Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2016.11.09/ хуралдаан 09 цаг 43 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар оролцож, салбарын хэмжээнд 2017 онд хэрэгжүүлэх зорилтоо танилцуулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулгадаа 2017 оны үндсэн чиглэлд бид хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, төрийн албан хаагчийн цалин хөлсний ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, бичил аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зээлийн бодлогоор дэмжих, хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд олгох сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарыг чадавхижуулах зорилт тавьсныг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд манай салбар есөн зорилт оруулсан. Тухайлбал, элэгний вируст хепатитийн халдварыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хүн амыг хамруулж, эмчилгээг эрчимжүүлэх, гемодиализийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэмэгдүүлэх, эх орондоо оношлуулах нөхцөлийг сайжруулж, гадаад оронд эмчлүүлэх иргэдийн тоог бууруулах бодлого хэрэгжүүлэх, осол гэмтэл, түлэнхийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, оношилгоо, эмчилгээний заавар, стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж, эрүүл мэндийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр иргэд, эрүүл мэндийн байгууллагыг хангах, даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд үе шаттайгаар хамруулахаар зорьсон гэж байлаа.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувийг нэмэгдүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулах, “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг сургуулиудад бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутныг ил тод, нээлттэй сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлэх, “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг 10 зорилтыг тавьсан байна.
Салбарын сайд нарын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Н.Учрал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд боловсролын чанар, хүртээмжийн ирэх жилийн нөхцөл байдал, боловсролын зээлийн санд хамрагдах оюутны тоо, цар хүрээ, шинжлэх ухааны салбарт үзүүлэх бодит дэмжлэг, Монгол Улс дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээний түвшинд хэдийд хүрэх талаар болон амьжиргааны түвшин тогтоох судалгааг хэр бодитой явуулах гэж байгаа талаар илүүтэй тодруулж байв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь боловсролын зээлийн сангийн зориулалтаар 2017 оны төсвийн төсөлд 100 тэрбум төгрөг туссан байгаа. Энэ нь нийт оюутны 50 хувьд хүрэлцээтэй. Үлдсэн 50 хувь нь зээл авах шаардлагагүй, сургалтын төлбөрөө төлөх боломжтой гэсэн судалгаа байгаа. Оюутны сургалтын зээл хүссэн суралцагчдад Боловсролын зээлийн сангаас төлбөрийг нь тухайн их, дээд сургуулийн дансанд шууд шилжүүлнэ. Харин шинжлэх ухаан технологийн санд 10.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнийг эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвигчдад зохих дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Мөн 45 нас хүртэлх эрдэм шинжилгээний ажилтнуудыг БНХАУ-ын зардлаар тухайн салбарын эрдэм шинжилгээний төвд ажиллуулах зэргээр энэ салбарт бид тодорхой зорилт тавин ажиллаж байгаа гэж хариулаа.
Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2020 он гэхэд бид дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээ үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа. БСШУСЯ-тай хамтран гадаадын их, дээд сургуульд эмч мэргэжилтэн, боловсон хүчнээ түлхүү бэлтгэх талаар ажиллаж байна гэж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх жил Монгол Улсын хэмжээнд амьжиргааны түвшин тогтоох судлагааг хийнэ. Эхний ээлжинд Үндэсний статистикийн газартай хамтран амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг гаргахаар ажиллаж байна хэмээн хариулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Б.Саранчимэг нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан шинжлэх ухааны хүрээлэнгийн бүтэц, шинжилгээ судалгааны үйл ажиллагааны чиглэл, орон тоог оновчтой болгон сайжруулах саналыг гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн бол УИХ-ын гишүүн Н.Учралын эрдэм шинжилгээ инновацийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд нэг судлаач, эрдэмтэнд ногдох хувьсах зардлыг бууруулахгүй байх гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болсон юм.
НББСШУ-ны байнгын хороонд ХНХЯ-наас мэдээлэл хийв
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа болон Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэлтэй танилцсан юм.
Салбарын сайд Н.Номтойбаяр танилцуулгадаа Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т “Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно” гэж, мөн зүйлийн 4-т “Хуримтлалын сангаас Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн жил бүрийн төсөвт тусгаж, Улсын Их Хурал батална” гэж тус тус заасны дагуу 57.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбум төгрөгийг хүүгүйгээр тус тус байршуулсан гэдгийг онцолсон юм.
Банкуудад байршуулсан мөнгөний хадгаламжийн хүү 2014 онд жилийн 10.5 хувь, 2015-2016 онуудад жилийн 11.8 хувь байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор 10.2 хувь, 2016 оны тавдугаар сарын 17-ны 15 тоот тогтоолоор жилийн 9.0 хувийн хүүтэй байхаар бууруулан тогтоосон байна.
Чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад жилийн 11.2 хувийн хүүтэйгээр байршуулсан тохиолдолд 2016 оны зургаадугаар сараас 10 сарыг дуусталх 5 сарын хугацаанд 5.9 орчим тэрбум төгрөг, гэрээний бүх хугацаанд буюу 2018 оныг дуустал хугацаанд 20.4 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг нэмж олох тооцоотой байсныг салбарын сайд дурдаж байв.
Тэрбээр 2015 онд бонд, хадгаламж, харилцах дансанд байршуулсан чөлөөт эх үүсвэрийн хөрөнгийн хүүний орлого 73.4 тэрбум төгрөг байсан бол 2016 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 58.4 тэрбум төгрөг, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 78.1 тэрбум төгрөг байхаар тооцсоныг онцолсон юм.
Дараа нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн шалгалтын дүн, тайланг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын хэмжээнд 2557 иргэн хүүхэд харагчийн гэрчилгээ авсан бөгөөд энэ үйлчилгээнд нийт 6353 хүүхэд хамрагдаж, 1206 хүүхэд харагч ажилласан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар хийсэн шалгалтад нийслэлийн зургаан дүүрэг, аймаг орон нутгийн 29 нэгжийг хамруулсан. Санамсаргүй байдлаар сонгосон нэгжүүдийн 15 нь орон сууц, 14 нь хашаа байшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар онцолсон юм.
Хяналт шалгалтын явцад 29 нэгжийн 100 хүүхэд харагчаас 91 нь гэрчилгээтэй, долоон нэгж нь 15-аас илүү хүүхэд хамруулснаас гадна 11 нэгж буюу 37 хувь нь стандарын шаардлагыг 80 хувиас дээш хангасан байжээ.
Иймд хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхэд холбогдох хууль, тогтоомж, журам, стандартад өөрчлөлт оруулах, сайжруулах, энэ үйлчилгээг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх асуудлыг төрөлт болон цэцэрлэгийн хүртээмжийн асуудалтай холбон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран судалгаа хийж, ажиллах шаардлагатай байгаа талаар танилцуулгадаа онцлов.
Мэдээллүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг банкуудад байршуулсан хадгаламжийн хүү 2014 онд 10.5 хувь байснаа өнөөдөр 9.0 хувийн хүүтэй болж буурсныг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөнгө байршуулахдаа арилжааны банкуудад ямар шалгуур тавьдаг талаар тодруулж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Банкинд байршуулсан хадгаламжийн хүүг бууруулах болсон шалтгааныг Нийгмийн даатгалын сангийн өмнөх зөвлөлийнхөн хариулах байх. Би ч гэсэн энэ талаар тодорхой хариулт авч чадаагүй байна. Харин нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн мөнгийг ХААН банк, Төрийн банкинд олон салбартай гэсэн үзүүлэлтээр өгөхгүй. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авах хүмүүс үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгох зарчимд шилжиж, арилжааны банкуудын чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар ажиллана” гэж хариулж байлаа.
Гишүүдийн хувьд хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхдээ хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ үйлчилгээг эрхэлж байгаа нэгжүүдэд стандартын дагуу зэрэглэл тогтоох, асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалуулах зэрэг саналуудыг хэлж байв. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа болон хүүхэд харах үйлчилгээний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд чиглэл өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.