Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.11.11 Баасан гараг/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээллийнхээ эхэнд нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 13.7 хувь буюу 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн анхан шатнаас үйлдвэрлэн, экспортод 333.2 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргаж, нийт экспортын орлогын 7.1 хувийг бүрдүүлсэн болохыг онцлов.
Тус салбарын хувьд эрх зүй, бодлогын болон тогтолцооны шинэчлэл хийх шаардлага тулгарсан байгаа нь судалгаа, өнөөдөр тулгарч байгаа асуудлуудаар илэрч байгаа аж. Энэ онд өнөөдрийн байдлаар дөнгөж 5.1 мянган тн махыг экспортод гарсан байна. Худалдааны хориг бүхий малын гоц халдварт гурван төрлийн өвчин гараад байгаа юм байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бэлтгэлийн сайн тогтолцоо бий болгох шаардлага ч байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдсан юм. Иймд эрх зүйн орчин болон тогтолцооны хувьд өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээр зорьж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Үүнд:
1. Мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх
Үүний тулд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулаад байна. Тус хуульд мал эмнэлгийн тогтолцоог олон улсын болон хөрш орнуудын жишиг, босоо тогтолцоотой болгохоор тусгасан байгаа болно.
2. Малын чанар сайжруулах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах ажлыг малаасаа эхлэн хэрэгжүүлнэ. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ эрхзүйн хувьд Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулсанаа Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлнэ.
3. Бэлчээрийн талаарх судалгааг нарийвчлан хийж, бэлчээр хамгаалах хуулийг боловсруулна. Бэлчээрийн даац, төлөв байдлын зэрэг судалгааг төр засгийн шийдвэр гаргахад болон малчны хотонд хүртэл шийдвэрээ гаргахад ашиглагдах хэмжээнд гаргадаг болж, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
4. Хот, суурингийн хүн амын хэрэгцээг хангах, газар тариалангийн бүс нутагтаа тулгуурласан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Таваарлаг мал болох үхэр, хонины тоог болон чанарыг нэмэгдүүлэн, малын тэжээлийн хангамжийг улаанбуудайн сэлгээнд тариалах замаар сайжруулах арга хэмжээ авна. Эрчимжсэн мал аж ахуйн эрх зүйн орчинг сайжруулан тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
5. “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” аяныг хэрэгжүүлж, монгол малын түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулан зорилтот зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүнээс эхлэн өлөн, эхэс зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг дэмжин ажиллах юм.
6. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ бусад салбарын яамдтай хамтран хэрэгжүүлнэ. Тус асуудлыг багтаан тусгасан “Монгол малчин” хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд тус яамны холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Н.Учрал, Д.Тэрбишдагва, М.Билэгт, Г.Занданшатар, З.Нарантуяа нар асуулт асууж тодруулан, байр сууриа илэрхийлсэн юм.
Хүндрэлтэй энэ үед уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчлөх, өсөлтийг бий болгох боломж мал аж ахуйн салбарт бий, үүний мах, малын гаралтай түүхий эдийг экспортын шаардлагад нийцүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах шаардлага байгааг үг хэлсэн гишүүд онцолж байв. Мөн мал аж ахуйн салбар, хүнс, хүн амын эрүүл мэндийн асуудлууд нь харилцан уялдаатай болохыг тооцох, эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ хангах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс импортын хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг мөн хэлж байсан юм. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хүн амыг хүнсээр хангаж, боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэлийн тулгуур болдог мал аж ахуй нь хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг бүрдүүлдэг болохыг дуулгасан юм. Мөн манай улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдарч байгаа гэв. Тиймээс нүүдлийн мал аж ахуйн өв уламжлалтай орны хувьд энэ салбарт буй эдийн засгийн ихээхэн нөөц боломжийг бүрэн нээж ашиглах замаар тус салбарын хөгжлийг онцгойлон авч үзэх шаардлага, хэрэгцээ улам бүр хурцаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой дараалан өсөж 2015 оны эцсийн байдлаар 56 сая тоо толгойд хүрсэн, хонин толгойд шилжүүлэн тооцохоор 93.8 сая хүрсэн байна. Энэ бол нийт бэлчээрийн даацаас хавьгүй хэтэрсэн тоо хэмээгээд “Иймээс мал аж ахуйг эрчимжүүлэх, илүү боловсронгуй болгох чиглэлээр онцгойлон ажиллах шаардлагатай. Эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах шаардлага бий. 2015 оны байдлаар нийт үйлдвэрлэсэн сүүний 7.3 хувь, нийт бэлтгэсэн махны 1.9 хувь, хонины ноосны 4.8 хувь, ноолуурын 5.6 хувь, хонь, ямааны арьсны 29.4 хувийг дотоодын үйлдвэрүүд боловсруулсан гэх статистик мэдээлэл байна. Малын гаралтай яс, эвэр, туурай, дотор эрхтэн зэрэг түүхий эдүүдэд ямар ч боловсруулалт хийгдэхгүй, хаягдсаар байна. Экспортод гаргаж байгаа мал аж ахуйн дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийн нэр төрөл ердөө өсч, нэмэгдэхгүй байна. Өнгөрсөн оны байдлаар нийт бэлтгэсэн хонины ноосны 44 хувь, ямааны ноолуурын 56 хувийг боловсруулалгүй экспортолсон. Мал аж ахуйн голлох түүхий эд болох мах, сүү, арьс, шир, ноосны үнэгүйдэл энэ оны хувьд хамгийн доод түвшинд хүрсэн. Элдэв төрлийн өвчин ихсэж байгаа зэрэг нь тус салбарын эдийн засгийн боломжийг боомилж, малчдын орлогыг бууруулах эрсдлийг бий болгож байна” хэмээн хэлсэн юм.
Төгсгөлд нь Улсын Их Хурын гишүүн Д.Тэрбишдагва малын тэжээллийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаг уурын хамаарал багатайгаар мал аж ахуй эрхлэх бололцоог бүрдүүлснээр малчид тогтмол үйлдвэрлэл явуулж, орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах, хоршоо нөхөрлөл байгуулах зэргээр малчдын ажиллах нөхцөл, хэлбэрийг сайжруулах, мал аж ахуй эрхлэгчдийн залуу халааг бэлтгэх, тэднийг бусад улс орны дэвшилтэт арга технологид суралцуулан, туршлага судуулах ажлыг дэмжин, улмаар нэвтрүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэхэд анхаарах, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах зэрэг саналуудыг хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.