Лусын амьтан гэгддэг могойноос монголчууд ихээхэн айдаг. Тиймдээ ч өвгөд хөгшид маань нэрийг нь урт хайрхан хэмээн цээрлэж өглөөд сүүнийхээ дээжийг өргөдөг билээ. Харин лалын шашинтай манай казак иргэд найман настай балчираас наян настай буурлыг хүртэл эр сүвтэй болгон нь урт хайрхан тааралдвал л гурван хэсэг тасчин газарт булчихдаг заншилтай. Энэ явдлыг дуурайж хөөргөн зан гаргасан Д.Насанбат гэдэг эр ихээхэн хохирол амссан юм. 1986 онд ХААДС-д сурч байсан Д.Тогтолган гэдэг казак оюутан дадлагаар Дундговьд явахдаа арваад могой алсан тухай Зайсангийн аманд байдаг Д.Насанбат гэдэг эрд ангийнх нь оюутнууд ихэд бахдан ярьцгаажээ. Үүнд нь хөөрч баяссан Д.Насанбат могой алж ангийнхаа охидыг айлгах санаатай ойгоос нэгэн урт хайрхан барьж архины шилэнд хийж орхижээ.
Түүнийгээ зуны халуун наранд цонхон дээр тавьж орхисон бөгөөд ихээхэн хачирхалтай явдал болох нь тэр. Орой нь харахад мөнөөхөн могой нь хайлаад тос болчихсон байсан агаад ердөө л яс, хайрс төдийхөн үлдсэн байв.
Болсон хэрэг явдал гэвэл ердөө л энэ. Үүнээс хоёр жилийн дараа Насанбат эхнэр авч анхны үрийн зулай үнэрлэхээр боллоо. Үнэхээр аймшигтай явдал болж төрсөн үр нь үе мөчгүй хайрстай нэгэн байжээ. Цаашлаад аманд нь бултганах хэл нь яг л могойных шиг хоёр салаатай нарийхан байж. Тэрхэн агшинд л Д.Насанбатын тархинд өмнөх явдал нь зурсхийж тэнгэрийн гэсгээл үзэж байна гэдгээ ойлгосон байх. Могой шиг хүүгээ нэгэнт амьтай байсан учраас эцэг, эх болоод эмнэлгийнхэн нь хаячихаж түвдсэнгүй. Эрхбиш хүний эх юм гэсэндээ золгүй бүсгүй хөхүүлж, эцэг нь сэтгэл санааг нь засах гэж оролдохоос өөр үр дүнд хүрсэнгүй. Энэ маягаар могойн хүү жил орчим амьд байгаад нэгэн шөнө өөд болжээ.
Хүн бус төрлийн амьтан гэдгийг нь мэдэрч байсан эх, эцэг хоёр нь гашуудаж сүйд бололгүйгээр оршуулахчаан аядаад дахин ийм зовлонд учирахаас зүрхшээн хоёр тийшээ болжээ. Харин Д.Насанбат энэ бүхэндээ харамсан гашуудсаар дахин эхнэр хүүхэд авалгүй гоонь нэгэн явсаар амиа хорлож үхжээ.