З.Нарантуяа:Хөрөнгө оруулагчдад оруулсан мөнгөнийх нь найдвартай байдал л чухал

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Шинэ парламент бүрдээд хагас жил болчихлоо. Он ч дуусаж байна. Парламент үүргээ хэр зэрэг биелүүлсэн гэж бодож байна вэ?

-Парламентийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Шинэ парламент бүрэлдсэнээс хойш өргөн баригдсан 131 хууль, тогтоомжийн төслүүд байгаагаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд 57 хууль, УИХ-ын тогтоолын шийдвэрийг хэлэлцэж баталсан тоо бий. Ихэвчлэн Засгийн газар байгуулах, томилгоо хийх, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ батлах, төсвөө тодотгох, ирэх оныхоо төсвийг батлах зэргээр шинэ Засгийн газрын үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлд хууль, тогтоолууд батлагдлаа. Чанарын хувьд эдийн засгийг сэргээх хөтөлбөрөөс өөр нийгмийн шаардлагад нийцэхүйц, улс орны эдийн засгийг сэргээх, засаглал, менежментийн өөрчлөлт хийх хэмжээний бодлого, шийдвэрүүдийг баталж чадав уу гэвэл тааруухан л дүн тавихаар байна.

-Их хурал хагас жилийн хугацаанд олигтой хуулийн төсөл баталсангүй гэх шүүмж бий. Таны хувьд УИХ, Засгийн газар цаашид юун дээр анхаармаар санагдав?

-Гадаад худалдаа, эдийн засгийн бодит байдалд дүгнэлт хийж, улс үндэснийхээ эдийн засаг, аюулгүй байдлыг хамгаалахад нэн шаардлагатай байгаа бодлогын өөрчлөлтүүдийг хийхэд чиглэсэн хуулиудаа эхлээд хэлэлцмээр санагдаад байгаа юм л даа. Улс төр судлаачид ярьдаг, үндэстний дархлаагаа бөхлөх гэж. Энэ бол товчхондоо засаглах чадвартай төрийн тогтолцоог бэхжүүл л гэсэн үг шүү дээ. Тиймээс төрийн засаглалыг сайжруулах чиглэлийн буюу Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн албаны хуулийг шинэчлэн баталж, мөн Үндсэн хуулийн шаардлагатай зарим өөрчлөлтийг хийж засаглалаа сайжруулах шаардлага байгааг л хэлээд байна гэж би ойлгодог. Сонгуулийн тогтолцоо их тогтвортой баймаар байна. Сонгууль бүрийн өмнө өөрчлөгддөгөөс улс төрийг их тогтворгүй болгож байна. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал ноцтой болж байна. Нэг салбараас хараат, цаашлаад нэг орноос 100 хувь хамаарах дөхсөн байхад ач холбогдлоор бага жижиг асуудлыг хэлэлцэж, цаг алдаж байхаар гол асуудлаа эрэмбэлж, хууль тогтоомжоо боловсронгуй болгоход УИХ анхаарах шаардлагатай байна.

-Ирэх дөрвөн жилд боловсронгуй болгох хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг Их хурал хэлэлцсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа 400 гаруй хуулиудын 270 орчмыг нь өөрчилнө гэсэн жагсаалт орж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам хууль санаачлагчдаас өгсөн хуулийн нэрүүдийг л жагсаасан юм байна лээ. Үнэхээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай хуулиуд мөн үү гэсэн өнцгөөс харвал хэрэгцээ, шаардлагын судалгаа нь хийгдсэн хуулиуд цөөхөн байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Хууль, тогтоомжуудын чанар, үр дүнг сайжруулахад шинэчлэл хийхээр хууль байгаа юм. Шинэ хуулийн энэ концепцэд нийцүүлж, одоо мөрдөж байгаа хуулиудын үр дүнд мониторинг хийж судалгаатайгаар хандвал дээрх тоо эрс буурна. Энэ хэрээр парламентын үйл ажиллагааны үр дүн дээшилж эдийн засгийг дэмжих хуулийн орчин сайжрах юм. Тиймээс Засгийн газар төслөө татан авч судалгаатай оруулж ирэх санал гаргасан. Харамсалтай нь дэмжигдээгүй.

-Ирэх онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал одоогийнхоос дээрдэх болов уу. Гэрэл гэгээтэй гарц харагдаж байна уу?

-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж чадвал сайжрах боломжтой. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдын хувьд бэлэн, хэрэгжүүлэх хэмжээнд техник эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдсэн, мэргэжлийн экспертүүд хүлээн зөвшөөрсөн төсөл цөөхөн байна. Хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгө нь найдвартай байх баталгаа л чухал. Засгийн газар энэ баталгааг хангах чиглэлд олон зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Тухайлбал, дэд бүтэц, төрийн байгууллагуудын саадгүй ажиллагаа, хууль, шүүхийн шуурхай, шударга байдал гэх мэт. Ер нь Засгийн газрын чадамж, санаачилгатай байдлаас л хөрөнгө оруулалтын асуудал шууд хамаарна.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал олны анхаарлыг их татаж байна. МАН-ын гишүүдийн хэлж буйгаар Хөгжлийн банкны хөрөнгийг АН-ынхан замбараагүй үрж, эргэн төлөлтгүй болгочихсон юм шиг байна гэж байгаа?

-Энэ асуудлаар би өөрийн байрь сууриа олон удаа илэрхийлсэн. Шалгалтын дүгнэлтийг олон нийтэд ил болгох шаардлага тавьснаар нээлттэй болгохоор боллоо. Иргэд мэдээллийг харж, өөр өөрсдийн дүгнэлтийг хийнэ биз.

-Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслийн шинэчилсэн найруулга хийнэ гэсэн. Юун дээр анхаарвал зохистой вэ?

-Хөгжлийн банкны бие даасан хараат бус байдлыг хангах нь гол чухал асуудал. Шинэ хуулиар энэ талын зохицуулалтыг түлхүү оруулах юм. Энэ банкны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлж хуулиар тогтоож өгөөгүйгээс улстөржсөн үнэлгээ, дүгнэлт хийгдэж байгаатай холбогдон банкны үнэ цэнэ, хэвийн ажиллагааг алдагдуулж байна. Иймээс энэ чиглэлийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж байгаа.

-АН-ын шинэчлэлийн асуудал мөн л олны анхааралд байна. Та энэ намаас сонгодсон УИХ-ын гишүүний хувьд шинэчлэлийг аль чиглэлд хийгээсэй гэж хүсч байна вэ?

-АН-ын VI Их хурлаар шинэчлэлийн хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрт шинэчлэлийг зургаан чиглэлээр хийхээр тусгасныг дэмжиж байгаа. Эв нэгдэлтэй, итгэл хүлээхүйц, үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэгч, хариуцлагатай, нээлттэй, оролцоотой, цахим бодлогын нам байх зорилт тавьсан. Хөтөлбөр батлах нэг хэрэг, хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Шинэчлэлийнхээ агуулгыг ойлгосон, хэрэгжүүлэх өөрийн хувилбартай хүн намыг удирдаж байж хэрэгжинэ.

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүсийг харахад тэгтлээ их хүлээлттэй байх хэрэггүй мэт харагдах юм?

-Нэр дэвшигчдийн зарим нь өмнө намын удирдлагыг хэрэгжүүлж байсан хүмүүс учраас тэгж харагдаж байгаа байх. Намын гишүүний хувьд намаа цаашид олон нийтийн итгэл хүлээх, тодорхой зорилт, үзэл баримтлалтай, хариуцлагатай улс төрийн хүчин болгохын төлөө санаа зоволгүй яахав. Фракцуудын зодоон, эв түнжингүй байдлаасаа болж олны итгэлийг алдсан сургамж байгаа. Ашиг сонирхлын зөрчил ихтэй, эвлэж нэгдэж чаддаггүй хүмүүс аль нэг нь гарлаа гэхэд зөрчил дахиад л үргэлжилнэ. Ний нуугүй хэлэхэд, ийм зөрчилтэй хүмүүс сунгаанаасаа татгалзчихаасай гэж хүсч байна. Намын цаашдын нэгдэл нягтралд тус болно. Гишүүдэд ч сонголт хийхэд амар болно. Өөр нэг анхаарах зүйл бол намын дарга болсон хүн дараагийн сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд дүрмийн дагуу Ерөнхий сайд болох учиртай. Намын дараагийн ялалт хэнээр удирдуулахаас их хамаарна. Тиймээс иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, итгэл хүлээж чадахуйц нэр цэвэр, ёс зүйтэй хүнээ сонгох хэрэгтэй болж байгааг гишүүд ойлгож байгаа байх. Анх удаа гишүүдээрээ нээлттэй сонгуулиар даргаа сонгох гэж байна. Нэг ёсондоо, намын ирээдүйн хувь заяаг гишүүд бид өөрсдөө сонгоно.

-УИХ дахь цөөнхийн бүлгийн ганц эмэгтэй гишүүн нь та. Намынхаа шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдээ төлөөлж оролцохгүй юм уу?

-Намын дүрэмд эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудын байгууллагуудын төлөөлөл намын удирдах байгууллагуудад төлөөллөө оруулах шинэ заалт тусгагдаж байгаа. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас Гүйцэтгэх зөвлөлд орж ажиллана гэсэн үг. УИХ-д сонгогдсон эмэгтэй ганц гишүүний хувьд мэдээж эмэгтэйчүүдтэйгээ хамт шинэчлэлийг амжилттай хийхийн тууштай ажиллана. Саяын Их хурлаар намын дарга гурван дэд даргатай, түүний нэг нь эмэгтэй байхаар шийдвэрлэсэн. Өрсөлдөнөө гэсэн бодолтой байна. Завханыхан маань их дэмжээд байгаа.

С.Алтанцэцэг

dnn.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …