Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ.
Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.
Шинээр эрэн хайх, аврах салбар байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ
Улсын хэмжээнд 21 аймгийн 55 сум, нийслэлийн 9 дүүрэгт нийт 67 гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулж байна. Бусад 275 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчинд их хэмжээний хохирол учрах эрсдэл гарч байна.
Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн саналын дагуу хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, нягтрал ихтэй Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх тогтоолын төсөл Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ.
Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3613 иргэнд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм.
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулахдаа тухайн аймаг, сумын газарзүйн онцлог, хүн амын нягтрал, сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын давтамж зэргийг харгалзан үздэг байна.
Мөн 4000-аас дээш хүн ам тутамд 1 Гал түймэр унтраах, аврах анги, 10000 хүн ам тутамд эсвэл алслагдсан орон нутаг, суурин газарт 6000-аас дээш хүн ам тутамд 1 Эрэн хайх, аврах нэгжийг байгуулах стандартын дагуу тухайн орон нутагт байгуулагдах салбар нэгжүүдийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ болон хүн амын тоо зэрэг шаардлагыг үндэслэн аймаг, орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан шинээр анги, салбаруудыг байгуулж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилтыг биелүүлэн ажиллаж байна.
Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 40770 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2124 хүний амь нас эрсдэн, 13,8 сая толгой мал хоргодон улсад 1 их наяд төгрөгийн хохирол учирсан байна. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 14259 иргэний амь нас, 215,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо.
Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй тул Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг шинэчлэх шаардлагатай болжээ.