Р.Амаржаргал: АН-ын дотоод ардчилал муу, үүнийг нуух шаардлага байхгүй

Ардчилсан нам /АН/-ын дэд дарга Р.Амаржаргал, АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, Элчин сайд Ц.Сүхбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Элчин сайд Я.Батсуурь нар мэдээлэл хийлээ.

 Р.Амаржаргал “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анхны ардчилсан цуглаан болж байсан. Тиймээс энэ хугацааг ардчиллын эхлэл болгон авч үздэг. Түүнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хүсч, зорьж байсан зарим зүйл биелэлээ олсон гэж дүгнэж байгаа.  Энэ 30 жилийн ойд Ардчилсан Нам оройлон ажиллах ёстой гэж үзсэн. Өнгөрсөн онд АН-ын даргын шийдвэр гарч, нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ ажлын хамгийн том гэж хэлж болох арга хэмжээ нь энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын хурал зохион байгуулах явдал болж байна. Энэхүү хурлыг Монгол бол ардчиллын баян бүрд гэдэг сэдвийн дор явуулах гэж байна. Өнөөдөр энэ ажлынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийе” гэв.

АН-ын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулагдах хурлыг Олон улсын ардчиллын холбоотой хамтарч зохион байгуулах юм. Бид 30 жилийн хугацаанд юун дээр алдав, ямар амжилтад хүрэв гэдгээ ижил зорилготой намуудынхаа хүрээнд дүгнэх гэж байна. Өнөөдрийн Монголын ардчилалд дотоод, гадаадын аюул нүүрлээд байна. Тийм учраас бид ардчиллаа зөв чиглэлээр явуулахын тулд олон улсын хэмжээнд ярих шаардлага байна гэж үзсэн. Олон улсын ардчиллын холбоонд дэлхийн 80 гаруй улсын ардчилсан нам нэгдсэн байдаг” гэлээ.

Ардчилсан Монгол улсад хүнийг эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг бол  шившиг

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

– Монголын Ардчилалд аюулд учирлаа гэх шүүмжлэл бий. Үнэхээр Монголын ардчилалд аюулд учирсан юм уу?

 – 1990 ээд оны үед бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм. Хүн санасан, бодсоноо чөлөөтэй хэлснийхээ төлөө шоронд явчихдаггүй, олон ургалч үзэл, олон намын тогтолцоогоо ардчилал гэж ойлгож байсан. Сонгуулиа шударга явуулдгийг ардчилал гэж ойлгож байсан. 30 жилийн дараа өнөөдөр ардчиллын тухай ярихдаа юуны талаар ярьж байгааг та бүхэн анхаараарай. Ардчилал бол ард түмний оролцоо. Ард түмний оролцоог хангадаг ямар, ямар механизм байж болох уу. Энэ оролцоог хангадаг механизм нь ажиллаж чадаж байна уу гэх мэт асуудалд анхаарч байна. Энэ мэт бид хэлбэрээс илүү чанарт ,агуулгад анхаарч ажилладаг болсон байна. Ардчиллыг хангадаг нэг чухал механизм нь төрийн механизм юм. Төрийн механизм нь ажиллаж байгаа эсэхэд бид хяналт тавьж байна. Дөрөв дэх засаглал болох хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болж, бүтэхгүй зүйл гэр тусгаж түүнийгээ нийтээрээ шүүн хэлэлцэж байна. Энэ мэт ололттой зүйл бий. Ардчилал бол сонгууль. Гэхдээ зүгээр нэг сонгууль бус. Сонгууль нь агуулгатай, утга төгөлдөр, ард түмний нийт эрх ашгийг бүрдүүлж чаддаг, төлөөллийг бүрдүүлж төлөөлж чаддаг байж чаддаг эсэхийг хэлэлцэж ярилцдаг боллоо. Гэтэл өнөөдөр бид сонгуулиа хэр зэрэг шударга явуулж чадаж байгаа билээ. Сонгуульд мөнгө, эрх мэдлийн нөлөө хэр байгааг та бүхэн мэдэж байгаа.

Ардчиллын төлөө зүтгэж явсан С. Зориг агсны хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүлт явагдсан гэдэг мэдээлэл гарч байгаа. Энэ ардчилсан нийгэмд ийм зүйл байж болох  уу?

 Талийгаачийн асуудал олны анхаарлыг татсан асуудал болж байна. Сүүлийн үед эрүүдэн шүүсэн гэх асуудлыг ихээр ярьж байгаа. Энэ огт байж болохгүй зүйл. Ардчилсан Монгол улсад хүнийг эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг бол  шившиг юм. Энэ  30 жилийн хугацаанд  үүний  төлөө явсан болж тараад байна. Манайд ямар нэгэн асуудалд эзэн олддоггүй. Гавьяа шагнал  болохоор бүгд эцэг эх болох гээд гүйгээд байдаг. Ямар нэгэн асуудал гараад ирэхээр эзэн байдаггүй. Хорих газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  тодорхой нэг  яаманд харьяалдаг биз дээ. Тэр яаманд эрх биш сайд байгаа байх. Тэр сайд нь энэ асуудлыг мэдэхгүй юугаа хийж сууж байсан вэ. Өөрийнхөө хариуцаж байгаа салбарт хаана юу болж байгаа мэдэхгүй байгаа бол тэр хүнээр яахын. Иймээс энэ асуудлыг маш гүнзгий ухаж эзнийг олгож тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Тэр дундаа салбарыг удирдаж байсан удирдлагууд хариуцлага хүлээх ёстой байр суурьтай байна. Энэ миний байр суурь шүү.

 -Ардчилсан намд дотоод ардчилал гэдэг зүйл байхгүй болсон гэсэн асуудал яригдаж байгаа. Танай намд  дотоод ардчилал гэдэг зүйл үнэхээр байхгүй болчихсон юм уу?

-Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл муу байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Дотоод ардчилалгүй нам бусад улс орны намд ардчиллын тухай ярих нь зөв үү буруу юу гэвэл зөв гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж болдоггүй юм байна гэдгийг мэд мэдээд аваг. Дотоод ардчилал гэж хэзээ хаана ямар төвшинд байх вэ гэдгийг бид мэдээд авчих ёстой юм шиг байгаа юм. Тухайлбал, 2012-2016 он хүртэл ч манай намын ҮЗХ огт хуралдахаа больсон. Их хурал нь хуралдахаа, ротациуд нь явагдахаа байсан. Уг нь  дүрмэндээ жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байхад тэр бүх байгууллагууд нь байхгүй болоод, хурлуудаа хийхгүй, хамтын шийдвэр гаргадаг механизмууд нь байхгүй болчихоор жинхэнэ нэг хоёр хүний төвшинд асуудал шийдэгдээд явсан үе байсан. Энэ үед дотоод ардчилал байсан гэж хэлэхэд хэцүү.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл гараад эхэллээ. Олон жил хамтарч ажилласан хүний хувьд тэр бүгдэд дүгнэлт хийж байгаа байх?

-Хүнийг сайн мууг яриад байх хэцүү асуудал. Тухайн хүнээ сайн мэдэх ёстой. Би намынхаа удирдлагуудыг аваад үзэхээр надад дотно явсан хүн хэн байдаг вэ бүү мэд. Дотно яваагүй болохоор хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин хариуцаж байгаа ажил албан тушаалынхаа хүрээнд аваад үзэхээр Монгол Улсын таван Ерөнхийлөгч Монгол Улсын эсрэг гэж огт боддоггүй. Чадлынхаа хэрээр өөрсдийн тархины хэмжээгээр Монгол Улсын эрх ашиг гэ:ж юу байдаг гэж тэрийгээ хийгээд явж байсан хүмүүс. Тэр ажлаа хийж байх явцдаа алдаж оносон зүйлүүд байдаг байх. Ялангуяа ажлын арга барилтай холбоотой нэлээд зүйл гарч ирдэг.

Н.Алт

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …