Шинэ оны анхны “Хоймор” булангийнхаа зочноор олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалайг урьж ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимп, дэлхийн медальтны эгнээнд багтахаас гадна “Бөртэ Чоно’’-ын шилдэг эрэгтэй тамирчин болсон амжилтаар арвин он жилүүд өнгөрчээ.
Бид 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд уулзсан. Тэрбээр энэ өдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Д.Отгондалай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байсан юм.
-Та бид хоёрын уулзаж байгаа энэ өдөр (2017.12.28) яах аргагүй сайхан өдөр юм. Таны гавьяат болсны нэг жилийн ой шүү дээ?
-Тийм байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Олимпоос медаль хүртээд, түүнийг маань төр засаг үнэлж гавьяат тамирчин хэмээх өндөр цол хэргэм хүртээж байсан нь саяхан мэт санагдаж байна. Гэтэл хэдийнээ нэг жил өнгөрсөн байх юм. Би ч зорьсондоо хүрч олимпын медалиа дэлхийн аваргынхтай хослууллаа. Гэхдээ одоо дахиад нэг олимп, дэлхийн аварга байгаа. Медалийн өнгөө өөрчилнө гэж бодоод бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна.
-Нэгэнт ийм өдөр ярилцаж байгаа юм чинь жилийн өмнөх энэ мөчийг эргээд нэг дурсвал сайхан шүү дээ. Хэр их баярлаж байв?
-Би 28-нд шагналаа авсан. Над руу шагнал гардуулахын яг өмнөх орой нь буюу арванхоёрдугаар сарын 27-нд хэлсэн. Орой гэртээ сууж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаад “Танд Монгол Улсын гавьяат тамирчин” цол олгохоор болсон. Тиймээс товлосон цагт бэлэн байгаарай” гэсэн. Ингээд л би гэдэг хүн чинь баярладаг юм байгаа биз дээ. Гэр бүлийнхэн маань хамт байсан болохоор баярт мөчөө тэдэнтэйгээ хуваалцсан.
Тэр дороо утсаа шүүрч аваад “Маргааш гавьяат болох нь байна шүү” гэдгээ хамаатан садан, боксын багийнхан, найз нөхөд, Дорнодод байгаа багш руугаа мэдэгдсэн дээ. Тийм мэдээ сонссон хүн чинь өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг юм байна лээ. Баяртай мэдээ сонссон хүний нойр хүрэхгүй ээ. Шөнөжин гэгэлзэж хонолоо. Элдвийн юм бодоод л… “Маргааш яах бол. Сандарч болохгүй. Надаас өөр хэн хэн байгаа бол” гэх мэт олон зүйл толгойд эргэлдэж байгаа юм чинь.
-Сандарсан уу?
-Сандралгүй яах вэ. Тэр бол рефлексээрээ л болдог юм билээ. Өөрийн эрхгүй сандарч байгаа юм. Гараад ирсэн чинь гэр бүл, хамт олон, найз нөхөд, Хилийн цэргийнхэн гээд бүгд л дуу шуутай угтаж авсан. Яг тэр хэсэгхэн хугацаанд нисэж байгаа мэт сэтгэгдэл төрж билээ. Олон жилийн хөдөлмөр, багшийн минь зүтгэл талаар өнгөрөөгүйд тэр үед л хамгийн их баярласан даа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу