БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт барилга нураалтын ажил дээр ажиллаж байсан хоёр Монгол залуу дарагдаж, эсэн мэнд аврагдсан тухай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт барилгын нурангид дарагдсан Монгол Улсын иргэн А, Б нар дээшээ таван давхар, доошоо гурван давхар нийт найман давхар бүхий барилгыг нураах ажил хийж байжээ. Осол гарах үеэр бага оврын эксковатор нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байжээ.
Гэвч нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй доош нурсаны улмаас Монгол залуусын дээр барилгын нуранги унаж, тэдний биеийн 50% нь нурангид дарагдсан байна. Тэднийг осол гарснаас хойш тус бүр 1 цаг 30 минут, 3 цаг 30 минутийн дараа аварч ойролцоох эмнэлэгт хүргэсэн ба эдүгээ тэдэнд холбогдох шинжилгээг хийж, эмчилж байгаа. Мөн осол гарах үед барилгын нураалт 60%-ийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхэлсэн байна. Дашрамд дурдахад Монгол залуусыг хэрхэн, ямар шугамаар тус барилгын ажилд оролцож байсныг мөн шалгахаар болжээ.