Ц.Элбэгдорж: Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргаж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалган хуралд оролцсон гишүүдээс 49 гишүүн дэмжиж санал өгснөөр УИХ-аас тогтоол баталлаа.

Тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргасан юм. Тогтоолын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгов.

Уг асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Эрхэм гишүүдийн үдшийн амгаланг айлтгая. УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцөж, ойлголцож, асуудал шийддэг газар. Өнөөдөр энэ яригдаж байгаа асуудлаар УИХ дээр ярилцаж шийдвэр гаргах гэж байна. Эхэндээ энэ нь нэг, хоёр улстөрчийн мэдэгдлийн төдий байсан бол одоо цаашаа Монголын төрийн шийдвэр болох нь ээ.

Бид биенээ маажаад муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй. Өнгөрсөн оны долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн.

Энэ УИХ, Засгийн газар 1990 оноос хойш хамгийн хурдан бүрдсэнУИХ, Засгийн газар болсон. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа юм. Тэгээд энэ ярьж байгаа, гаргах гэж байгаа шийдвэр бол Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр харагдаж байна.

Би шаардаж байсан. УИХ нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Засгийн газрын Ерөнхий сайд, тэнд шийдвэр гаргасан бүх хүмүүс оролцоод, тэр ирсэн бичгийг бүх талаасаа суугаад нээлттэй ярилцъя. Шууд ард түмнийхээ нүдэн дээр, шууд дамжуулах хэрэгтэй гэсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй. Би энэ нээлттэй сонсголын талд байгаа.

Үнэхээр тал, талаасаа ярилцъя.Тал талаасаа ярилцаад, тайлбараа өгөөд,  асууж тодруулаад байхад бас тодорхой хэмжээний ойлголцолд олонхи нь хүрэх байх гэж бодож байсан. Нээлттэй сонсгол яваагүй.

Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт” үйлдвэрийнасуудлаар маш хурдан хэлэлцэж, шинэ дүрэм журмаа баталж, шинэ удирдлагаа томилж, 51 хувийнхаа эрхийг хэрэгжүүлэх ёстой байв. 51 хувь нь  51 шиг байх ёстой, 49 хувь нь 49 шиг л байх ёстой.

Хууль дүрэм зөрчсөн байдаг юм бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад шийдүүлэх хэрэгтэй  гэдэг байр суурь би баримталж байсан.

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн байдал ямар байгааг бас энд товчхон хэлэх нь зөв байх гэж бодож байна. 1978 онд нээлтээ хийж байсан. Тэр үед энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон санхүү, өр зээл, янз бүрийн маргаан, бараг 600 орчим сая ам.долларын асуудал байна. Эрдэнэт үйлдвэр 39 дэх жилдээ явж байгаа учраас тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт маш их шаардагдаж байгаа. Ойролцоогоор хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт  нэн шаардлагатай байгаа.Өмнөх хэмжээндээ ажиллахын тулд тэгж байгаа. Есөн жил илүү ажилласан. Одоо энэ үйлдвэрийн хаалт, хөгжлийн тухай ярих цаг болсон.Хаалт, хөгжлийн тухай хууль гэж УИХ-ын зарм гишүүн санаачилсан сураг сонсогдсон. Ийм л байгаа.

Ойрын 10-аад жил үнэхээр энэ үйлдэр өр зээлээ төлөөд цаашаа яаж явах вэ? “Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ гэдэг. Үнэхээр энэ тал нутгийн өвсөнд явсан тарган, чадалтай саалийн үнэ байсан цаг бий. Одоо бол эмчилгээ, тэжээлийн цэгт очсон. Одоо бол хөгширсөн. Одоо бол дэмжлэг хэрэгтэй. Одоо бол энэ үйлдвэрт тордолт хэрэгтэй.

Зургаан мянган хүн ажиллаж байгаа. Гэр бүлээр нь авч үзвэл цаана нь таван хүн байна гэвэл 30 гаруй мянган хүн “Эрдэнэт” үйлдвэртэй шууд холбоотой байдаг. Шууд холбоогүй дахиад 100 мянга гаруй хүний бараг 60 хувь нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой байдаг. Дэлхийн бараг бүх оронд тулгамддаг энэ асуудал удахгүй Монголд тулгамдах гэж байгаа.

Хамгийн том уурхайг авч явж байсан. Одоо тэр эрдэс баялаг нь дуусвал тэнд байгаа 100 мянган хүний хувь заяа яах вэ?

Ийм хүндрэлтэй асуудал” Эрдэнэт” үйлдвэр дээр тулгамдаж ирж байгаа юм. Би энд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа нөхдүүд, төр, 49 хувийг авсан гэж байгаа нөхдүүд энэ талаар шаардлага тавих ёстой гэдэг дээр байр суурь нэг байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг шилэн болгох ёстой. Харамсалтай нь Шилэн дансны хуулийг манай өнөөгийн эрх баригчид хөтлөхгүй байгаа юм. Хуулийг сонгож хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр энд нэг л их хариуцлага, шударга ёс ярьж байна. Та бүхэн гарч ирээд хуулийг сонгож хэрэгжүүлдэг болж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байгаа шүү дээ. Нийт албан тушаалтны 60 хувь нь өнөөдөр мөрдөхгүй байна.

Та бүхэн миний өргөн барьсан Сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хуулийг хэлэлцэхгүй байна. Үнэхээр хариуцлага, шударга ёс бий болгоё гэвэл хуулийг л бий болгох ёстой. Хуулийг сонгож хэрэгжүүлэх тухай асуудал байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг шилэн болгох хэрэгтэй.

Хаанаас, дотоодоос ямар бүтээгдэхүүн, ямар үнээр авч байгаа юм. Хүн бүхэн шууд интернэтээр ороод харчихдаг. Фейсбүүкээр ороод харчихдаг. Тийм боломжтой байх ёстой. Үүнийг бид шаардах ёстой.“Эрдэнэт” үйлдвэр дээр олон улсын стандартад нийцсэн засаглал байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр дээр жил бүхэн олон улсын стандартын дагуу аудит хийж байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь дээр байгаа нөхдүүдээс “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хөгжлийн асуудал дээр бодлого оруулж ир гэж шаардах ёстой.

Одоо Монголд 100 хувь хүрэд ирсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэрийнхээ зэсийг Монголдоо хайлуулна аа. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэрээ түшиглээд зэсээр юм хийдэг үйлдвэрүүдийг байгуул гэж шаардах ёстой. Нэмж ажлын байр бий болго. “Эрдэнэт” үйлдвэр дээр Эрдэнэтийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой. Энэ бодлогыг одоо бид ярьж байх ёстой.  Үүнийг 49, 51 хувь дэр байгаа нөхдөөс шаардах учиртай.Энэ шаардлага, энэ зүйлүүд өнөөдөр явахгүй байна.

Би өнөөдөр энд орж ирж байгаа нь үнэхээр Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ.

Өнөөдөр Монгол Улсын парламентаас гарах шийдвэрийг та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Та бүхэн энд маш гоё гоё үндэслэл ярьж байгаа. Уран цэцэн үг хэлж байгаа. Шударга ёс тогтоож байгаа тухайгаа ярьж байгаа. Ингэж  хүлээж авахгүй. Дэлхий нийт нэг л юм хэлнэ. Юу гэж хэлэх вэ гэвэл Монголын эрх баригчид энэ хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ. Саяхан 580 сая ам.долларын өрөө төлөх гээд монголчууд хандив өргөж эхэллээ. Үнэт зүйлээ өргөж эхэллээ. Адуу малаа өргөж эхэллээ гэдэг нэг ийм мэдээ дэлхий нийтээр маш хурдтай явлаа. 200 гаруй удаа давтагдлаа. Түүнийг харж байхад Монгол ингэтлээ дордсон байна гэж бичиж байна. Дандаа буруу талаас нь бичиж байна л даа.

Ийм шийдвэр өнөөдөр та нар гаргахад энэ тухай 2 сая дахин бичнэ. Монголын нэр рүү 2 сая дахин довтолно. Хайран төрийн шийдвэр болно. Та нарын хэлж, тайлбарлаж байгаагаар хэн ч хүлээж авахгүй. Хамгийн муу нэрээр бичнэ. Бүр Монголын коммунистууд гэж бичнэ. “Өмчөө нийгэмчилж эхэллээ. Ийм алхам хийлээ” гэж бичнэ. Эндээс хэн хохирох вэ гэхээр өнөөдөр тэтгэвэр нь хүрэхгүй байгаа, цалин нь хүрэхгүй байгаа, ажлаасаа халагдаж байгаа, байрныхаа түрээсийг төлөх гэж зовж байгаа тэр хүмүүс л хохирно. Хохирсоор ч ирсэн.

УИХ дээр улстөржөөд асуудал зогсох юм бол Монголд том асуудал шийдэгддэггүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Яах вэ, энд улс төрийн өнцөг бий.

УИХ-ын чуулган завсарлаад, бид сонгогчидтойгоо уулзах гээд очихоор, 49 хувийг асуухаар би өөдөөс нь юу гэж хэлэх вэ? “Хураагаад авсан, түүнийг чинь. Шударга ёс тогтоосон. Улсын болгосон” гэж хэлэх гэж, тэгж хэлье гэж олонхиороо та нар ярьж байгаад шийдэж байгаа. Тэгж хэлэхээр зарим улсууд очиход чинь алга ташиж магадгүй. Гэхдээ зарим нь эргэлзэнэ.

“Хүний нутагт явж байсан хүний эзэмшилд байсан агтаа аваад ирсэн байна. Та нар одоо булааж авч байгаа юм уу. Дээр үеийн нэгдэлжих хөдөлгөөн гэдэг шиг” гэж асууна. Хойтон жил очиход хүмүүсийн амьдрал дордоод ирнэ. Хойтон жил очиход Монгол руу энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд харах гэж байсан санхүүгийн байгууллага, эдийн засгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана. Аль нэг улсын Засгийн газар шийдвэр гаргахгүй байж болно. Монгол руу зүглэж яах юм бэ? Өөрийнхөө бизнесээс булааж авч байгаа улс  хүний бизнесийг хайрлах уу? Өөрийнхөө иргэний хөрөнгийг булааж авч байгаа улс  хүний иргэний хөрөнгийг хайрлах уу? Монгол Улсын иргэнийг Эрээний ченжээс дорд үзэж байгаа байхгүй юү.

Ийм байдлаар хандаж байгаа улс руу хөрөнгө орох уу? Ийм байдлаар 10, 20 жил явах эхлэл энд тавигдаж байгаа. Та бүхний хэлснээр хүлээж авахгүй. Ийм л өнгөөр явах байх. Ингэх юм бол Монголд бизнес хийх гэж байгаа, босгох гэж байгаа, худалдаа наймаа хийж байгаа, хөөрхий, тэр лангуугаа түрээсэлж байгаа, жижиг, дунд үйлдэр, ресторан, аж ахуйн нэгж  ажиллуулж байгаа бүх л хүн хохирно.

Над руу сошиал, хэвлэлээр хандаж байна. Зүрх нь өвдсөн, “Энэ одоо балрах нь ээ. Юу болох бол” гэсэн хүмүүс байна. Ийм шийдвэр, ийм байдал руу Монгол Улс орох гэж байна. Ийм зүйл рүү бид ормооргүй байна.

Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Гэхдээ тэр бодол Монголын төрийн шийдвэр болох ёсгүй.

Улс төрийн үйл явцад явж байгаа, бүгдээрээ дотор нь хутгалдсан хүмүүсийн хувьд би яг үнэн шалтгааныг нь хэлье. Энэ 65 гишүүн, ийм олуулаа сонгогдсон. Энд олны олон зовлон байгаа. Яг үнэндээ энэ бол Эрдэнэтийн 49 хувийн ч асуудал биш. Өнөөдөр Ерөнхий сайд руу хандаж 65 гишүүн зөндөө олон асуудал тавьсан байгаа. Зөндөө олон хүн ажилд оруулах тухай ярьсан байгаа. Ерөнхий сайд бол Алтан загасны эмгэн биш. Тэр бүхнийг хэрэгжүүлж чадаагүй. Энэ Засгийн газарт дургүй гишүүд энд маш олон байгаа. УИХ-ын дарга, намынхаа даргад хандаад дургүйцсэн гишүүд олон бий. 49-өөр дамжиж Засгийн газар руу орж байгаа юм.

Өнөөдөр энэ 4 заалттай тогтоол гарлаа. Засгийн газар хэрэгжүүлэх гэж оролдлоо. Хэрэгжүүлж чадсангүй. Тэгэхээр Засгийн газартайгаа хариуцлага тооцох гэж байгаа юм. Нууц биш шүү дээ. Би Хууль зүйн сайд болно, би Сангийн сайд болно гээд дотроо мөрөөдөөд, яриад явж байгаа улсууд бий шүү дээ. Ерөөсөө 49-өөр дамжиж Засгийн газрынхаа дон дээр суух алхам хийж байгаа. Ингэж л эрх баригчид балардаг.

Ингэж 65 суудалтай хүмүүс 15 суудалтай болдог. Ингэж засгийн эрх барьж байсан хүмүүс сөрөг хүчин болдог.

Энэ улс төрд олон жил явсны хувьд үүнийг харж байна. Ийм л шалтгаан байгаа. Түүнээс биш энд 49 дээр нэг их айхавтар шударга ёс тогтоох гэж шийдэж байгаа юм биш.

Дараагийн нэг юм хэлье. За уучлаарай. Энд ямар шийдэл байх вэ гэдэг асуудал. За яах вэ, олны олон хүнээ барихгүй шүү дээ.

Шийдлийн хувьд юу байж болох вэ? Шийдлийг бид олон талаас нь ярьж болно. Тэр 51 хувь, 49 хувь нь суугаад шийдэл ярьж болно.

Үнэхээр Эрдэнэтийн 49 хувь Монголд ороод ирсэн. Эргүүлээд ард түмэндээ, хүмүүст хувийг нь Хөрөнгийн биржээр өгөх, хяналт бий болгох алхмыг хйиж болно.  Би ийм хувилбар бодож байсан. 51-ээс 17 хувь ч гэдэг юм уу, 49-өөс нь 16 хувь, ингээд 16, 17 гэх юм бол 33 хувь. Ийм хэмжээнд Хөрөнгийн биржээр зарж болно. Хувийнх нь 33 хувьтай байж болно. Нөгөө тал нь 34-тэй байж болно. Иймэрхүү байдлаар ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хэвшлийн оролцоотой асуудлыг шийдэх боломж байж болно. Ийм зүйл ярьж болно. Энэ дээр Засгийн газар зуучлаад, хамтарч оролцоод орж ирж болно.

Энд бас нэг боломж байгаа юм. 49 хувь ОХУ-д байхад 51 хувийг ингэж Хөрөнгийн бирж рүү тодорхой хувийг гаргах боломжгүй байсан. Ямар учраас боломжгүй байсан бэ гэхээр болгоомжлол байсан. Хэрэв  51 хувиас тодорхой хувийг Хөрөнгийн биржээр зарах юм бол, 2 хувийг нь авахад нөгөө тал нь 49 хувь дээрээ, нэмээд 51 хувь болчихоор байсан юм. Тийм учраас 49, 51-ээс аль алинаас нь Хөрөнгийн биржээр дамжуулаад, ард иргэдийн оролцоог бий болгоод энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж болно. Аль аль нь хожсон, аль аль нь дэмжсэн, аль аль талдаа хяналттай иймэрхүү маягаар асуудал шийдэх бүрэн боломж байгаа.

Хэрэв ингэж шийдэх гэж байгаа бол энэ асуудлаар 49, 51 гэж байгаа хүмүүс суугаад аль аль талдаа шийдвэр гаргах талаар ярьж болно. Ярих боломж бий гэдэгт би итгэж байгаа. Хууль зөрчсөн тухай асуудал яригдаад байгаа. Засгийн газар хуль зөрчсөн бол Үндсэн хуулийн Цэц шийдэх ёстой. Иргэний хууль зөрчсөн бол иргэнийхээ шүүхээр шийдэх ёстой. Захиргааны хууль зөрчсөн бол захиргааны шүүх байгаа.  Эрүүгийн хууль зөрчигдсөн бол эрүүгийн шүүх нь байгаа.  Тэр хүрээндээ асуудал шйидэх ёстой.

УИХ хууль зөрчсөн эсэхийг шийддэг газар биш. Хэлдэг ч газар биш. Тэгэхээр өмнө нь УИХ дээр олон удаа иймэрхүү асуудал яригдаж байхад УИХ шүүх биш, УИХ хуулийн байгууллагыг орлож болохгүй гээд буцаадаг байсан.

Зүгээр л хоорондоо ярилцаад, бие биеийнхээ үгийг сонсоод цаашаа явъя. Яг үүний цаана байгаа үндсэн шалтгаан ойлгомжтой. Эхнээсээ атаархал байсан. Эхнээсээ улс төр  байсан. Эхнээсээ нэг төрлийн бизнес болж байгаа. Шахалт үзүүлж байгаа. Нэг төрлийн бизнес хийх гэсэн оролдлого байхгүй юү.

Үүний цаана Монголыг бодсон, шударга ёс бодсон үнэр ч байхгүй. Үүнийг хэлчихье. 20 жил тэнд бизнесээ шахаж байсан, 20 жил тэр шахааг хийж байсан тэр улсуудын хувьд өнөөдөр хэцүү байж магадгүй. Хамгийн гол нь өнөөдөр 49 хувь орсон учраас 51 хувь дээр өмнө нь байсан олон зүйл илэрнэ гэж сандарч байж магадгүй. Нөгөө нэг хэсэг нь 49 хувийг авчих юм бол дахиад шахааны бизнес гарч ирнэ гэж хорхойсч байж магадгүй. Ийм зүйл цаашдаа байхгүй. Монголд ийм зүйл байхгүй. Бид Эрдэнэт үйлдвэрийн шахаа, данс, тэр бүхнйиг шилэн болгож цаашаа явах ёстой. 49 дээр би нэг зүйл хэлье.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас авчирсан явдал бол үнэхээр монгол хүн өөрийнхөө өмчид эзэн суухын эхлэл. Өнөөдөр энд ажлын хэсгийн дүгнэлт ярьж байна. ОХУ-ын Засгийн газар эхнээсээ буруу алхам хийсэн ч гэх шиг. Энд Монголын ажлын хэсэг тэр улсын Засгийн газрыг дүгнэхгүй ээ. Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Гэрээнийхээ дагуу явдаг. Энэ 49 хувийг авчирна гэдэг бол монголчууд өөрийнхөө хөрөнгөд эзэн суух боломжийг л харуулж байгаа юм. Өнөөдөр энд суугаа зарим хүний толгойд орохгүй. Эрдэнэтийн 49 хувийг худалдаад аваад ирнэ гэдэг бодол орж чадахгүй.

1990 онд монголчууд төмөр замаа аваад яв гэхэд “Бид чадахгүй. Монгол авч явж чадахгүй” гээд үлдээгээд орхиж байсан. Одоо бид 50:50 хувийнхаа тухай яриад, төмөр зам дээрээ гэрээгээ өөрчлөх гээд сууж байна. Ийм л өөртөө итгэдэггүй байсан. Энэ 49 хувийг Монголын бизнесмэн авч ирнэ гэдэг бол харин Монголын бизнес хийдэг бүх хүмүүст ийм урам зориг өгсөн юм.

Маргааш нь гарч ирээд Рио Тинтогийн 66 хувийг аваад ирье гэсэн Монголын бизнес гарч ирж болно шүү дээ. Би тийм бизнесийг дэмжинэ. Тэр Петро Чайнагийн нефть дээр байгаа хувийг аваад ирье. Тэнд нефть боловсруулъя гээд явах бизнес гарна. Түүнийг бид дэмжих хэрэгтэй. Төмөр замын 50 хувийг аваад ирье гэсэн тийм бизнесмэн гарна. Энэ боломжийг харуулж өгч байгаа юм. Үүгээрээ энэ бол үнэхээр монголчуудын цөстэй, зангарагтай, монголчуудын үнэхээр сортоотой явсан үеийг санагдуулах зүйл. Би энэ талд нь дэмжиж байгаа юм.

Хүний газраас чи шороо атгаад ирсэн бол би дэмжинэ. Хүний газраас үйлдвэр чирээд ирсэн бол би дэмжинэ. Хүний газар байгаа хувийг аваад ирсэн бол би дэмжинэ.

Би монгол бизнесмэн,  монгол хүнийг хэзээд дэмжинэ. Ер нь өнөөдөр манай нийт эдийн засаг, баялгийн 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Хувийн хэвшил рүүгээ дайрна гэдэг бол Монголын сайн сайхан руу дайрч байна гэсэн үг. Монголын бие даасан байдал руу дайрч байна гэсэн үг.

Хэрэв иймэрхүү байдлаар цаашаа яваад байвал Монголд өнөөдөр наашаа харах түншгүй болж ч мэдэх юм. Бид энэ байдлыг бодож үзэх хэрэгтэй. Та бүхний энэ гаргах гэж байгаа шийдвэр бол олон улсад Монголыг ганцаардуулах шийдвэр болно. Монголын олсон, бид бүхний ололт гэж үзэж байгаа 27 жилийн ололтыг баллах шийдвэр болно. Монгол хүмүүс тэгээд энд түгжигдэж бизнесийн харилцаа, улс орноо өөд татах, хөгжүүлэх гэсэн алхам бүхнийг боосон шийдвэр болно.

Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагаүнэхээр Монголын энэ шийдвэрийг хүлээж авахгүй. Дэмжихгүй. Энэ шийдвэр эргээд Монголын сайн сайханд тавьсан хориг болно. Монголын сайн сайхныг хорьсон хорио болно. Ийм учраас та бүхэн минь ийм шийдвэр гаргахынхаа өмнө бодож үзээч. Монголоо бодох хэрэгтэй. Тал талаасаа ярилцах хэрэгтэй. Ярилцаад гаргах шийдэл, боломж байна. Энэ зүйлийг өнөөдөр хэлэх гэж орж ирсэн юм” гэлээ.

 

president.mn

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …