Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган” өнөөдөр /2017.01.11/ Төрийн ордонд болж байна.
“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ.
Тэрбээр “Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, нийтийн албанд орохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд бүрэн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Баталгааны хуудасны загварыг тогтоож өгсөн. Энэ дашрамд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг зориуд тэмдэглэж хэлье. Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг. Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно. Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно” хэмээгээд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд 10 жилийн ойн мэндийг уламжилж, ажлын амжилт хүслээ.
Энэхүү чуулганд Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, Авлигатай тэмцэх газрын гадаад хамтын ажиллагааны байгууллага, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Нээлтийн хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явууллаа.
Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын шударга, ил тод, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, авлигын эсрэг тэмцэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлох аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.