Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн (парламент) дарга, Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим угтан авч хүндэтгэл илэрхийллээ.
“Кувейтийн сан”-гийн Ерөнхий захирал бараалхав
Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер бараалхлаа.
Эрхэмсэг ноён Абдулвахаб Ахмед Аль-Бадер УИХ-ын дарга М.Энхболдод Кувейт Улсад тавтай морилон саатахыг хүсээд “Кувейтийн сан”-гийнхаа талаар танилцуулав. Тус сан өнөөгийн байдлаар дэлхийн 160 улстай хамтран ажиллаж, энэ санхүүгийн жилд 1.9 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл олгоод байгаа аж.
Тэрбээр “Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим асуудал шийдлээ хүлээж байна” гэж тэмдэглээд Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд бид 12 сая ам доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар, Хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал тавиад байна. Мөн Шүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулагчийн асуудал байгаа. Бид холбогдох судалгааг хийгээд танай талын техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж байна. Цаашид зам тээвэр, эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Монгол-Кувейтийн хамтын ажиллагаа харьцангуй богинохон түүхтэй боловч авто зам, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарт та бүхний хийж хэрэгжүүлсэн төсөл, тусламж дэмжлэгт манай ард түмэн ямагт талархалтай ханддаг. Парламентын ордон барихад зориулан олгосон санхүүжилтийг ард түмний эрүүл мэндийг хамгаалах байгууллагад шилжүүлэхийг дэмжиж байна. Шүрэнгийн УЦС-ын асуудлаар тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргах байх. Манай эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа учраас Засгийн газар энэ байдлыг гэтлэн давах тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байгаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, сайн харилцаатай улс орнуудын дэмжлэг бидэнд нэн чухал байна. Түүнчлэн танай улс, “Кувейтийн сан”-тай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Та бүхнийг, Сангийн удирдлагыг Монголд айлчилж, хамтран ажиллах асуудлаар газар дээр нь үзэж танилцахыг урьж байна” гэлээ.
Эрхэмсэг ноён Абдулвахаб Ахмед Аль-Бадер урилгыг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд “Сангийн шугамаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судалж үзье. Зээл тусламжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийднэ. Шийдвэр нааштай гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэлээ.
ТОДРУУЛГА: Монгол Улс, Кувейт улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон. “Кувейтийн сан”-гаас Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн чиглэлийн авто замыг тавихад 58.2 сая ам доллар, Тайширын УЦС-ын бүтээн байгуулалтад 19.8 сая ам долларын зээл олгосон. 1999-2000 оны зудын гамшгийн үеэр 500.0 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн Эрхэм дээд Эмир Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулан 276.6 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.