Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээр зайтай байв. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс төрөхөд тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас таван настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Диловын тавдугаар хойд дүрээр тодруулжээ.. Энэ үеэс түвд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ. Нэг шогол 36 үгтэй. Долоон насандаа түвд номоо монгол руу орчуулж, 12-тойдоо түвдээс монгол руу, монголоос түвд рүү судар чөлөөтэй орчуулах болжээ. Долоо настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ.
Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ. Хятад үсгийн нэрийн хуудсандаа монгол бичгээр мөн л “Дилова хутугту” гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэргэмийг Дилав биш, Дилов гэж бичих нь зөв ч байж болох юм.
Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ: Хатанбаатар Магсаржав, Бодоо нартай Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай зохиосон байна.. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр. Баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Түүнийг 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ. Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Энэ цуурхэл харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч- тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.
Өмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй эрдэмтний урилгаар Америкд морилж, Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол судлалын тэнхэмд багшлах болжээ. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Хожим Нью- Жэрси мужид Халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба болжээ.
1960 онд Дилов хутагт “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ. 1965 оны дөрөвдүгээр сарын 7 нд Нью-Йорк хотд насан эцэслэжээ.
Тэрээр “Ар Монголын улс төрийн дуртгал” ном бичиж үлдээсэн нь Монголын түүхийн чухал баримт, судалгааны хэрэглэгдэхүүн болж үлдсэн юм.