Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ

– Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Анхны хуралдаанаараа ямар чухал асуудлуудыг шийдвэрлэв?

-Томилогдсон өдрийн шөнө л Ерөнхий сайд кабинетын гишүүдээ цуглуулж маргааш нь өргөтгөсөн хуралдаан хийж салбар бүрийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонсож хэлэлцэх үүрэг чиглэл өгсөн.Эрүүл мэндийн салбарын тухайд өвлийн улиралтай зэрэгцэн үүсдэг ханиад томууны дэгдэлт эхлэхээс өмнө бэлтгэл хангах,орон нутгийн эмнэлгийн байгууллагуудыг эм,эмнэлгийн хэрэгсэл,бензин шатахуунаар хангах,засварын ажлыг дуусгах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлага бий.Нөөц орон зай ашиглан 840 ор бэлтгэх ажил ид өрнөж байна.Энэ жилийн тухайд ханиад томуунаас сэргийлэх 220 мянган хүн тун вакцин хийгдэж буй нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болж байна.Дархлаа дэмжих амин дэмүүдийг бага насны хүүхдүүд,жирэмсэн,хөхүүл эхчүүдэд өгч байна.Үүнд одоогийн байдлаар 15 аймгийн 96 сумын хүүхдүүд хамрагдаад байна.Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан гол шийдвэрийн тухайд сахилга хариуцлагыг чангатгах,үүрэг даалгаврын биелэлтийг хянаж байх,хууль тогтоомжийг хатуу мөрдөх,ажлын уялдаа холбоог хангах,үр ашиггүй зардал гаргахгүй байх,ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах зэрэг чиглэл барьж ажиллахыг бүх шатны төрийн албаны удирдлага,албан тушаалтнуудад өгсөн.Өвөлжилтийн бэлтгэлийг салбар бүрээр хийж гүйцэтгэсэн тайланг ойрын үед нэхнэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн.

– Та Эрүүл мэндийн сайдаар томилогдлоо. Энэ салбарт тулгамдаж буй олон асуудал байна. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Ням гаригт яамны нийт ажилтнуудтайгаа уулзаж засгийн газрын өргөтгөсөн хуралдааны мэдээлэл,шийдвэрийг танилцуулж,нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах талаар санал солилцлоо.Энэ үеэр салбарт тулгамдаж буй болон хийхээр төлөвлөж буй ажлаа ч танилцууллаа.Орвонгоор нь эргүүлж орчлонд байхгүй цочмог санаа оноо дэвшүүлж давхиад байхгүй гэдгээ хамт олондоо хэллээ.Нэгэнт бүрдсэн хууль эрхзүйн хүрээнд эмнэлгүүдийн харьцангуй бие даасан байдлыг хангах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг хэлээд байна л даа.Төрийн мэдлийн эмнэлгүүдийг зах зээлийн тогтолцоонд оруулах анхны алхам гэж ойлгож байгаа.Ингэснээр олсон орлогоо захиран зарцуулах боломж бүрдэнэ.Энэ хуулийн төслийг эрүүл мэндийн салбарын халуун тогоонд нь ажиллаж буй эмч мэргэжилтнүүд,төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажлын хэсэгт нь орж батлуулсан.Эмнэлгүүд дотоод зохион байгуулалтаа сайн хийж чадвал эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ ойртуулах,эмч,эмнэлгийн ажилтнуудынхаа цалин мөнгийг нэмэгдүүлэх,хэн сайн ажилласан нь илүү орлоготой болох боломж буй юм билээ.Эрүүл мэндээс үүдэн иргэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарах болсон нь бодит үнэн.Эрүүл мэндийн даатгалын хуулиар өндөр өртөгтэй мэс засал,эмнэлгийн тусламж үйлчилгээг тодорхой хэмжээнд даатгалд хамруулж байгаа ч иргэдэд ирдэг санхүүгийн дарамт байсаар байна.Эрүүл мэндийн даатгалын санг энэ чиглэлд зориулалтаар нь ашиглах шаардлагатай.Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд л байдаг гэвч үр шимийг хүртэхгүй байгаа болохоор олон нийт бухимдаж байна.Тиймээс эрүүл даатгалын шимтгэлээс бүрэлдсэн хуримтлалыг иргэдэд нь зориулах хэрэгтэй.Энэ бол улс төрийн шийдэл болно.Тухайн томилогдсон сайд нарын хандлагаас хамаардаг энэ асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй.Парламентын түвшинд энэ чиглэлд нэгдсэн ойлголтонд үндсэндээ хүрсэн гэж ойлгож байгаа.Тиймээс үр дүн гарна байхаа.Үүний төлөө ч тууштай ажиллана.Монгол Улсын Ерөнхий сайд,сангийн сайд нар маань даатгалыг иргэдэд нь зориулах ёстой гэсэн байр суурьтай байдаг нь мөн итгэл төрүүлж буйг хэлэх хэрэгтэй.Ганц гишүүн гүйгэд хийчихдэг ажил биш учраас улс төрийн дэмжлэг хэрэгтэй.Энэ дэмжлэг байгаа гэдэгт итгэж байгаа.Дараагийн ажил бол эрүүл мэндийн боловсрол.Энэ чиглэлээр шат дараатай,тогтвортой мэдээлэл,мэдлэг боловсрол олгох нь хүн ардаа эрүүл саруул байлгах,насыг нь нэгээр ч болов нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.Тиймээс энэ ажлыг шинэ шатанд гаргана.За урьдчилан сэргийлэх ажил чухал гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн болгон мэдэх учраас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон энэ заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг давхар дээлтэй, дээлгүй, мэргэжлийн, мэргэжлийн бус гэх мэтээр янз бүрээр тодотгоод байна. Мэргэжлийн бус сайд гэдэгт таны нэрийг оруулаад байх шиг байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашаад явах нь давхар хариуцлага гэж тодорхойлсон Ерөнхий сайдын үг таны асуултанд хариулт болно гэж бодож байна.Сайдууд томилогдох үеэр баахан бярын тухай яригдсан даа. Бүх салбарын бодлого парламентад тодорхойлогддог.Тиймээс тухайн салбарын бодлогыг оновчтой гаргах, хэрэгжүүлэх,улмаар хамгаалах,шаардлагатай бол улс төрийн шийдэлд хүрэх тэрхүү боломж нь иргэдийн итгэлийг авч сонгогдсон төрийн түшээдэд түлхүү байдаг нь гишүүн –сайдын давуу тал гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн үзсэн гэж ойлгож байгаа. Мэргэжлийн бус гэдэг шүүмжлэл явсан явсан.Тиймээ би мэргэжлийн бус.Гэхдээ чагнуур бариад хүн үзэхгүй,тариур бариад тариа хийхгүй.Засгийн газрын түвшинд эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлж л ажиллана.Эмч,эмнэлгийн ажилтнуудаа эмнэлгийн дарга нар,ерөнхий эмч нар нь удирдаад явна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллахаас илүү ариун гэгээн үйлс гэж хаана байхав.Эрүүл мэндийн салбарт эхийн сэтгэлээр хандаж эмчийн сэтгэлээр зүтгэнээ.

Таны хувьд эрүүл мэндийн салбар руу чиглэсэн хуулиуд дээр нэлээд хүчин чармайлт гаргаж бодитой ажил хэрэг болгосон. Эмч нарыг найман жил хорьж, 80 сая төгрөгөөр торгох хатуу заалтыг өөрчлүүлсэн шүү дээ?

-Хувь заяаны шоглоом гэх үү, тохиол гэх үү аль нь оновчтой байх нь уу парламентын гишүүн болсноосоо хойш таван жил тасралтгүй Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллахдаа эрүүл мэндийн асуудлаар дагнасан байх юм.Түүний дотор таны жишээ татаж буй Эрүүгийн хуульд орсон эмч нарт мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага тооцох тухай заалт байсан.

48 мянган эмч, ажилтантай энэ том салбарыг доргиосон асуудал үүсээд байсан юм.УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьсан маань ажил хэрэг болсонд баяртай байдаг.

Ер нь эрүүл мэндийн салбарын хууль,эрхзүйн орчныг боловсронгуй болгосон хуулийн төслүүд дээр ажилласаар иржээ.Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын ажлын хэсэг ахалж УИХ-аар батлуулж,Эм,эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийн ажлын хэсгийг мөн ахалсан.Одоо Донорын тухай хуулийн ажлын хэсэгт мөн ажиллаж байна.Салбарын сайдын хувьд цаашид ч эрүүл мэндийн салбарын олон хууль,тогтоомжийн ажилд гар бие оролцох болж байна даа.

– Аль ч Засгийн газрын үед хамгийн их хэл ам дагуулдаг нь эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн яам байдаг. Энэ салбарыг эмэгтэй хүнд даатгаж байгаа нь бас учиртай болов уу гэж ойлгож байна. Мөн олон талын мэдлэг, мэдрэмжтэй сэтгүүлч хүнийг ийм ажилд тавьсан нь итгэл хүлээлгэсний илрэл болов уу?

-Ерөнхий сайд маань эрүүл мэндийн салбарын бодлого,менежментийг хариуцаад явж чадна гэж итгэсэн учраас хамтарч ажиллах санал тавьсан гэж ойлгож,тэр мөчөөс нойр ч хүрэхгүй болсон шүү.Итгэнэ гэдэг бол их хариуцлага хүлээлгэж буй хэрэг юм билээ.Тиймээс толгой өөд татахгүй ажиллах хэрэгтэй болж байна.Нэг зүйлийн төлөө хичээж,сэтгэл гарган ажиллаад байхад үр дүн гардгийг ажил амьдралын туршлагаараа мэдэх юм.Тиймээс өөртөө итгэлтэй байгаа.Бас хамтран зүтгэгчдийн маань дэмжлэг надад урам зориг өгч байгааг хэлэх учиртай.Сайдын зөвлөлийг мэргэжлийн шилдгүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна гэж төлөвлөж байна.Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байхдаа ч тэр,УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ч эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажилласан маань хожмын өдөр хэрэг болж байна.Ер нь очоогүй эмнэлэг,эрүүл мэндийн байгууллага цөөн санагдаж байна.Тиймээс танилцах аялал яаран хийхгүй харин мэргэжлийн хүмүүстээ түшиглэн тулгамдсан асуудал,дээр дурдсан төлөвлөсөн таван гол чиглэлээ барьж ажиллана гэж бодож байна. Таныг асуусан болохоор хариулъя.Ер нь манай сэтгүүлчдийн хэн нь ч гэсэн аль ч салбарт хөрвөж ажиллах чадвартай байдаг.Энэ нь бүх салбарт хүрч ажилладаг мэргэжлийн онцлогтой холбоотой юм даа.Хүйсийн тухайд гэвэл дэлхий нийт батлан хамгаалах салбарыг ч эмэгтэй хүнээр удирдуулдаг болж.Энэ нь эмэгтэй хүний гүйлгээ ухаан,уян хатан чанар,сэтгэл нь бүх салбарт хэрэгтэй болсны илрэл буйзаа.Эрүүл мэндийн салбарын нэр хүнд түмний дунд тиймхэн байгаад байдаг нь зөвхөн энэ салбартай холбоотой гэж үзвэл хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болно.Олон хүчин зүйл нөлөөлж буй.Тэр дундаа нийгмийн амьдралын доройтол ч нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.Уур бухимдлаа эмч,эмнэлгийн ажилтнуудад гаргаж байна шүү дээ.Эм тариа,эмчилгээ үйлчилгээний төлбөр өндөр байгаа нь эмч нарын буруу биш.Энэ бол төрийн зохицуулалтын ажил.Тиймээс дээр дурдсан ажлуудыг эн түрүүнд хийх шаардлагатай.Ням гаригт яамны баг,хамт олонтойгоо уулзах үеэрээ бодлого,төлөвлөгөөгөө танилцуулахад таатай хүлээж авсан нь тулгамдсан асуудлыг зөв тодорхойлсон гэж үзсэн үнэлгээ байлаа гэж ойлгож байна.Гэхдээ хэлэлцэж ярилцах,засч сайжруулах зүйл явцын дунд гарч л таарна.

– Хамгийн их авлига, хүнд сурталтай салбарын тоонд эрүүл мэндийн салбар орсоор ирсэн. Та энэ байдалтай хэрхэн тэмцэх вэ? -Эмч нар, эмнэлгийн ажилчдын цалин, нийгмийн байдлыг сайжруулах тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Ер нь эрүүл мэндийн гэлтгүй аль ч салбарт хүнд суртал ноёлсоор байна.Ням гаригт бодлогын яамны баг,бүрэлдэхүүнтэй уулзах үеэр хөндөгдсөн нэг асуудал хүнд суртал,авилгатай холбоотой байлаа.Эмч,эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх нь аливаа сөрөг үзэгдлийг таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож байна.Олон хүн үзсэн ч,цөөн хүн үзсэн ч ялгаагүй,ажлын үр дүнгээр цалин урамшуулал тооцохгүй байх нь эмч,эмнэлгийн ажилтнуудын урмыг мохоож байгаа шүү. Манайхан гадаад явж эмнэлгийн үйлчилгээ их авдаг болсон.Тэнд эмчийн нинжин сэтгэлийн тухай ойлголт байхгүй бүх зүйлийг зоосноор нүхээр хардаг,үйлдэл болгон үнэлгээтэй байдгийг бид мэддэг. Харин ч манай эрүүл мэндийн салбарынхан өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл гарган зүтгэдэг.Тиймээс ажлын ачаалал их ч амьдралд нь хүрэхгүй байгаа цалин мөнгөө нэмэгдүүлэх,ажил хөдөлмөрийг нь бодитой үнэлэхийг шаардаж буй нь зүй ёсны хэрэг.Зөвхөн цалин нэмэгдүүлэх ч бус нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх,мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд ч анхаарах ёстой.Эмнэлгүүдийн төсөв хичнээн нэмэгдсэн ч чанарын өөрчлөлт гарахгүй байгаа нь төсвийн уян хатан байдал хангалтгүй,хуулиар хайрцагласан байдал иргэнд болон эмч,ажилтнуудад ээлтэй тийм зохион байгуулалт,менежмент хийх боломжийг хязгаарлаж байна гэж үзэж буй салбарын эрдэмтэн,мэргэдийн саналыг дэмждэг. Энэ чиглэлд өөрчлөлт хийх,нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх,эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зориулалтын дагуу зарцуулан иргэнд эдийн засгийн дарамтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг замаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж эмч,багш нарын цалингийн асуудлаар гурван талт хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан,асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж буйг тэмдэглэн хэлье. Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:ЭМЯ

Өдрийн сонин 2017.10.24

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …