Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээр болжээ

Монгол улсын 30 дах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдож,  тамга тэмдэгээ хүлээн авч, төрийн гүйцэтгэх засаглал эзэнтэй боллоо. УИХ-ын  47 гишүүн 100 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаар томилсон бол өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан тэргүүтэй 29 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсонгүй, түүнийг дэмжсэнгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг тренд болж, сошл орчинд постер болон түгэж байна.

Шударга ёс, үнэн мөнөөр цангасан иргэд түүний үгийг ярьж байна. Гэхдээ бид одоо ерөнхий сайдаас амлалт биш ажлыг нэхэх нь зүйтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөгөөдөртөө багтаж Засгийн газрын гишүүд, сайдуудын саналаа  УИХ-ын чуулганаар оруулж ирэх байх. Гэвч өнөөдрийн УИХ-ын чуулганд оролцоогүй 29 гишүүн дунд сайдын суудал дээрээ хэвээр үлдэх гэсэн, эсвэл шинээр сайд болох гэсэн хүсэл эрмэлзлэлтэй гишүүд цөөнгүй байсан нь илт.  Товчхондоо тэд “60 тэрбумын багийнхан”. Урьд урьдын тогтсон жишиг, төрийн албан тушаалыг хуйвалдаан, тохироо, бүлэглэлийн сүлжээ, шантаажаар авч сурсан зан, тэр л жишгээрээ тэд  У.Хүрэлсүхээс сайдын сандал суудал нэхсэнч цаадах нь чуулган дээр хэлсэн “Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна” гэсэн үгээрээ хариу барьчихав бололтой.

Түүний хэлсэн энэ үг болон УИХ-ын чуулган дээр Д.Тэрбишдагва гишүүний асуусан “Засгийн газрын давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх үү, хасах уу?” гэсэн асуултанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулахдаа “Парламентаас бүрдүүлнэ” гэж хэлсэн үгнээс үзэхэд шинэ Ерөнхий сайд маань УИХ-ын танхимаас Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх нь тодорхой боллоо.

“Давхар дээл, дан дээл” гэх нэрээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт  ажлыг хавсран гүйцэтгэхийг хэлдэг болоод удаж байгаа.  Холбогдох хуульд энэ асуудлыг хориглосон, квот тогтоосон зүйл байхгүй.

Улс орны эдийн засаг хямралтай,  бондын өрийн төлөлт хаяа даран нэхэгдсэн энэ цаг үед Засгийн газрын гишүүнээр  УИХ-ын гишүүнийг сонгох нь  магадгүй нэг талаас засаг тогтвортой ажиллах, нөгөө талаас эдийн засгийн хямралыг хурдтай даван туулах нөхцөл гэж шинэ ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцсон бололтой.

Парламент болон Засгийн газрын уялдааг  УИХ-ын чуулган дээр хэлэлцэгдсэн төсөл хөтөлбөрүүд гүйцэтгэх засаглалын хэмжээнд хурдан  шуурхай хэрэгжих боломжтой гэж харж болох юм.

Өмнөх  Засгийн газрын жишээнээс харахад  дан дээлтэй Засгийн газрын сайд нарын хувьд  УИХ-тай харилцах харилцаа нь хүчтэй биш, үлбэгэр  шинжтэй байсан боловуу гэж ажиглагдсан. Тэгвэл  УИХ-ын гишүүдээс  шинэ Засгийн газрыг бүрдүүлснээр  парламентад  хүчтэй  нөлөөлдөг, эргээд парламентаасаа  дэмжлэг  авах боломжтой Засгийн газар байгуулагдах юм байна гэж дүгнэж болохоор.

Нийгэм, цаг үе, олон нийт  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  хүчтэй, хариуцлагатай, тогтвортой ажиллахыг хүсэж байгаа.  Түүнчлэн УИХ-д суудалтай МАН-ын  65-ын бүлэг 2020 оны сонгуульд амжилттай оролцохын тулд шинэ Ерөнхий сайдаа бүлгээрээ дэмжин Засгийн газраа тогтворжуулан хамтран ажиллаж, улс орны хөгжил, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлсэн жаахан ч гэсэн шийдлийг олж харах хэрэгтэй байгаа юм.

Ийм нөхцөл шалтгаануудын улмаас “Хүчтэй Ерөнхий сайд” байхаа илэрхийлсэн У.Хүрэлсүх  Засгийн газрын гишүүдээ  УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх ээр төлөвлөсөн болов уу.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …