Хуулийн этгээдтэй холбоотой хахуулийн асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх тухай саналыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка дэвшүүлсэн байна.
Хуулийн этгээдтэй холбоотой авлигын гэмт үйлдэлд хүлээлгэх олон төрлийн хариуцлагын арга хэмжээний тухай хуульд заасан байдаг боловч энэ нь нийгэмд төдийлөн сайн нөлөөлж чаддаггүй учир Ерөнхий прокурорын дэвшүүлсэн энэ саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газар дэмжсэн гэж тус байгууллагын тамгын газрын дарга Валерий Волков “Риа Новости”-т мэдээлжээ.
Мөн тэрээр прокурорын байгууллга захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хахуулийн хэргээ сайн дураар илчилсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх асуудлыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байгаа талаар дурдсан байна.
ОХУ-ын Ерөнхий прокурорын дэвшүүлсэн саналыг тус улсын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин, Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нар өмнө нь дэмжиж байсан гэнэ.
Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын Засгийн газар авлигатай тэмцэх эрх зүйн шинэ санаачилга боловсруулахаар ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн ажилтан Дмитрий Песков мэдээлжээ.