Т.Суреш Бабу: Йог нь бидний амьдралын хэвшилд эерэг сайн сайхан өөрчлөлт авч ирнэ

Зураг

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Олон улсын Йогийн өдрийн хүрээнд илгээсэн илгээлтдээ, “Өнөөдөр йог нь бидний оюун ухаан, бие махбод, сэтгэлгээг нэгтгэж байна. Сайн сайханд хүрэх зам нь йогоор дамжин хэрэгжинэ. Тиймээс йогийг олон нийтийн хөдөлгөөн болгож хувиргахыг хүсч байгаа бөгөөд даян дэлхийн энхтайван, эв зохицол, аз жаргалын төлөө эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” хэмээжээ.

Энэхүү илгээлтийг өнөөдөр Олон улсын Йогийн өдөр их жанжин Сүхбаатарын талбайд йогоор хичээллэгсэд болон сонирхогчдод дүрс бичлэгээр хүргэв.
Тус үйл ажиллагааг нээж Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Суреш Бабу хэлэхдээ, “2014 оны есдүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн зургадугаар сарын 21-нийг Олон улсын Йогийн өдөр хэмээн зарласан. Ингэснээр тус өдрийг анх удаа 2015 онд Монгол Улсад болон дэлхий даяар ёслон тэмдэглэсэн юм.

Йогоор тогтмол хичээллэснээр аливаа хүн хэдэн настайгаас үл хамаарч бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл хөгжлийг олж авдаг. Йог нь бидний амьдралын хэвшлийг эерэгээр өөрчилж, сайн сайхан байх түвшинг ихэсгэдэг юм.

Өдөрлөгт Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон бусад гишүүд хүрэлцэн ирж, йогчдод эрч хүч, урам зориг нэмлээ” хэмээн тодотгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Монгол Улсын хүн амын нутагшил суурьшлын тогтолцоо нэг төвтэй болсон. Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, стресс бухимдал, халдварт бус өвчний суурь болж байна. Йогийн дасгал нь амьсгал, зүрх судасны өвчлөл, ясны сийрэгжилтээс сэргийлэх, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг бууруулах, бодисын солилцоог сайжруулах, биеийн жинг тогтмолжуулах, оюун ухаан, сэтгэл санааг тайвшруулан залуужуулах, урт наслуулах зэрэг онцгой ач холбогдолтой гэдгийг шинжлэх ухаан баталсан. Хүний эрүүл байх нь өөрөөс нь хамаардаг болохыг тунгаан эргэцүүлж, насандаа тохирсон эрүүл мэндийн мэдлэг чадварыг олж, амьдралдаа хэрэгжүүлэх энэ үйлсэд йогчид та бүхний хувь нэмэр их юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Энэтхэг Улсын ЭСЯ болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье. Та бүхэн энэхүү буянт үйлсээ цаашид өргөжүүлж, ажил үйлс тань дардан байг” гэлээ.

Үүний дараа НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман НҮБ-аас гаргасан тогтоолын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж буй Элчин сайд Т.Суреш Бабуд баяр хүргэхийн зэрэгцээ үр бүтээлтэй, эрүүл амьдрахын тулд йогоор хичээллэх нь хамгийн дөт болоод үр дүнтэй арга зам юм хэмээн онцолсон юм.

Тус арга хэмжээнд Энэтхэг Улсаас йогийн багш нар хүрэлцэн ирсэн бөгөөд хамба Свами Сатиожата “Монголчууд йогоор олноор хичээллэдэг болсныг хараад талархаж байна.Йог бол биеийн дасгал хөдөлгөөн, сунгалт биш юм. Йог нь бие, амьсгал, сэтгэл, оюун ухаан, ой санамж, йога буюу биеийн үзэл, жинхэнэ оршихуй гэсэн хүний оршихуйн долоон түвшин юм. Та өөрийн амьдралын үнэ цэнийг үнэлбэл урлаг болно. Бид яагаад амьдралыг үнэлэхгүй байгаагийн учир шалтгаан нь стресс, ядрал юм. Тэгэхээр амьдралын үнэ цэнийг цаг мөч бүрт үнэлж байж жинхэнэ урлаг болно. Орчин үед хүмүүс цаг завгүй болсон. Өнөөдөр 5 ца

г йог бясалгал хий гэвэл хэн ч хийхгүй. Тэгэхээр амьдрах урлагийн багш нар хүн бүр хийхэд зориулсан маш энгийн, богино хугацааны бясалгал йогийг санал болгодог. Хүнд маш хэрэгтэй амьсгалын техникийг амьдрах урлагийн аз жаргалын хичээлээр заадаг. Үүнийг сурсны  дараа нь суралцагч гэртээ бие даан хийх боломжтой. Өдөр бүр дасгал, бясалгалыг хийх нь стресстэй, хурдацтай хөгжиж буй амьдралд маш чухал. Үүний л ачаар амьдрах урлаг дэлхийн 150 гаруй оронд дэлгэрсэн юм” гэв.

Өдөрлөгийн үеэр Монголд үйл ажиллагаа явуулдаг йогийн төвийн багш суралцагчид йогийн дасгал хөдөлгөөн хийж сонирхуулсан юм. Энэ үеэр хамгийн залуу йогч охины сэтгэгдлийг сонслоо.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулах уу?

-Намайг Э.Анужин гэдэг. Би Замын-Үүд сумын 3 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Олон улсын йогийн өдөрт зориулсан энэхүү үзүүлбэрт оролцохоор Зам-Үүдээс аав ээжтэйгээ ирсэн. Аав маань Амьдрах урлаг төвийн йогийн багш, ээж маань туслах хийдэг.

-Анх хэн йог зааж өгөв, хэзээнээс хичээллэж эхлэв. Чамайг йогоор хичээллэхэд найзууд чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би 7 настайдаа йогоор хичээллэж эхэлсэн. Анх аав маань йог заасан. Одоо 12 настай. Йогоор хичээллэхэд уур бухимдал арилж, сэтгэл санаа саруул болдог. Намайг йогоор хичээллэхэд манай найзууд “Ямар гоё юм бэ, сурмаар байна” гэцгээсэн. Манай ангийн ихэнх хүүхэд йогоор хичээллэж үзсэн. Одоо манай төвд 2-3 найз маань тогтмол хичээллэж байна.

-Хичээл сургуультай үед дасгалаа хэрхэн хийдэг вэ. Нэг хийхдээ хэдэн минут зарцуулдаг вэ?

-Би ихэнхдээ амралтын өдрөөр йог хийдэг. Нэг удаа 20-30 минут дасгалдаа зарцуулдаг.

-Тэгэхээр хүүхдэд зориулсан йог хийдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Насанд хүрэгчдийнхээс хүүхдийн йог нь өөр байдаг.

-Чамд амжилт хүсье.

Йогийн дасгал хөдөлгөөний үзүүлбэр үзүүлж буй иргэдийн дийлэнх нь охид эмэгтэйчүүд байв. Иймээс Завхан аймгаас ирж оролцож буй Т.Болдбаяр ахыг онцолж уулзсан юм.

Тэрбээр анх дөрвөн жилийн өмнө уламжлалт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа йогийн дасгал хөдөлгөөнийг заалган, улмаар тууштай хичээллэж байгаа аж. Тухайн үед 116 кг жинтэй, даралт ихэсдэг зовиуртай байсан бол одоо 89 кг болж жин нь буурсан төдийгүй даралт нь тогтворжжээ. Энэ хугацаанд түүний бие бялдарт энэ мэт олон өөрчлөлт гарсны зэрэгцээ стресс бухимдалгүй болсон байна. Түүний ярьснаар бол, сайн сайхан гэдэг хаа хол байдаг зүйл биш. Хүн бүрийн эргэн тойронд, дэргэд  нь байдаг. Тиймээс залуус, тэр дундаа эрчүүд эрүүл мэндийнхээ төлөө йогоор хичээллэн илүү эрч хүчтэй байдлыг олж аваасай хэмээн уриалсан юм.

Өдөрлөгийг “Йог-Эв нэгдэл, Энхтайван” уриан дор Энэтхэгийн ЭСЯ, Монголын Йогийн холбоо, Монголын Амьдрах урлагийн төв болон бусад йогийн төвүүдтэй хамтран зохион байгууллаа.

                                                    

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …