Б.Дуламсүрэн: Энэ сарын 14-17-нд цасан болон шороон шуурга шуурна

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм.

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: Зуны эхэн сар гарсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурлаа. Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон тухай 20 гаруй дуудлага онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу онцгой байдлын албаныхан орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, 64 иргэнийг авран хамгаалсан. Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймагт дөрвөн иргэн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймагт 12 гэр, дөрвөн модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, хорогдсон байна.

Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс малчид малдаа явахдаа дулаан хувцаслах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай үед замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Одоогоор 20 гаруй мянган малчин цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг гар утсаараа хүлээн авч байгаа” гэв.

Ой хээрийн түймэр гарч буй шалтгаан нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал  холбоотой

Ой хээрийн түймрийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах “2019 оны гарснаас хойш Улсын хэмжээнд 2,318 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Түймрийн улмаас 4.2 тэрбумын өмч хөрөнгө шатаж, 23 хүн галд өртөж нас барсан. Мөн 10 хүн түлэгдэж бэртсэн.

Өнөөдрийн байдлаар онцгой байдлын алба хаагчид 459 иргэнийг авран хамгаалж, 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Гал түймрийн гаралт, учирсан хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн гаралт 35 хувиар өсөж, хохирлын хэмжээ 62.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 11 аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Түймрийн улмаас 2.4 мянган га ой, 217.2 мянган га хээр нитй 219.6 мянган ой хээрийн бүс гал түймэр өртсөн.

Хамгийн хохирол ихтэй дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-аас Хэнтий амйгийн Батширээт сумын нутагт хил дамнаж орж ирсэн ой хээрийн түймэр бөгөөд үүнийг унтраахаар нийт 20 хоног ажилласан. Мөн ой, хээрийн түймэр гарч буй шалтгаан нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хайхрамжгүй хандаж шар өвч шатаасны улмаас гал алдаж байгаатай холбоотой” гэв.

Санал болгох мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. …