Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, АНУ–ын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Монгол түмний хайртай найрагчийн амнаас нь унах үг бүхнийг алтны үртэстэй зүйрлэн буулгав.
–Таны бие тэнхээ данги уу. Ямаршуухан зусаж байна даа?
-Уг нь би орон гаран, хүмүүсийн дунд гэр, хотын дунд зусдаг сан. Энэ зун би орон дээрээ зусаж байна. Айхтар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэж тав зургаан сар хэвтлээ. Одоо зургаа дахь сар руугаа орж байна. Хүнд ийм нэг хэцүү жил байх юм. Миний том хүү хоёр жилийн өмнө тархинд нь цус харвасан юм. Одоогоос долоо найм хоногийн өмнө дахин харваад гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байна.
-Таны ууган хүү чинь Равжаа ах бил үү?
-Равжаа. Хүүхдүүдийн минь хамгийн том нь, жаран хоёр оны хүүхэд шүү дээ. За, тэгээд Хасар маань Францт нурууны мэс засал хийлгээд өөдтэй болсонгүй. Уул усныхаа дунд гуравдахь хагалгаагаа хийлгэе гээд нутагтаа ирсэн. Наадмын дараа хагалгаанд орно доо. Нугас нь сүрхий дарагдсан юм гэсэн, хоёр ч газар. Хүнд л хагалгаа юм шиг байна. (Хөхүүлж бүгшүүлэн удтал ханиав. Л.Б)
-Хэцүү ч юм аа даа?
-Тэгээд өвчинд жаахан ээрэгдээд сууж байна. Ийм жил хүний амьдралд зөндөө байдаг даа. Хүмүүст тохиолдож л байдаг эд. Гэхдээ хүндхэн л юм байна. Би нэг л юмыг их жигшдэг хүн.
-Юуг тэр билээ?
-Хүн үрийнхээ ард ордгийг л би их жигшдэг. Болж л өгвөл өмнө нь явах юм сан, жамаараа. Үр хүүхдээ өвдөөд, үхэж үрэгдэхийг харвал миний хорвоод амьдарсан минь ямар ч үнэгүй болно гэж боддог. Тэгээд сэтгэл санаа тавгүй, ядарч л байна даа, яахав. Олны буянд, Монголын төр түмний буянд ямар ч байсан би Монголын ард түмний хайрыг унаж зугтан, үхлээс жаахан зуларчихлаа. Миний өвчин бол эдгэх өвчин биш ээ. Бүүр ор сураггүй ханиад шиг эдгэчих өвчин биш. Зүгээр л хүмүүсийн дунд би баймаар байна. Хүүхдүүдийнхээ дэргэд хэд хоног ч гэсэн баймаар байна.
-Байлгүй яах вэ, ах минь. Сэтгэлээ тэгтлээ чилээж яанам?
-Тэр хугацааг л сунгаасай гэж залбирч байх юм. Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан. Би ер нь надад ямар хэмжээний хайртайг энэ их ард түмнээс шалгалт авчих шиг боллоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу