Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд сэдвээр мэдээлэл сонсов

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсов. Барилгын салбарын нийт хөрөнгө оруулалтыг  ДНБ-д эзлэх хувиар тооцвол 2008 онд 2.5 хувь байсан бол 2015 онд 4.7 хувь болж 1.9 дахин нэмэгдсэн байна. Барилгын салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалтын 49.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт эзэлж буйгаараа онцлогтой хэмээн салбарын сайд дурдав. Тус салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тооцож үзвэл 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 100.9 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Улсын хэмжээнд нийт 770 үйлдвэр барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар тус салбарт 1255 норм, норматив, стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа аж. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 5483 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4749 нь барилга угсралтын чиглэлээр, зураг зүй, төсөл боловсруулах чиглэлээр 572, өргөх байгууламжийн чиглэлээр 162 аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм байна. Барилгын салбарт нийтдээ 95685 ажлын байр байгааг Г.Мөнхбаяр сайд дурдаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн орон сууцны хангамжийн талаар танилцууллаа. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт 859.1 мянган өрхийн 30 орчим хувь нь Улаанбатар хотод байна. Нийслэл дэх 376.4 мянган өрхийн 42 хувь нь инженерийн дэд бүтэцэд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа гэсэн тооцооллыг холбогдох байгууллагуудаас гаргасан байна. 2014 оны судалгаагаар 2014-2018 оны хооронд нийслэл хотноо жил бүр 40 мянган шинэ орон сууцны эрэлт үүснэ гэж тооцжээ. Орон нутаг дахь орон сууцны эрэлт, хэрэгцээг тооцсон талаарх судалгааг мөн тэрээр мэдээлэлдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Улаанбаатар хот дахь орон сууцны хэрэгцээг задлаад үзэхээр нийт эрэлтийн 90-94 хувь нь 80 м2 хүртэлх талбайтай орон сууц эзэлж байгаа бол 6-10 хувь нь 80м2-200м2 хүртэлх талбайтай орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг байна. Үнийн хувьд нийт хэрэглэгчдийн 73 хувь буюу 150 мянга орчим өрх 1м2-ын үнэ 1.5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй орон сууцуудыг сонирхсон талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн оны тоон мэдээллээр улсын хэмжээнд жилд 22766 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон бөгөөд нийлүүлэлтийн хэмжээ 4.2 дахин нэмэгдсэн гэв. Орон сууцны сан нэгдсэн дүнгээрээ Монгол Улсад 14.4 сая м2 болсон аж.

Салбарын бүтээн байгуулалт, эрэлт нийлүүлэлтийн үзүүлэлт ийм байгаа хэдий ч нийслэл дэх нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд амьдарч байгаа. Харин үлдсэн 70 хувь нь шинээр орон сууц авах, дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа гэсэн судалгааг мөн гаргажээ.

Монголбанкнаас санхүүжүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 88000 өрхөд 4 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. 2016 оны 10 дугаар сарын дүнг үзвэл арилжааны банзуудаар дамжин 672 иргэн шинээр ипотекийн зээл авчээ. Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн асуудлаар холбогдох газруудтай уулзаж, ажиллаж байгааг Г.Мөнхбаяр сайд дуулгаад нэлээд нааштай үр дүн гарч байгааг мэдээлэв. Монголбанк холбогдох шийдвэрийн хүрээнд сард 30-35 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олголтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ нь сард дунджаар 600 айл өрхөд шинээр зээлд хамрагдах боломжтой гэв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын дүнг нэгтгэн харвал ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр хувьтай байдаг бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.2 хувьтай байгаа аж. Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох яамд санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлж байгаа талаар мэдээлэл хийв. Түүнчлэн түрээсийн орон сууцын хөтөлбөрийн талаар танилцууллаа. Төрийн өмчийн түрээсийн 725 айлын орон сууц нийслэлд байгаа бөгөөд түрээслэгдээгүй үлдсэн орон сууцууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс том учир уг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тодорхой ажлуудыг хийсэн гэв.

Ингээд сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, З.Нарантуяа нар санал хэллээ. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өндөр үр дүнтэй хэрэгжиж буй орон сууцны ипотекийн зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий, энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хороонд хандвал дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …