“Оюуны Ундраа” группийн хамт олон Туул голын эрэг орчмыг цэвэрлэжээ

“Оюуны Ундраа” группээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох их цэвэрлэгээний аяныг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

2000 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүргийн хүрээнд жил бүр уламжлал болгон олон тѳрлийн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 2018 оны хувьд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Үүнд:

Эко орчин-бидний ирээдүй аяны хүрээнд Зайсан толгой орчмыг тохижуулж, аялал жуулчлалыг хѳгжүүлэх Засгийн газрын мѳрийн хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Хүүхэд бидний баяслын ордон арга хэмжээг зургадугаар сарын 1-нээс 3-ны хооронд зохион байгуулж, 3000 гаруй хүүхдүүдийг баярлуулж, хүүхэд насны мартагдашгүй дурсамжийг үлдээжээ.

-“Байгал орчноо хайрлая” уриан дор энэ удаагийн их цэвэрлэгээг зургадугаар сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

Аяны хүрээнд  Туул голын эрэг дагуу болон Зайсан толгойн орчимд их цэвэрлэгээ зохион байгуулж, “SS Mongolia” ХХК, “Монголын санхүүгийн групп” ББСБ, MNBC олон сувгийн телевиз, “News channel” телевиз, “Undesten.mn” вэбсайт, “Sky” телевиз зэрэг салбар байгууллагуудын нийт 300 орчим ажилтан иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн, өөрсдийн санаачилгаар  7 га газрын бохирдлыг цэвэрлэжээ.

Ингээд аянд оролцсон иргэдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

-Хамгийн их хаягдаж байгаа хог нэг дүгнэлтэд хүргэх байх л даа. Тэгэхээр энд ихэвчлэн ямар төрлийн хог хаягдал хамгийн их байна вэ?

Оюуны Ундраа группийн Маркетинг, борлуулалтын газрын ахлах менежер П.Мөнхцэцэг:Хүмүүс хогоо маш их хаяжээ. Туул голын эрэг, Зайсан толгой хавиар ихэвчлэн ус, ундааны сав, тамхины иш хаясан байна. Мөн бүтээн байгуулалттай холбоотойгоор Туулын эргээр барилгын хог хаягдал, төмөр, модны хог, хөөсөнцөр бас их байлаа.

MNBC телевизийн ажилтан Д.Мөөгий: Туул голоор чинь хог хаягдал маш их байдаг юм байна. Тэр тусмаа нойлын цаас бүр ч их байна. Ер нь байгаль орчиндоо их л зүй бус харьцдаг юм байна даа. Уг нь хүмүүс хаа ч явлаа гэсэн хаясан хогоо аваад явчихаж баймаар юм. Энэ нь өөрсдөд нь ч, бусдад ч хэрэгтэй шүү дээ. Хог үнэхээр их байна.

Таны бодлоор хотоо, байгаль орчноо, ялангуяа Туул голоо цэвэр байлгахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй болно гэж бодож байна вэ?

Оюуны Ундраа группийн Маркетинг, борлуулалтын газрын ахлах менежер П.Мөнхцэцэг: Хог хаягдлын менежмент гэж бий. Дэлхийн томоохон хотууд ер нь хог хаягдлаа ангилаад хэвшсэн байдаг. Тэгэхээр хог хаягдлаа ангилан ялгах орчныг нь бүрдүүлээд өгвөл хүн ухамсраараа хогоо ялгаад хаях байх. Туул голын дагуу гэхэд нэг ч хогийн сав байхгүй. Тиймээс ийм ангилалтай хогийн сав, мөн анхааруулга бүхий самбаруудыг байршуулах нь зөв гэж бодож байна. Бид нар өөрсдөө ч энэ байгаа орчныхоо агаараар амьсгалж амьдарч байгаагийн хувьд зөв хандлагыг ард иргэддээ, ялангуяа хүүхдэд багаас нь төлөвшүүлэх нь  зүйтэй юм.

MNBC телевизийн ажилтан Д.МөөгийБайгаль орчноо цэвэр байлгахын тулд хогийн сав маш их хэрэгтэй байна. Суух, амарч зугаалах орчныг нь тохижуулаад өгвөл бас хүмүүс арай өөр хандах байх. Хогийн сав байрлуулчихвал хамаагүй хог хаях нь гайгүй байх гэж бодож байна.

-Бусдад хандаж уриалж хэлэх таны үг?

Оюуны Ундраа группийн Маркетинг, борлуулалтын газрын ахлах менежер П.Мөнхцэцэг: Цэвэр цэмцгэр Улаанбаатарыг бий болгохын тулд манай хамт олноос бусад байгууллага аж ахуйн нэгжүүддээ хандаж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтмол нэг өдрийг байнгын цэвэрлэгээний өдөр болгоосой гэж уриалж байна.

MNBC телевизийн ажилтан Д.МөөгийХүмүүс хогоо ил задгай, хамаагүй хаяхаа л болих хэрэгтэй. Хүн бүр хог болох зүйлээ уут тортой нь авчирсан байж таараа. Тэгэхээр тэр уутандаа хийгээд буцаагаад авч яваад хогийн саванд хийж хэвшье гэж уриалмаар байна.

Энэ үеэр Туул голын уснаас хоёр саваар ус зөөж явсан дунд ангийн насны бололтой ах, дүү хоёртой таарлаа. Тэднийг н.Тэмүүжин, н.Мөнхнаран гэдэг юм байна.

-Та хоёр голын уснаас дандаа авдаг уу. Юунд хэрэглэх гэж байгаа юм бол?

-Үгүй ээ, өнөөдөр л авч байна. Манайх юм угаах гэж байгаа юм.

-Гол дээр машинаа, эсвэл хувцас хунараа угааж байгаа хүмүүстэй таарч байв уу. Таарч байсан бол тэдэнд юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Зайсангийн гүүрний баруун тийшээ хүмүүс машинаа угаагаад зогсож байдаг. Зарим хүмүүс хувцсаа ч угааж байгаа харагддаг. Гол дотор битгий машин тэргээ угаагаач гэж хэлмээр байна. Хүмүүс юмаа угааж байвал ус муухай байгаа байх гэж бодоод хааяа усанд ормооргүй санагддаг юм өө.

“Оюуны Ундраа” группийн Маркетинг, борлуулалтын газрын ахлах менежер П.Мөнхцэцэг мөн бидэнд дараах нэмэлт тайлбарыг өгсөн юм. Тэрээр “Зайсан толгой болон Туул голын орчимд 10-аад жилийн өмнө л гэхэд ямар байсныг хүмүүс сайн мэднэ. Харин одоо бол Зайсан Хилл, Зайсан Скуэрийн орчинд бол томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Үүний зэрэгцээ хүүхэд залуус, гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөдөг орчин бүрдүүлсэн байгаа. Мөн хүүхдийг багаас нь зөв дадалд сургах зорилгоор Зайсан Хилл комплекс, JCI Лидерийн Позетив Майнд гээд төсөл дээр хамтран хүүхдийн мөрөөдөл дүүрэн самбар гаргаж, хогоо ил задгай хаяхгүй байх үйлийг хэвшүүлэх үүднээс сагсны шийд бүхий хогийн савыг байрлуулаад байна. Өнөөдрийн хувьд манай “Оюуны Ундраа групп”-ийн салбар байгууллагууд болох уул уурхайн, санхүүгийн, хэвлэл мэдээллийн зэрэг байгууллагуудын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдсэн журмаар Туул гол болон Зайсан толгойн орчмын их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.” хэмээн ярилаа.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …