УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2017.02.09/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Аж ахуй эрхлэх нь гэмт хэрэг биш. Аж ахуй эрхлэснээрээ яагаад гэмт хэрэгтэн болох гэж. Уг хуулийн төслөөр бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Эсэргүүцсэн шалтгаанаа би дараах үндэслэлээр тайлбарлая.
Герман улсад аж ахуйн нэгжүүдийг хуулийн хариуцлагад татдаггүй. Хүн бүр иргэн гэдэг утгаараа Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Түүн дээр нэмээд аж ахуй эрхэлснийхээ төлөө торгууль төлнө. Их хэмжээний торгууль шүү. 400-800 сая хүртэл төгрөгийн торгоно. Мөн аж ахуйн нэгжийг нь татан буулгана. Энэ бүхэн хэрээс хэтэрч байна. Германы хуулийн загвар дээр үндэслэсэн уг хуульд ийм заалт оруулж байгаа нь байж болохгүй зүйл. АНУ гэхэд зөвхөн Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульдаа л ийм хатуу заалт оруулж өгсөн байдаг. Бусдад санаатай муу зүйл хийхийн тулд бизнес эрхэлдэггүй. Эрүүгийн хуульд зааснаар бол санаатай болон санамсаргүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Санаатайгаар бизнес эрхэлдэггүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Би энэ талаар ажлын хэсэг болон байнгын хороон дээр удаа дараа ярьж байсан. Миний үгийг гүйцэд сонсохгүй байгаа юм. Энгийн жишээ хэлье. Аж ахуй эрхлэгч, төрийн албан хаагчид хоорондоо маргасан тохиолдолд аж ахуй эрхлэгчид илүү шийтгэл ногдуулах эсвэл аж ахуй нэгжийг нь татан буулгадаг ийм тохиолол гарна.
Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд өсөж, дэвжихгүй байгаагийн гол шалтгаан бол төрөөс маш олон саад тотгор тавьдагтай холбоотой. АНУ, Европын орнуудын аж ахуйн нэгжүүд 4-5 жилийн дотор тэрбум тэрбумаар тооцогдох татварыг улсдаа төлж эхэлдэг. Гэтэл Монголын компаниуд ийм болж хэзээ ч чадахгүй байгаа. 20-30 жил болж байж, дунд хэмжээний компанийн түвшинд л очдог. Тиймээс компанийн хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа хуулийн төслөөс авч хая гэж би уриалмаар байна. Аж ахуйн нэгжид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэхээр хариуцлагаас мултарна гэж ойлгоод байх шиг байна. Тэр хүн чинь иргэн гэдэг утгаараа Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тиймээс аж ахуй эрхэлснийхээ төлөө давхар хариуцлага хүлээдэг байдлыг таслан зогсооё. Хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстой шүү дээ. Тийм учраас энэ заалтаа хасаж өгнө үү. Мөн уг хуулийн төслийн 18 дугаар зүйлд Эдийн засгийн гэмт хэрэг гэдэг нэрийдлээр 36 зүйл заалтаар бизнес эрхлэгчдийг шийтгэхээр байна. Аж ахуйн нэгжүүдээс гадна бизнес эрхлэгчдийг шийтгэх тухай оруулж өгсөн байна. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн тухай хуульд ганцхан заалтаар Эдийн засгийн гэмт хэргийг тодорхойлдог байсан. Гэтэл өнөөдөр 36 зүйл заалтаар эдийн засгийн гэмт хэрэгт татах нь ээ. Энэ бол ахадсан зүйл.
Өнөөдөр Монголд томоохон битгий хэл дунд хэмжээний компаниуд ч ховор байна. Том компаниуд олширч, хүн амын дунд дундаж давхаргынхан нэмэгдсэний дараа энэ хуулиа хэрэгжүүлсэн нь зүйтэй байх. Дахин хэлье, аж ахуй эрхэлнэ гэдэг гэмт хэрэг биш шүү. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ гэмт хэрэгтэн гэж битгий хар. Энэ хуулийн төслөө засна уу гэж уриалмаар байна” гэсэн юм.
Ш.Адъяамаа