Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо… хэмээн тэртээ 1983 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын эзэн болж байж. Мөнхүү энэ шүлэгт,
Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний
Хугаршгүй ноён нурууг тулсан
Хувь заяагаа та бид
Хумхийн тоос болгох гэж үү?
Үгүй ээ!… гэсэн мөртүүд бий. Аугаа их найрагчийн бүтээлийг дурсах болсны учир нь өнөөдрийн харанхуй нийгэм, хариуцлагагүйн зудаас үүдэлтэй. Мөн чанартаа толгойтой бүхэн “хариуцлага” ярьдаг ч цаад утгаараа хэрэгжүүлж байгаа нь хэд вэ гэвэл сонин л тоо гарна. “Хариуцлага” ярихаас өмнө бид хэнээс хариуцлага нэхээд, хэнтэй хариуцлага тооцох гээд байна вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэзээ ч билээ нэг телевизээр хамба лам Д.Чойжамц гуай “Улстөрч телевизээр ярихаар уухайлж муулаад, уйлсан хүүхэн гарахаар уярч үзээд байх юм. Энэ нийгэм ч яачихсан юм бэ дээ” хэмээн ярьж байсан нь санаанд бууна. Нээрээ л улстөрч сэтэртэй нэгэн телевизээр гарвал зүүн чих нь хангинаад балардаг болов уу гэмээр сэтгэгдэл төрснийг нуух юун. Чухам тухайн телевизээр гараад муу хэлүүлж суугаа улстөрчийг хэн тэнд аваачсан бэ гэдгээ бид хэзээ ч боддоггүй. Энэ нь ард түмний, гурван сая иргэний хариуцлагагүй сонголт хийсний үр дүн. Дараа нь халаглаж, ардаас нь муулж байхаар өмнөөс нь харж байгаад сонголтоо хариуцлагатай хийчихвэл уг нь хэн хэнд нь амар. Үнэхээр улстөрчдөөс хариуцлага нэхээд байгаа бол бид өөрсдөө л хариуцлагатай сонголт хийх учиртай.
Өнгөн дээрээ бид улстөрчдөөс хариуцлага нэхдэг ч өөрсдөөсөө хариуцлага нэхэж, хүлээдэг билүү. Ядаж л төрүүлсэн үрээ төөрүүлдэггүй баймаар байна. Эцэг болсон бол, ээж болсон бол хариуцлагаа ухамсарлаж сурмаар байна. Нарийндаа бол хариуцлагаас зугтсандаа л төрүүлсэн үрээ төөрүүлж байгаа шүү дээ. Босгосон амьдралдаа эзэн байж чадахгүй болсон болоогүй явган хэрүүлээс болж хэдэн хүүхэд өнчирч байгаа бол өнөөдөр. Эс бөгөөс “Болзоотын бор толгойд болзсон ……” гэдэг шиг амьдралын амтыг биш амрагийн амтыг илүүд үзсэнээр хэдэн хүүхэд өнчирч байгаа вэ. Ингээд бодохоор хаана хаанаа л хариуцлагатай баймаар байна. Хувь хүн өөрөө бүтэн бие, бүлээн аминдаа эзэн байж хариуцлагатай байя.
Жижүүрийн албанаас төрийн жинхэнэ албан хаагч хүртэл, энгийн иргэнээс эх орны төрийн тэргүүн хүртэл “хариуцлагатан” болчихвол Монгол Улс ядах юмгүй хөгжинө, дэвшинэ, дээшилнэ. Цаашилбал, бид дэлхийг царайчлах бус дэлхий биднийг царайчилна. Ингэхийн тулд хаана хаанаа л хариуцлагатай байх ёстой. Хариуцлага алдсан хүнд хугацаа алдалгүй хариуцлага тооцдог байх ёстой. Ер нь Монгол Улсын гурван сая иргэн бүгд хариуцлагатан байх учиртай.
С.Буян