Манай улсын философийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Монгол улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “Монголын философийн товч түүх” бүтээлийг хэдхэн жилийн өмнө (2013 он) нийтийн хүртээл болгосон нь хэвлэгдсэн даруйдаа уншигч олны анхаарлыг татаж, мэргэжлийн хүрээнд ч нэгэнт хүндтэй байр сууриа эзлэсэн билээ. Тус бүтээлийн философи агуулга, ач холбогдлын талаарх шүүмж, санал сэтгэгдлээ философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Гомбосүрэн, профессор А.Жамбал, доктор М.Золзаяа нар өдөр тутмын хэвлэл болон монголын философийн талаарх бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлсэн байдаг. Тус өгүүллийн хувьд дээрх бичвэрүүдийн адил мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмж бичих зорилгыг тавиагүй бөгөөд утга агуулгыг тодруулах үүднээс монгол судлалд оруулж байгаа хувь нэмэр, эзлэх байр суурийн талаар өөрийн өчүүхэн мэдлэг мэдээллийн түвшинд онцлон тэмдэглэж байгаа билээ.
“Холыг зорьсон хос морьтон” гэхийн учир нь Монголчуудын уугуул иргэншлийн онцлогт тулгуурлан бүрэлдсэн мал аж ахуй эрхлэх ёсноос үүдэлтэй хэвшмэл хэллэгийн утга санааг оюуны бүтээлийн талаарх илэрхийлэлд шилжүүлэн ашигласан хэрэг юм. Алсын замыг туулах аяны гол унаа нь хүлэг сайн морь байсан уламжлалт нийгэмд (эдүгээ ч малчин түмний амьдралд зарим талаар өвлөгдөн үлдсэн) зорьсон хэргээ саадгүй бүтээхийн тулд хөтөлгөө морьтой явдаг нь ердийн заншил төдийгүй амьдралын хэрэгцээ шаардлага байсан билээ. Тэр тусмаа морьдынхоо зүсийг ижилсүүлэн хөтөлж хос морьтон болдог сайхан уламжлал тогтсон. Үүний нэгэн адил профессор Д.Дашпүрэвийн “Монголын философийн товч түүх” бүтээл БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Оронд худам монгол бичгээр хэвлэгдэн нийтийн хүртээл болсон нь нэг хэлний хоёр бичгээр хэвлэгдсэн философийн цөөн бүтээлийн нэг болж “хос морьтон” гэх хэвшмэл хэллэгтэй утга дүйж байна. Нөгөөтэйгүүр, манай орны хувьд зөвхөн философийн хүрээнд ойлгож байсан уг бүтээлийн монгол судлал дахь ач холбогдлыг тодруулан гаргаж байгаагаараа онцлог юм.
Учир иймээс, Монголчуудын философийн түүхэн хөгжил, түүний гол онцлогуудыг арга зүйн шинэлэг баримтлалын үүднээс дэлгэрэнгүй судлаж, үр дүнг нь товчлон илэрхийлсэн тус бүтээл нь шинэ зууны монгол судлал, түүний дундаас монголын философийн хүрээн дэх тэмдэглэвэл зохих чамбай бүтээлүүдийн нэг мөн бөгөөд уншигчдынхаа цар хүрээгээр нэг улсын хэмжээнээс нэгэнт хальсанаараа энэ чиглэлийн судалгаа, сургалт, сурталчилгаанд цаашид үзүүлэх нөлөө, ач холбогдол нь улам өндөрсөж байгааг дурьдууштай.
Тус бүтээлийг Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооноос эрхлэн гаргасан “Гадаадын монголч эрдэмтдийн бүтээлийн чуулган”-ы ээлжит дугаарт багтаан 2015 онд хэвлэжээ. Профессор Д.Дашпүрэвийн туурвил нь Өвөрмонгол дахь монгол судлалын салбарын 20 гаруй шинжээчдээс бүрдсэн тусгай комиссын шалгуурт тэнцэж, тус хэвлэлийн өмнөтгөлд тэмдэглэснээр <<гадаадын монголч эрдэмтдийн монгол судлалын содон шилдэг бүтээлүүд>>-ийн тоонд багтаж хэвлэгдсэн нь ижил мэргэжлийн болоод эх орон нэгтнүүдийн хувьд яах аргагүй тэмдэглэвэл зохих, олон уншигчдынхаа сонорт яаран хүргүүштэй мэдээний нэг мөн. Монгол судлал нь биеэ даасан эрдэм шинжилгээний салбар болон хөгжсөнөөс эхлээд хоёр зуу гаруй жилийн турш үе үеийн түүчээ болсон монголч эрдэмтдийн олон арван шилдэг бүтээл удаа дараалан туурвигдаж Монголчуудын эрт эдүгээгийн асуудал бүхэнд холбогдсон асар их оюуны хөмрөг цогцлогдсон байна. Энэхүү эрдэнэсийн сангаас дээжлэн хэлхсэн эрихний хэлхээнд түүвэрлэгдсэн бүтээлийн нэг нь “Монголын философийн товч түүх” болж чаджээ.
Гадаад хэлээр бичигдсэн монгол судлалын сурвалж бичиг ба эрдэм шинжилгээний бүтээлийг монгол хэлээр орчуулан хэвлүүлэх ажил Өвөрмонголд орчин үеийн ном хэвлэлийн үйл хэрэгтэй бараг нэгэн зэрэг буй болсон ч түүний эрчим сүүлийн жилүүдэд нилээд сулраад байсан юм. Тус шалтгаанаар эдүгээ хүрэхэд өмнө хэвлэгдэж байсан бүтээлүүдийн хүртээл ховордож ердийн уншигч, эхлэн суралцагчид байтугай эрдэмтэн судлаачдад ч олдохуйяа бэрх болсныг харгалзан үзэж шинэчлэн түүвэрлэсэн нь залгамж хойч үеийнхэндээ төрөлх үндэстнийхээ талаарх мэдлэг ухааны охь шимээс танилцуулах гэсэн холч ухааны илрэл билээ.
Ийнхүү профессор Д.Дашпүрэвийн бүтээл нь худам монгол бичгээр дахин хэвлэгдсэн явдал нь зөвхөн өөрийн орны уншигчид, философи сонирхогч, суралцагчдад төдийгүй хувь заяаны эрхээр хил зааглагдан амьдарч буй Монголчуудынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангах таатай боломжийг олжээ. Ингэснээр зөвхөн мэргэжлийн явцуу хүрээнээс нэгэнт хальж төрөлх соёлоо эргэн хүртэх (инкультураци) үйл явцад зохих үүргээ гүйцэтгэх болсон нь дамжиггүй.
Монголын философийн түүх, сэтгэлгээний онцлогийг судлах явдал нь зөвхөн тухайн мэргэжлийнхээ өмнө хүлээсэн үүргээс гадна монгол судлалын харьцангуй цөөвтөр, нэн сонирхолтой чиглэлийн нэг мөн. Монгол бичгийн хэвлэлийн оршилд энэ талыг цохон тэмдэглэх санаагаар монгол судлалын түүхэн сурвалж бичгүүд болон нэрд гарсан судалгааны бүтээлүүдийн тоймд багтаан өгүүлжээ. Харин манай орны практикт монголын философийн судалгааг монгол судлалын хүрээнд тэр бүр хамруулан үздэггүй дутагдал оршсоор ирсэн боловч 2016 онд зохион байгуулагдсан “олон улсын монголч эрдэмтдийн XI их хурал”-д тусгайлан дэд сэдэв болгон оруулсан нь сайшаалтай. Цаашид тус зохион байгуулалтыг уламжлал болгон хэвшүүлэх, нэн ялангуяа энэхүү үйл хэрэгт ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхим зэрэг мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож, хамрах хүрээг өргөтгөх нь зүйтэй.
Монгол хүн бусдаас ялгагдах сэтгэлгээний онцлогоо танин мэдэх, оюунлагийн түвшнээ улам бүр ахиулахад монголын философийн судалгаа тэргүүлэх үүргийг гүйцэтгэх нь дамжиггүй. Хүн төрөлхтөний философийн хөгжлийн нэгэн салаа мөчир болохынхоо хувьд онол, арга зүйн нийтлэг шаардлагуудыг зайлшгүй биелүүлэх учиртай ч түүнд хэтийдэн туйлширч үндэсний агуулгыг орхигдуулах учиргүйг профессор Д.Дашпүрэвийн бүтээл нотлон харуулж байна гэж дүгнэж болно. Хэрэв бид үндэснийхээ философийн талаарх судалгааг эрчимжүүлж, хангалттай үр дүнд хүрч чадваас нийгэм, улс төрийн бодлогоо оновчтой тодорхойлох үндэс бүрэлдэж Монгол орны хөгжил цэцэглэлтийн шинэ эрин үе ирэх нь зайлшгүй гэдэгт өчүүхэн бичээч би вээр гүнээ итгэнэм.
Философийн ухааны доктор Б.Буяндэлгэр
Ugluu.mn