн, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, С.Батболд, Б.Жавхлан, Н.Учрал, Д.Лүндээжанцан, Б.Батзориг, Б.Баттөмөр нар Сангийн сайд болон Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж тодруулсан юм. Асуулт асууж байр сууриа илэрхийлсэн гишүүд хөтөлбөрийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэн хэрэгжүүлэх ажлыг шуурхай эхлүүлэх шаардлагатай, гэхдээ хэлбэрийн хувьд үйл ажиллагааны жагсаалт маягтай зүйл нэлээд байгааг хэлэлцүүлгийн явцад засч сайжруулан хариуцах эзэн, хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг тодорхой болгож бодит үр дүнгээ өгөхүйц байхад анхаарах, өмнөх Засгийн газрын үед гаргаад хэрэгжүүлж чадаагүй хөтөлбөрөөс ялгагдах зүйл дорвитой харагдахгүй байгаа тул эдийн засаг, төсөв санхүүгийн энэ онцгой нөхцөлд байдлын үед онцгой горим дэглэмээр стандарт бус арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэх зэрэг асуудлыг хөндөж байлаа. Мөн ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг буруулах, валютын ханшийг тогтворжуулах, банкны салбарт бүтцийн шинэчлэл хийх, өрийн асуудлыг шийдвэрлэх, үрэлгэн зардлыг танаж төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, татварын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж шатлалыг өргөжүүлэх чиглэлээр дорвитой ахиц өөрчлөлт гаргах асуудлыг нарийвчлан тусгах, хөтөлбөрийн эдийн засгийн аргачлал, загварчлал, шинжлэх ухааны үндэслэлийг нягталж хэрэгжих бодит үндэстэй, гарах тодорхой үр дүнтэй байхад анхаарах шаардлагатайг хэлж байв.

_etu2857

Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хөтөлбөрт тусгасан 60 орчим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр тодорхой эерэг үр дүн гарна гэж харж байгаа. Төсвийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Валютын цэвэр нөөцгүй, гаднаас орж ирэх урсгалгүй байдал нь ханшид шууд нөлөөлж байгаа тул экспортыг дэмжих, хоёр хөршөөс тарифын хөнгөлөлт авахыг хичээж байгаа. Ипотекийн 8 хувийн зээлийг он дуустал Монголбанк хариуцаж байгаа, оноос хойш хэрхэн үргэлжлүүлэхээ Монголбанктай ярилцаж шийднэ. Гол нь гаднаас эх үүсвэр олж санхүүжүүлэх замаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийг зорьж байгаа, өмнөх Засгийн газар шиг мөнгө хэвлэх замаар энэ асуудлыг шийдэхгүй гэлээ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк гардан хариуцаж ажиллана гэдгийг тодотгов.

Түүнчлэн макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэнэ. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах боломжтой гэж үзэж буйгаа Сангийн сайд хэллээ.

Үүгээр асуулт, хариулт дуусч хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүдийн нэрсийг аваад чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Чуулганы үдээс хойших хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаархи Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүд саналаа хэлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …