Ажлын улирал “шувтарч”, амралт, аялал, зугаалгын улирал эхэллээ. Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой богинохон энэ улирлыг гэртээ суугаад өнгөрөөнө гэвэл дэндүү гунигтай биз. Тэгвэл гадаад, дотоодын аялагчиддаа зориулж, мөн аяллын маршрутад нь санал болгох нүд хужирлам үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байна. Харин хаагуур аялж, аль зүгт хүлгийн жолоо залах нь таны эрх билээ.
Тэрхийн цагаан нуур, хорго
Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.
Хөвсгөл нуур
Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Нэг очиж үзэсгэлэнт байгалийг нь харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй. Өө, тийм. Нууртай хамт сэльфи хийхээ мартуузай.
Алтай таван богд уул
Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм.
Увс нуур, Их нууруудын хотгор
Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулж байна.
Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг
Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан хэсэг. Мөн өнгөрсөн түүхийн үнэт олдвор. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.
Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727-1736 онд барьжээ.
Дуугардаг элс
Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.
Дундговь аймгийн Их газрын чулуу:Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул. Энэ бол Монголын хамгийн том боржин чулуун бүс юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоц нь аялагч таныг татах нь гарцаагүй. Их газрын чулуун уулнаас нар жаргахыг хараарай гэж зөвлөе.
Өвөрхангай аймгийн Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.
Булган аймгийн Уран тогоо уул
Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Далайн төвшнөөс дээш 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нуруутай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлэн байдаг.
Сэлэнгэ аймгийн Тужийн нарс – Монгол Улсын үндэсний цогцолборт газар
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.
Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нуур- Монгол Улсын дурсгалт газар
Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд, зүгт 45 км зайд, үзэсгэлэнт Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай оршдгоос хамгийн том нь Ширээт нуур юм.
Завхан аймгийн Хар нуур
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд оршдог тунгалаг цэвэр устай Улаагчны хар Нуур нь далай мэт элсээр хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудыг нэг юм.Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүн нь 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур юм. Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг.
Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагдуулдаг ажээ.
Хамрын хийд
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 км-т байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Тус хийд нь одоогоор 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.