Ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж байсан АН-ын нөлөө бүхий этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, “Үнэгний ав” хийх ажлыг олонх болсон МАН-ынханд үүрэг болгосон билээ. Тэгвэл олны анхаарлыг татсан Чингис, Самурай бондын мөнгө, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт томоохон хэргүүд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Энэ хэргүүдтэй холбогдуулан элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс завшсан, төмөр замын төслөөс мөнгө “хумсалсан” гэх эрхмүүдийг яаралтай баривчилж, улсыг хохиролгүй болго гэх үгс олон нийтийн цахим сүлжээгээр хүчтэй тарж эхлээд байгаа юм. Тэд MAH, АН гэж алагчлалгүй цагаан, захтнуудын хэргийг илрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Тухайлбал, өнгөрсөн оноос АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн авлига, хээл хахууль, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргүүдийг олноор нь илрүүлэн шалгаж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Үнэндээ өнгөрсөн хугацаанд мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалаа гуйвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийн гаралт ихэссэн гэдгийг бид бүгд мэднэ. Одоогоор бидний мэдэж буй “Шинэ төмөр зам төсөл”-ийн эзэн холбогдогч нар нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч зарим нэр бүхий хүмүүс нь аль хэдийнэ гадаад улс руу дүрвэж, гадны иргэншилтэй болчихсон байх жишээтэй.
Харин дараагийн нэг хэрэг нь бондын мөнгө. Энэхүү бондын мөнгөтэй холбоотой хэрэг одоогоор хууль хяналтын байгууллагад өргөн хүрээгээр шалгагдаж, бондын мөнгийг захиран зарцуулсан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг улсад хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ гэдгийг цагдаагийнхан удахгүй тогтоохоор зэхэж буй билээ. Тэгвэл одоо хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа эдийн засгийн гэмт хэргүүд ямар шатандаа явж байгааг сонирхъё.
Н.МӨНХБАТ НАРЫН БОНДЫН ХЭРЭГ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг тус банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, сэжигтнээр тооцон өнөөдрийг хүртэл шалгаж байгаа билээ.
Тухайлбал, түүнийг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Сеюоритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.
Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен суутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан.
Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад нэр бүхий банкнаас буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банкинд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр олонтаа гарах болсон.
Түүнчлэн АТГ-аас тус банкны зарцуулалтыг шалгах явцад “но-той”, “ноцтой” баримтууд дэлгэгдэж, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт хамтарсан ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүн багтсан байдаг.
Ямартай ч мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээд байгаа билээ. Уг хэргийн шалгагдах хугацаа дуусаж, дүнг нь удахгүй нэгтгэж дараагийн хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.
Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРЭГТ ШИНЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнд Засгийн газрын ХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч шинээр хэрэг илэрсэн хэмээн хэргийг дахин шалгах болсон билээ.
Уг нь түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болохоор товлож байсан ч шинээр хэрэг илэрсэн гэх шалтгаанаар шүүх хурлын тов тодорхойгүй болоод буй юм. АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн бүтэн хоёр жил гурван сарын хугацаанд хангалттай нотлох баримт цуглуулсны хүчинд хэргийг Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлж, тус газраас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэхийг нь дэнслүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалт хийхээр болсон гэсэн үг.
Уг хэрэгт холбогдож сэжигтнээр татагдсан Г.Дэнзэн үүнийг зохиомол хэрэг гэж хэлж байгаа ч мөрдөгчид түүнтэй холбоотой маш ноцтой зүйлийг олж илрүүлсэн учраас түүнийг гарцаагүй буруутна гэж үзэж буй юм. Ямартай ч “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” хэмээн хэлж байсан Г.Дэнзэн өөрийгөө хэрхэн хамгаалах бол гэсэн хүлээлт ч олны дунд бий.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГИЙГ АВЛИГЫН ЯМАР ХЭРЭГТ СЭЖИГЛЭЖ БАЙГАА ВЭ
АТГ-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, байцаалт авсан.
Түүнийг ямар хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгахаар болсон нь одоогоор тодорхойгүй байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсаныг нийслэлийн хяналтын прокурор Бясман мэдээлсэн. Энэхүү хууль бус явагдсан гэх тендерт төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих арга хэмжээ авсан билээ. Тиймээс уг хэрэгт холбогдуулан экс Ерөнхий сайдыг сэжигтнээр тооцон шалгах болсон хэмээн албаны эх сурвалж мэдээлж байсан юм.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Н.Алтанхуягт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2, 270 дугаар зүйлийн 2 дахь зүйл ангиар хэрэг үүсгэн, сэжигтнээр татсан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах бөгөөд хоёр дахь заалт нь энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
270 дугаар зүйл хээл хахууль зуучлах. Энэ зүйлийн 2-т нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Харин өчигдрөөс эхэлж Н.Алтанхуягийг мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирдэггүй, хэвлэлийнхнийг дагуулж ирэн хүндрэл учруулдаг гэх мэт үндэслэлээр хорьж магадгүй гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлж байв.
Х.БАТТУЛГА НАРЫН ХЭРЭГ ХЭРХЭХ БОЛ…
Төслийн нэрээр гадна дотныхонтой нийлж “Шинэ төмөр зам төсөл”-өөс ихээхэн хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Х.Баттулга ба түүний нөхдийн хэрэг. Яг үнэндээ энэ хэрэг нийгэмд дээрхүүдээс илүү шуугиан тарьж, сүртэй гэмээр баривчилгаануудыг хийж байсан билээ.
Энэ хэргийн улмаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм. Тодруулбал, уг хэрэгт холбогдоод буй ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэмээн баривчилж “Самсунг Си Энд Ти” компанийн захирал солонгос эрийг хүртэл хэрэгт буруутгасан.
Гэвч энэ хэргийг шалгах шаардлагагүй болж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Учир нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгожээ. Тодруулбал гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж, өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат албан ёсоор зарлаж байв.
Энэхүү гэрээ нь хүчингүй болсон учраас дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахаар болсон юм. Тиймээс л энэ хэргийг хаагдах магадлалтай хэмээн олон хүн үзэж буй ч хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хэн гэгч албан тушаалтан улсад хэдийн хэрийн хэмжээний мөнгөн хохирол учруулсан гэдгийг баримтаар тогтооно хэмээн албаны хүн онцлон хэлж байсан юм.
Ямартай ч энэ мэтээр цааш тоочвол эдийн засгийн асар олон гэмт хэрэг болон албан тушаалын хэргүүд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэлгүй, хэрхсэн нь бүрхэг хэвээр байгаа юм. Уг нь хууль хяналтын байгууллагынхан нийгэмд дуулиан тарьсан шигээ эдгээр хэргүүдийг яаралтай эцэслэн тогтоовол амь тарианд ороод буй эдийн засгаа аврах боломж ч харагдана.
Мэдээж энэхүү эдийн засгийн гэмт хэрэг үүгээр дуусахгүй. Энэ мэтчилэн маш олон албан тушаалтнуудын гэмт хэрэг шалгагдаж буй учраас дараа дараагийнхаа дугаарт цувралаар хүргэх болно.