Х.Баттулга:Монгол Улс дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 5 сар болох гэж байна. Энэ хугацаанд салбар салбарын төлөөлөлтэй уулзалтууд хийж байгаа юм.

Энэ удаа эрдэмтэн та нарынхаа дуу хоолойг сонсож, цаашид хийх ажлаа ярилцъя гэсэн юм. Академич С.Нарангэрэл сая хэллээ. Монгол Улс хүчтэй, зохион байгуулалттай байх үедээ дандаа эрдэмтдийнхээ үгийг сонсож байсан гэлээ.

Өнөөдөр улс орны байдлын талаар босоод ярьцгаахад сайн сайхан зүйл ярихгүй байх. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Гэтэл бид гурван саяулахнаа. Газрын болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Энэ мөнгө хаашаа орж байна вэ? Үүн дээр ямар судалгаа байдаг вэ? Байхгүй.

Боловсролын салбарынхантай уулзлаа. Боловсролын салбар хаашаа яваад байна вэ? Хэний боловсрол юм бэ? Монгол хүний онцлогийг боловсролын салбарт тусгах уу, үгүй юү? Мэдэх хүн байдаггүй.

Батлан хамгаалах салбар хаана явна вэ? Батлан хамгаалах салбарын бодлого ямар байх вэ? Яагаад цэргийн албыг нэг жил болгосон бэ? Яагаад оюутан цэрэгтэй болгосон бэ? Бас л байхгүй.

УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог. Энэ мөнгө хаанаас орж ирж байгаа вэ? Энэ мөнгө уул уурхайгаас ордог, Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсын газрын дорх баялаг болон бусад зүйл ард түмний өмч байна” гэсэн заалт өнөөдөр лиценз нэрээр хэдхэн гэр бүлийн өмч болсон.

Энэ мөнгө эргээд улс төр рүү орж ирээд УИХ, Засгийн газрыг бужигнуулдаг болсон. Намууд дотор тэд өөрсдийн хүмүүсээ суулгаад бодлого хэрэгжүүлдэг болсон. Би яагаад ингэж зоригтой яриад байна вэ гэвэл өнөөдөр УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн үр дүнд өнөөгийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд хэнд ашигтай очиж байна вэ, хэнд ашиггүй байна вэ гэдгийг өнөөдөр бид хэлэлцэж ярих ёстой юм. Үүн дээр эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсоё гэсэн юм. Өнөөдөр хуучирсан арга барилаар яримааргүй байгаа юм. Зоригтой гарч ирээд, зоригтой үг хэлдэг болооч гэж эрдэмтдээсээ хүсмээр байна. Эрдэмтэн, мэргэдээ сонсдог болохын тулд та бүхний нэгдэл хэрэгтэй байгаа юм.

Нийт 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан байна. Үүний зарлага 2017 онд яаж гарсан бэ? Ямар үр дүн гарсан бэ гэсэн дүгнэлт хиймээр байгаа юм. 2018 онд ямар төсөв хийж, юунд зарцуулах гэж байгаа вэ?

Анагаах ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухаан, техникийн ухаан, хөдөө аж ахуйн салбар гээд 5-6 том салбар байна. Энэ дотроос хамгийн их хоцрогдсон салбар бол хүн судлалын ухаан байхгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан байхгүй болсон. Энэ салбарын эрдэмтдийн дуу хоолойг би л лав сонсолгүй удлаа. Яагаад энэ салбарууд алга болов гэдэг дээр дүгнэлт яримаар байна. 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан гэдэг бол эрдэмтдийнхээ тоотой харьцуулахад бага биш мөнгө. Харин хаашаа энэ мөнгө гараад явав? Ингээд 2018 онд бүгдээрээ зохион байгуулалтад оръё.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр эрдэмтдийнхээ оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар ярих гэж байна. Энэ нэрийн дор өнөөдөр та бүхэн нэг шийдэл гаргаасай. Өнөөдөр надад зарлигийн төсөл гардуулна гэлээ. Зарлиг гаргахад яаж хэрэгжүүлэх вэ? Дайн байлдаан, энх цаг, бүтээн байгуулалт, энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгждэг.

Өнөөдөр бид энэ их газрын дорх баялаг, газар дээрх баялагтай мөртлөө яагаад бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм бэ? Өнөөдөр бид 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхний япончуудын судалгаа, ноу хау, менежмэнтэд суурилсан “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л экспортлож байна. Бас 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр эрдэмтэд, мэргэд, геологичдын судалсан “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг л бид өнөөдөр экспортлож байна. Энэ бүгд дээр эрдэмтэн, мэргэд эхлээд судалгаагаа гаргасан. Одоо ийм зүйл байхгүй.

ХАА-н салбар гэж энэ том салбар өнөөдөр эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсмоор байна. Бид яагаад дэлхийн ноолуурын 30 хувийг бэлтгэдэг мөртлөө бүтээгдэхүүн хийж чаддаггүй юм. Японд ноолууран бүтээгдэхүүн татваргүй оруулах эрхийг хийгээд өгсөн. Яагаад хөгждөггүй юм. Судалгаа хэрэгтэй. Та нарын үг хэрэгтэй. Монголчууд зөвхөн түүхий эдийн бааз болох бодлого 1989, 1990-ээд оны эхээр хөршийн бодлогуудад нөлөөлөөд явчихсан. Үүнийг эрдэмтэд яримаар байна.

Худалдааны хоригийн бодлого цаасан дээр бичигдээгүй ч далд утгаараа өнөөдөр бид худалдааны хоригтой сууж байгаа. Монголоос гардаг бүтээгдэхүүн хоёр хөршид борлогдохдоо 20-45 хувийн татвар төлж гарч байна. Иймэрхүү зүйлээ яримаар байна.

Академич С.Нарангэрэл эрдэмтэд тендэрийн квотод орох тухай ярилаа. Квотод орохын тулд эрдэмтэд тодорч гарч ирэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд зарцуулах 32,8 тэрбум төгрөг бол бага биш мөнгө байна. Тэр мөнгөний зардал, юу хийж бүтээснээ тайлагнамаар байгаа юм.

Өнөөдөр спорт, урлагийнхан тодорхой хэмжээгээр дэмжигдэж байна. Дэлхийд гараад од болж эхэлж байна. Энэ дээр монгол хүний генийг судлах ёстой. Гурван сая монголчууд гадагшаа явахаараа оюуны спортоос яагаад олон медаль авч байна вэ? Спортын төрөлд яагаад өндөр амжилт гаргаж байна гэдгийг судалж тайлбарладаг баймаар байна.

Төмөр замын бодлогыг 2010 онд нэлээд судалгаанд үндэслэж гаргасан. Асуудалтай тулгарсан. 1960-аад онд ЗХУ-ын дарга Н.С.Хрущев “Монгол Улс биднийг дагаж олон жил явлаа. Энэ улсыг бид яаж хөгжүүлэх вэ. Төмөр замаас 500 км-ийн цаана Тавантолгой гэж маш сайн коксжих нүүрсний орд байдаг юм байна. Түүнийг дэлхийн зах зээлийн эргэлтэд оруулъя” гэж ярьж байсан баримт байдаг. Судалж байсан эрдэмтдийн судалгаа байна. Манай эрдэмтэд үүнийг яагаад судалдаггүй юм бэ?

Уул уурхайгаар дагнасан эрдэмтэн мэргэд байдаг байлгүй дээ. Яагаад бид өнөөдөр нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат болчихоод, үүнийгээ эдийн засаг гэж нэрлэдэг юм бэ? Эдийн засаг судалдаг эрдэмтэн мэргэд, гавьяатууд байдаг биз дээ. Дуу хоолойгоо гаргаач гэж л хэлэх гээд байгаа юм.

Хүннүгийн үед бидний дээдэс өөрсдөө зэвсэг, зэв хийдэг байсан. Төмрөөр тогоо, шанагаа хийдэг байсан. Одоо манайхаас төмрийн хүдэр, коксжсон нүүрс гадагш гараад явж байна. Үүнийг нийлүүлээд төмөр, ган хийж яагаад болдоггүй юм бэ? 2200 жилийн өмнө төрт ёсоо байгуулж байсан улс гээд түүхэндээ бичээд, гайхуулаад явдаг улс шүү дээ. Малтлага хийхэд төмрөөр хийж байсан зүйлс гарч ирээд байдаг. Одоо яагаад хийж болдоггүй юм бэ гэдэг дээр эрдэмтэн мэргэд яагаад дуугарч болдоггүй юм бэ? Ийм зүйлийг ярих гэсэн юм.

Анагаах ухааны салбар гэж мартагдсан салбар байна. Өнөөдөр хорт хавдар, ходоод, элэгний хавдраар энэ цөөхөн хүнтэй байж дэлхийд тэргүүлж байна. Авлигаараа дэлхийд тэргүүлж явна. Бүх зүйл дээр эрдэмтэн мэргэдийн үг дутагдаж байна.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай, орлогч Г.Чулуунбаатар гуай зохион байгуулалтаа өөрчлөөч ээ. Анагаах ухаан, хүн судлал, ХАА, техникийн салбараа тусгаарлаад, багууд болгоод, багууд дотор нь уралдаан зарлаач. Спортынхон бол “Бөртэ чоно” гэж тайлангаа хийдэг. Загварынхан “Гоёл” гэж хийдэг. Эрдэмтэд жилийн тайлангаа хийгээд, салбар бүрээс тэргүүлсэн эрдэмтдээ урамшуулах шагнал яагаад гаргаж болдоггүй юм бэ? Хүн бол өдөөгдөж байж хөдөлдөг. ХАА-н салбарын технологийг шинэчлэх дээр хэн юу хийсэн бэ? Хонины ноос, ноолуур хоёрын дундаас ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?

Яагаад өнөөдөр заавал монгол хонины ноосыг австрали хонины ноостой хольж байж даавуу хийгээд байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр санаачилгатай хандахгүй бол судалгаагаа яаж амьдралд хэрэгжүүлэх вэ?

Шинэ санаачилга гаргалаа гэхэд лаборатори байхгүй. Патентаа олон улсад зарлах юм уу? Дотооддоо хэрэгжүүлэх юм уу? Техникийн салбар дээр олон зүйл ярьж болно. Манайхаас бусад оронд атаархмаар шинэ нээлтүүд гараад байх юм. Энэ дээр бид яагаад юм хийж болдоггүй юм бэ?

Зохион байгуулалтад ороод, удирдлагуудтайгаа ярьж байгаад салбар салбараа аваад явах өөрсдийн хүмүүсийг сонгооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг дэмжих гээд цуглуулж байгаа юм. УИХ-ыг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч зүйл миний зүгээс оруулахад улс төрийн шалтгаанаар унагах магадлал бараг 99 хувь. Үүн дээр эрдэмтэдтэйгээ хамтарч байж Монгол Улсын өнөөгийн байдлыг өөрчлөх алхам хийхгүй юм бол энэ улс өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо. Ядуурал гэдэг бол Монгол Улс ядуурдаггүй, Монгол Улсын иргэд нь ядуурдаг. Та нар дотор өргүй хүн бараг байхгүй байх. Бид ингээд арчаагүй байгаад байвал байгаад л байна.

Яагаад 1992 онд баталсан Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсын газрын дорх баялаг ард түмний өмч байна” гэж заачихаад түүнийхээ эзэн нь болохын төлөө тэмцдэггүй юм бэ? Яагаад лиценз нэрээр А4-ийн цаасаар гадна дотнынхон аваад, түүнийг өөрсдийнхөө баялаг болгоод, өөрсдөдөө зориулсан хууль батлуулаад байдаг юм бэ? Үүн дээр дуугараач ээ.

МҮОНРТВ гэж байдаг. Хувьчлагдаагүй салбар. Тэнд яагаад 7 хоногт нэг удаа, нэг цагийн “Эрдэмтдийн цаг” байж болдоггүй юм бэ? Яагаад эрдэмтэд МҮОНРТВ-ээр хэлэлцүүлэг хийж болдоггүй юм бэ?

Ийм зүйлийг яриад зоригтой дуугараад өгвөл би дэмжихэд бэлэн байна. Сэдэв бүр дээр би үг дуугараад байх болов уу гэж бодож байна. Миний санаа бол салбар салбараар багцлаад, жил бүр уралдаан зарлаад, эрдэмтдээ иргэддээ сонсгоод, зохион байгуулалтаа сайжруулахгүй бол ийм байдлаар явахгүй нь гэдэг нь тодорхой боллоо.

Миний хэлсэн зүйл бол салбар салбараараа зохион байгуулалтаа сайжруулъя. МҮОНРТВ-ээр эрдэмтэд дуу хоолойгоо ард түмэнд хүргэе. Тодорхой шагналын сантай, тэр сан нь Ерөнхийлөгчийн ивээл дор байдаг ч юм уу. Бид дуугарахгүй бол бидний цаана дуугардаг хүмүүс ялалт байгуулаад яваад байна.

Өнөөдөр Монгол Улс нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай болсонд бидний буруу их байгаа шүү. Баярлалаа, та бүхэнд. Амжилт хүсье” гэлээ.

Эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа

Үүний дараа эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм. Үүнд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх талаар цогц арга хэмжээ авах тухай эрдэмтдийн саналыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д. Рэгдэл “Улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б. Энхбайгаль ““Судалгаанд суурилсан төрийн бодлого: шинжлэх ухаан, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор, академич С.Нарангэрэл “Эрдэмтэн мэргэдээс суралцах монгол ухаан” Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректор, МИДСК Их дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга “Их сургуулийн судалгааны орчинд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны чиглэл” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.

Мөн хүнсний аюулгүй байдал болон нийслэлийн утааг бууруулах талаар илтгэл сонслоо.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор ажил хийлгэе

Утааг бууруулах тухай илтгэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Утааны асуудлыг одоо бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1,5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй. Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж өнөөдөр утаа гарч байна.

Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм. Хөдөөнөөс олон хүн орж ирсэн. Ажилгүй, ядуу хүмүүс гэрт амьдарч байгаа. 2010 онд би ЗТБХБ-ын сайд байхдаа утаанаас салах талаар Турк, БНСУ, Англи, Япон гээд олон улсын туршлага судалсан. Бусад орнууд утаанаас яаж салсан бэ гэхээр ажилгүйдэл, ядуурлыг хамт алга болгосон. Яасан бэ гэхээр өөрсдөөр нь орон сууц бариулсан. Тэр орон сууцанд нь оруулаад өртгийг нь цалингаас нь моргейж маягаар суутгаад явсан. Үүнийг ярихаар эргээд бизнес рүү ордог. Бид 80-100 сая ам.доллартай тэнцэх утаагүй зуух гэдгийг Турк Улсаас оруулж ирж шахсан. Гал түлж л байгаа бол тэндээс утаа гарна. Энэ шийдлийг хөгжсөн орнууд бүгдээрээ үзээд туулаад гараад ирсэн.

Дэлхийн II дайны дараа 1946 онд Лондонд 4 хоног бүх хөдөлгөөн зогсож, машин явж чадахаа больсон. Угаартаж хэдэн мянган хүн нас барсан. Ингээд Конгрессоос газ хэрэглэдэг болъё гэсэн шийдвэр шууд гаргаад нүүрсний бизнесийг зогсоосон. Одоо бид түүн рүү явахгүй бол өнөөдөртөө гэж хойшлуулсаар 7 жил боллоо.

Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянгаас нэг сая 300 мянган хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гараад газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.

Ийм шийдлүүд гаргасан боловч харамсалтай нь Монголын зовлонгоор баяждаг хэсэг бүлэг хүмүүс үүн дээр тоглоод, зуух шахаад гараад явсан. Тендэрүүдийг дандаа тэд авдаг байсан. Энэ шийдлүүдийг та нар сонсох юм бол утаатай холбоотойгоор би өөрийнхөө тавьж байсан, тухайн үед Засгийн газраар оруулж байсан шийдлүүдээ хэлмээр байна.

Ажилгүйдэл, ядууралтай холбоотойгоор утаа гардаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор бүтээн байгуулалтын ажил хийлгэе. 18-25 нас, 25-35 нас, 35-45 нас, 45-60 насны ангиллаар хүмүүсээр өөрсдөөр нь ажил хийлгэе. Орлоготой болоод ирмэгц орон сууцны компанид ажилд ороод түүгээрээ зээлээ төлөөд явъя. Компанийн эзэндээ хашаа, байшингаа бас тодорхой үнээр зарж болно. Компанийн эзэн тэнд дахиад орон сууц барина. Ийм шийдлүүд гаргасан юм. Харамсалтай нь шөнийн тариф, халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Үүн дээр бид саналаа нэгтгэх ёстой. Утааг бууруулах тал дээр хамтарч ажиллая. Над дээр хэдэн эрдэмтэд ирээд миний хийсэн дээр өөр өөрсдийн судалгааг гаргаад, 2018 онд утааг шийдсэн гэдгээр яагаад шагнал авч болдоггүй юм бэ? Ингээд сэдэв бүр дээр би хэлэхэд бэлэн байгаа шүү” гэв.

Эрдэмтэд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэллээ.

president.mn

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …