Цаг хугацааны хүрдийг Энхболдтонгууд засаг тонгорохоор дуу, дуугаа авалцан микрофоны өмнө сүржин мэдэгдэж байсан сар гаруйн өмнөх рүү буцаая. ЖДҮ, сахилга бат, хариуцлага алдсан алдаагүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласандаа уучлал гуйхгүй, Ерөнхий сайд засаглаж чадахгүй байна гэж тал, талдаа маргалдаж эхлэв. Ийн маргалдаж байх хооронд Оюутолгой төслийн голлох хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсыг дотоодын улс төрийн маргаанаас шалтгаалсан тогтворгүй байдалтай гэж дүгнэлээ. Яг л Ирантай адилхан. Оюутолгой төсөл эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдын байр суурийг харвал гайхах зүйлгүй л үйлдэл. Гэвч шударга ёстой тэмцэх, шударга бусын хонгилыг нураах, төрийн дээр бүлэглэл гарсан гэдгийг зарлах, энэ бүхнийг засч залруулах тухай Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Рио Тинто компани Засгийн газартай тохироод, Тавантолгойн цахилгаан станцыг барихад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдэв.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион бичиж байгаа шиг хаалгаа барилаа, хөтөлбөрөө зогсооно гэсэн ямар ч мэдэгдэл гаргаагүйг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн хоногуудад болж байгаа маргаан, мэтгэлцээн бол зөвхөн М.Энхболд гэсэн хувь хүнтэй тэмцэж байгаа үйлдэл бус. Энэ бол Монгол хүний төлөө Монгол төрийн залгамж чанар, төрийн хар хайрцагны бодлогыг хадгалж үлдэх гэсэн л үйлдэл. Хадгалж үлдэхийн тулд улс төрчид бийг, тэд нам, фракц ялгалгүй Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж чаддагийг харуулав. Олон жил улс төрийн албан тушаалаа бүлэглэл хоорондын гинж болгон, төрийн дээр зайдалсан хувь хүмүүс Монгол төрийн өндөр босгыг хэрхэн хүчгүйдүүлснийг бид хангалттай мэдэрсэн. Мэдэрснээ хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн тулд зольдог, нээлттэй маргалдаж чаддаг болохыг хөрөнгө оруулагчид ч мэдэрч байна.
Монголын ардчилал бусдын биш зөвхөн Монголын өмч гэдгийг, түүгээр ч зогсохгүй өөрийн онцлогтой үндэсний арчдилал гэдгийг дэлхийн улс гүрнүүд, үндэстэн дамнасан корпорацууд ухамсарлаж эхэлсэн байна. Олон улсын валютын сан өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнд хүрснийг онцолж байна. Гэвч МАНАН бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг эсрэгээр нь мэдээлэв. Хэний эрх ашгийн төлөө вэ? Бүтээгч үйлдвэрлэлгүй мөртлөө “айл”-аас босгосон хэдээ үрэн таран хийсэн Монгол Улс удаа дараагийн хэлэлцээр хийж байж бараадсан ОУВС-г хөөж явуулах нь хэнд ашигтай вэ? Монгол Улсад л лав ашиггүй.
Өнгөрсөн хоногуудад болж байгаа маргаан, мэтгэлцээн бол зөвхөн М.Энхболд гэсэн хувь хүнтэй тэмцэж байгаа үйлдэл бус. Энэ бол Монгол хүний төлөө Монгол төрийн залгамж чанар, төрийн хар хайрцагны бодлогыг хадгалж үлдэх гэсэн л үйлдэл. Хадгалж үлдэхийн тулд улс төрчид бийг, тэд нам, фракц ялгалгүй Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж чаддагийг харуулав.
Хоёр долоо хоногийн өмнө улс төрийн дотоодын тогтворгүй байдал нь Ирантай төстэй гэж мэдэгдэж байсан Рио Тинто ч бүтэн хоёр жилийн турш шийдэгдэхгүй байсан Тавантолгойн цахилгаан станцыг барихад Засгийн газартай ойлголцлоо нэгтгэж чадвал ажлаа эхлүүлэх боломжтой гэдгээ дуулгалаа. Засгийн газрыг огцруулах МАНАН-гийн хөдөлгөөн өрнөхөд тэд таагүй хандсан бол УИХ тарж магадгүй нөхцөл байдал үүсэхэд эсрэгээрээ Засгийн газрыг дэмжсэн байр суурь илэрхийллээ. Тэд эргэж байна. Хариуцлага тооцож чаддаг, маргаан мэтгэлцээн нь ил олны нүдэн дээр ил байдаг улсад хөрөнгө оруулж болох юм байна гэсэн итгэл гаднынханд төрөөд эхэлжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүрдсэн гурван Засгийн газраас хамгийн том сорилттой тулсан нь магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар байх. Эрх баригч намаас сонгогдсон гишүүд эрх мэдлээ урвуулан “жижиг, дунд”-ын зээлд гар дүрээд хээв нэг “гүлдийж”, 65-ын бүлэг М.Энхболдынх, У.Хүрэлсүхийнх болж талцав. Эрх баригч намын даргын хувьд ч, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч их сорилтын цаг үе гэвэл яг одоо бидний туулж байгаа цаг үе. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд нааштай байна. Эдийн засгийн өсөлт 6.7 хувийг зааж, төсөөлж байсан таамаглалыг эвдэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оноос 381 сая ам.доллараар өсөв. Олон улсын санхүүгийн Standard & Poors, Moody’s агентлагууд зээлжих зэрэглэлээ өсгөж, В+ рүү шилжүүлэв. Олон жил яригдсан нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавив. Монголбанк энэ жил 20 тонн алт худалдан авч, сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрэв. Энэ мэтчилэн макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өссөн дүнтэй гарлаа. Үүнээс хэн хохирсон гэж, М.Энхболд уу? Монгол Улс л лав хохироогүй.
У.Хүрэлсүх сар хүрэхгүй хугацааны өмнө шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ, сахилга алдсан нөхдүүдэд хариуцлага тооцно гэж суудалдаа үлдсэн. Ард түмэн түүнээс одоо үүнийг л хүлээж байгаа. Шударга бусын хонгил нурахад бүлэглэл хооронд зайдлан суусан хэдхэн хүн л хохирно уу гэхээс Монгол Улс бүхэлдээ хохирохгүй гэдгийг бид харлаа. Сүүлийн нэг жил, бүр нарийн яривал сүүлийн ганцхан сарын дотор Рио Тинто, ОУВС-гийн хандлага, макро эдийн засгийн голлох үзүүлэлтээс шударга ёсны төлөөх тэмцэл ээлтэй байгаа нь харагдана. М.Энхболдоор ажлыг нь өгүүлж чадвал Монгол Улсын гадаад нэр хүнд илүү өсөх нь үүгээр нотлогдоно.
Эх сурвалж:Zindaa.mn