Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.
Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 09 дүгээр сарын 04, 05, 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь тогтсон тул Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг баталсан.
Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Ингэснээр Улсын Их Хурал төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг баталсан гээд энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж өгөхийг гишүүдээс хүслээ.
Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Улсын Их Хурлын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг 2019 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 07, 08, 09, 11 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгджээ. Ингээд Зөвшилцлийн ажлын хэсгээс Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ зарчмыг хослуулан явуулж сонгогч нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх гэсэн зарчмын шинжтэй хоёр санал гаргасныг тус Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь Ард нийтийн санал асуулгын нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн найруулга, редакцын шинжтэй нийт 11 саналаар дахин санал хураах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас Ерөнхийлөгчийг Улсын Их Хурал өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгохтой холбоотой санал ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 242 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжээгүй тул уг асуудлаар санал хураалгах шаардлагагүй гэж үзсэн болно.
Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Ц.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Учрал нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга С.Бямбацогт, төсөл санаачлагч гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан болон ажлын хэсгийн зарим гишүүд хариулт өгөв. Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн ахлагч доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн нар нэмэлт тайлбар өгсөн юм.
Ингээд Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулах үед гишүүд саналын томьёоллуудтай холбогдуулан асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Эхлээд ажлын хэсгээс зөвшилцөн оруулж ирснийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэх саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 61 нь буюу 88.4 хувь нь дэмжив. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэх санал дэмжигдлээ.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 41 нь буюу 59.4 хувь нь дэмжиж, энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авч чадсангүй. Зөвшилцлийн хүрээнд АН-аас тавьсан энэ санал дэмжигдээгүйтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат үг хэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт АН анхнаас нь дэмжиж, өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилтэй оролцож ирсэн. Гэвч зөвшилцлийн хүрээнд АН-аас тавьсан зарчмын гурван саналын хоёр нь унасанд харамсаж байна гээд Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн цаашдын хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд хуралдааныг орхилоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар үг хэлээд хуралдааныг орхиж гарав.
Дараа нь төслийн зарим зүйл, хэсэг, заалттай холбоотой найруулгын саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан юм. Тухайлбал, улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөхийг гишүүдийн 93.8 хувь нь, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэх саналыг 95.9 хувь нь дэмжив.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “гуравны хоёроос доошгүй нь үзсэн” гэснийг “гуравны хоёроос доошгүй нь үзэж” гэж, “даргатай зөвшилцөн” гэснийг “даргатай зөвшилцөж” гэж, “санал болгосноор” гэснийг “санал болгосон бол” гэж өөрчлөхийг гишүүдийн 96.9 хувь нь, төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж өөрчлөхийг 98.4 хувь нь тус тус дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот; тосгоны” гэснийг “хотын, түүнчлэн тосгоны” гэж өөрчлөхийг 92.1 хувь нь, төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тойргийн” гэсний өмнө “шүүхийг” гэж нэмэх саналыг гишүүдийн 96.8 хувь нь дэмжив. Мөн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “төсөв” гэснийг “төсвийн болон” гэж өөрчилж, төслийн 6 дугаар зүйлийн “рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу” гэснийг хасахаар тогтлоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжав нар оролцсон юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлэв
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалгаж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь уншиж сонсгов.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо.
Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн байна.
Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм.
Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа гээд төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад талархлаа илэрхийлэв. Мөн энэ үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.
Улсын Их Хурлын дарга цааш хэлэхдээ, бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.
Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно.
Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
Улсын Их Хурлын даргыг үг хэлсний дараа хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд, зочид төлөөлөгчид, Тамгын газрын удирдлагууд болон ажилтнууд босож хүндэтгэлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Иймээс тус Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлав.
Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нэгэн адил хүчинтэй байх аж. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заажээ.
Харин төслийн 2 дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ гэж заажээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь (Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна) хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.