“ПАРЛАМЕНТ -30”
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ.
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Лувсангийн Одончимэдийн “Хоржоонтой дурсамж” номдоо Жанлавын Наранцацралт агсны тухай бичсэн дурсамжийг толилуулж байна. Ж.Наранцацралт 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000-2004, 2004-2007 онд Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан билээ.
2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сонины асуулгад Дундговийн гурван хүний нэр сонинд бичигдсэнийг санаж байна. Тэр нь Н.Тогтох, Ж.Наранцацралт, Р.Раш нар байсан юм.
Моломжамц гуайг хэрэв Дорноговийн Ихжаргалан сумынх биш гэж үзвэл, Нараа маань Дундговиос төрсөн хамгийн том төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд байсан юм. Одоогийн өөрсдийгөө ардчилагчид гэж үздэг залуучуудаас олон зүйлээр ялгарсан жинхэнэ ардын төлөөлөл болсон, нутаг сэтгэлтэй, улс орноо гэсэн бодолтой тэрбээр АН-аасаа гарч баймаажин эргэж УИХ-д орж ирсэн. М.Энхсайхантай хоёулаа Үндэсний шинэ намыг байгуулсныг уншигчид санах биз ээ. Газар зохион байгуулалт гэдэг цоо шинэ салбарыг хөгжүүлэхэд үлгэрлэн ажиллаж, нийслэлийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн олон сайхан үйлсийг нь одоо ч дурсацгаадаг.
Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн нь Миеэгомбын Энхболд, кабинетийн гишүүд нь Буянгийн Жаргалсайхан, М.Энхсайхан, Эрэлийн Б.Эрдэнэбат, Дарханы Сономпил, Хөвсгөлийн Гүндалай гээд Монголдоо нэрд гарсан явдал суудалтай хүмүүс. Засгийн газрын хурал болгон дээр хэрүүл гарна. М.Энхболдыг янз янзаар дарамталж, арай л зодоон болохгүй. М.Энхболд залуу хүн гэхэд үнэхээрийн тэвчээртэй. Бидний Засгийн газар нь нэг жилийн дотор 80.0 мянган ажлын байр бий болгож, тэтгэврийн зөрүүг арилгаж, гэр бүлийг дэмжих, хүн амын өсөлтийг хангахад чиглэсэн олон асуудлыг анхлан шийдвэрлэсэн юм. Гэвч байнгын хэрүүл толхилцоон, сайд нарын нэртэй холбогдсон хэл амны улмаас Засгийн газрын нэр унаж, манай намын рейтинг ихэд доошилсон юм.
Дээр дурдсан гол асуудлуудыг шийдвэрлүүлсний дараа Засгийн газраас гаръя гэсэн бодолтой мэрийж явлаа. Энэ тухайгаа нутгийн буурал Ш.Гунгаадорж гуай, дүү Ц.Шаравдорж, Ж.Наранцацралт нарт хэлбэл огт авч хэлэлцэхгүй, “сайд гэдэг санаснаар олддог алба биш” гэж зөвлөөд халгаасангүй. Эв нэгдлийн гэх Засгийн газрын түнжинг Наранцацралт маань хангаж байсан болохоор нэг сайд нь огцорвол эрихний хэлхээ шиг цувна гэсэн бодолтой байсан биз ээ. Тэрбээр хотын дарга байсны хувьд М.Энхболдод туслахыг зорино. АН-ын гишүүн байсан болохоор Энхсайхан, Сономпил нарыгаа зохицуулна. Эр хүний хувьд Жагаа, Эрдэнэбат, Гүндалай нартай далыг нь алгадаж харилцана.
Нараа бид хоёрын говио гэсэн сэтгэлээр хамтарч ажиллаж, амьдарсан цөөхөн жил миний амьдралын хувьд сэтгэлийн их таашаалтай үе байсан юм. Боловсролоос гадна төрөлхийн хар ухаан, говийн хүний зан төлөв, говио гэсэн санаа зориг нь сэтгэл татдагсан.
Төр түмний буянаар олон газар явж, олон аавын хөвгүүдтэй танилцаж, үерхэж нөхөрлөж явсан ч Наранцацралт шиг эр хүн надтай тааралдаагүй юм. Бид хоёр хамтарч Чойрын орос цэргээс үлдсэн орон сууцыг дахин ашиглах хөтөлбөр, тэндхийн уурын зуухыг бүрэн солих 800.0 сая төгрөгийн зардлыг гаргуулах, Боржигон наадмыг бүсийн наадам болгох гээд олон асуудал шийдвэрлэж, “Боржигон говь” бөхийн дэвжээ байгуулах, Их газрын чулуун дахь задгай театрыг тохижуулах, “Боржигон” яруу найргийн наадмыг “Болор цом”-ын хэмжээнд хүргэх, говьд ингэний сүү, элс, нар, тарвас ашиглаж томоохон сувиллын газар байгуулах мөрөөдлүүдтэй байж билээ.
Бид хоёрын тойргийн айлууд хаяа нийлж нутагладаг болохоор сонгуулийн үед би Дундговийнхонд Нараагаа, тэр намайг Дорноговийнхонд сурталчилж явсан түүх бий. 1999 оны өвөл говь руу их цас унаж Ерөнхий сайд Р.Амаржаргал тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Дундговиор дайраад Өмнөговийн Цогт-Овоо хүртэл явсан юм. Тэр багт МУЗН-ээс би, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Нараа, Японы элчин сайд Ханада нар орсон байлаа.
Цогт-Овоогоос буцах замд Амаржаргал сайд намайг машиндаа суулгаад:
-Дундговийн төвд болох уулзалт дээр юу гэж яривал зохистой вэ гэж асуусан юм. Аймагт ажилласан, зовлон мэдэх хүн гэж бодсон биз ээ. Би товч санаагаа яриад, уулзалтын өмнө арваад зүйл бичиж өгснийг Амаржаргал сайд нэгд нэгэнгүй ярьсан. Малчид, сумын дарга нар босоод л:
-Малаа дуусгаад, дээр нь төрдөө өвсний мөнгөний өртэй үлдэх гэж байна. Үүнийг шийдэж өг гэж шаардлаа. Би Амаржаргал сайдад, “57 сая төгрөгний өртэй гэсэн. Чөлөөлж өгье гэж хэлбэл яасан юм бэ” гэж бичиж өглөө. Тэрбээр миний хэлснээр болгоход малчид, хөдөлмөрчид арай л “Амаржаргал мандтугай” гэж хашгираагүй юм. Нараа ч их баяртай, дараа нь үг хэлж, нутгийн зөвлөлөөс МУЗН-тэй нийлж зудад тусална аа гэж хэллээ. “2000 оны зуд” гэж дэлхийд алдаршсан байгалийн гамшигт хамгийн их хохирол амсаж, бас МУЗН-ээр дамжуулж Олон Улсын Улаан Загалмайгаас хамгийн их тусламж авсан аймаг бол Дундговь. Нараа бид хоёр тэр зун УИХ-д сонгогдоод нэг ангид орсон хойноо би түүнд:
-Тавин долоон сая төгрөгийн өрнөөс чөлөөлж, МУЗН тусалж байж сонгогдлоо шүү дээ гэхэд:
-Яалаа гэж, би өөрийнхөө сайнд сонгогдсон гээд л хөгжүүн инээдэгсэн.
Төрийг барилцах сайн хүмүүсээ ард түмэн өөрсдөө шууд нэрлэчихэж болдоггүй, заавал нам гэдэг юмаар дамжуулж, талцаж, өрсөлдөж, сайн муугаа дуудалцаж байж шийдвэрлэдэг болохоор нэг нутаг ус, хот айлынхан сайдаж муудахдаа хүрч, өс хонзон болдог энэ сонгууль гэдэг зүйлээс өөр арга хүн төрөлхтөн олж чаддаггүй л юм байх даа. Монголчууд энэ сонгууль гэдэг зүйлийг бий болсноос хойш таван жил тутмын гуравт нь л хэвийн ажиллаж, амьдраад нөгөө хоёр жилд нь улс төрөөр хоол хийж, урт хэрүүлээр ундаа хийж, утаан дундаа умбаж өнгөрүүлдэг болж байна.
Нараа минь намаасаа гарч, бие дааж сонгогдож, бас шинэ нам байгуулж, улс орныхоо төлөө бүхнээ зориупах ид үедээ тэнгэрт хальсан юм даа. Сайн нөхрөө дурсахын учир өөрийн эрхгүй ийм асуудал бичлээ, уншигч та өршөө.
“Хөөрхий дөө, муу Богд гэгээн минь хүртэл хүн л юм болохоороо босоогоороо морь хардаг байсан биз” гэдэг үг бий. Сайд дарга нар ч гэсэн хүн л юм болохоороо хүний амьдралаар амьдарна шүү дээ.
2007 оны зун Нараа бид хоёр Өвөржанчивлангийн “Задгай цагаан” сувилалд хэд хоног амарлаа. Сувилалд байхад Нараа нэг өдөр “Одонгоо хоёулаа тарваганд явъя, боодог хийж идье” гэлээ. Нараа машинаа бариад хоёулхнаа Нагалын энгэр рүү явлаа. Нагалын урд толгодоор бужигнаж байдаг тарвага ховордож, байгаа ганц хоёр нь машины дуу, бараа сургаар нүх рүүгээ шургадаг болчихжээ. Ер нь тарваганд явснаас чононд явсан нь арай дээр юм шиг санагдаж байв. Би нэг бүдүүн тарвага нүхэнд нь оруулаад сахилаа. Нараа маань намайг буулгаснаа уруудаад, бүүр доор Багахангай ордог гол замын хажууд бас нэг дош бараадав бололтой. Асар удалгүй би ч тарвагатайгаа учраа оллоо. Гэтэл Багахангайн замаар цагдаагийн машин гарч ирж харагдана. Тэгснээ Нараа дээр ирээд зогслоо. Нараа ч бослоо. Би ч намайг хараагүй гэж бодоод өвсөн дунд хэвтээд л байгаа. Удаж удаж цагдаагийн машин буцаад явлаа. Нараа ч над дээр давхиад ирлээ.
-За яасан?
-Баларсаан. Багахангай, Төв аймгийн хамтарсан эргүүлд баригдаад.
-Тэгээд яасан?
-Эхлээд зүсээ хувилгасан болохоор намайг танихгүй үнэмлэх, буу авна гэж дайраад, дараа нь малгай, шилээ аваад аятайхан ярьсан чинь танив бололтой. Тэгэхлээр нь би бас дайраад…
-Юу гэж дайрав?
-Та нар хүн таньдаггүй юм уу? Бид ч бас ажлаар явж байна. Та нарын илрүүлсэн зөрчил хаана байна. Бид олуулаа яваа. Хэдэн зөрчил илрүүлээд хот руу явуулсан. Цагдаагийн машинтай яваа та нараас хүмүүс зугатчихна. Жирийн машин хөлслөөд явахгүй яасан юм бэ. За, яв яв, цаагуур чинь зөндөө тарвагачид байна гэлээ.
-Тэгээд яасан?
-Тэр дээр хэвтэж байгаа хүн хэн бэ, нэг буудах шиг болсон гэж байна.
-Тэгэхээр нь юу гэв?
-Бас та нарын таньдаг л хүн байгаа. Тэр юу ч онохгүй буутай, санаа зоволтгүй. Гэхдээ би нэг цөс залгих санаатай. Та нар юм дайралдвал олоод ирээрэй. Бид энэ хавьд эргэлдье гэлээ. Тэгээд тэд хөөрхий, сүүлдээ тарвага олж ирэхээр явцгаасан.
-За тэгвэл, эндээ хүлээх үү?
-Яалаа гэж, хоёулаа хөдөлье.
Ингээд Нараа маань юмнаас зугтаж байгаа юм шиг учиргүй их хурдаллаа. Гэтэл борооны усанд идэгдсэн замын гуунд машин шарваж хөндлөн давхиад, золтой л хөрвөөчихсөнгүй. Хар залуугаасаа өөрөө тэргээ барьж, газар зохион байгуулахын ажлаар хээрээр тэнэж явсан тэр жолоодлого сайн эзэмшсэний ачаар бид хоёр эсэн мэнд гарлаа. Харин Жанчивланд ирээд тарвагаа боох болсон чинь өвсөн дунд нуучихсан болохоор гачлантай. Гучаад км газар. Шөнө явах уу, өглөө явах уу гэсээр унтацгаалаа. Өглөө эрт хоёулаа овоондоо гарахдаа Нараа,
-Тэр муу тарвагыг урьд шөнө үнэг хярс идчихсэн байхаа, явахаа больё оо, эндээс тарвага худалдаж авъя гэв.
Би говийн хүн боловч манайх Хэнтийн Галшартай залгаа, цөөвтөр тарвагатай болохоор багаасаа тарваганы бодийг хөтлөх, боодог хийх аргад суралцсан. Майдар даргад боодог хийж өгч 2-р эмнэлэгт оруулж, матуулсан хэрэгтэй, “Улстөрийн товчооны боодогчин” хоч авч байсан хүн. Харин Нараатай явсан энэ удаад хээр орхигдсон тарвага бол миний хувьд сүүлчийн ан байсан юм.
Нараа ер нь их хөдөлгөөнтэй, байгаа газраа дандаа нөлөөтэй хүүхэд байсан нь тэдний ангийнхны тухай “Атгасан шагай шиг 10б-гийнхэн” номоос нь харагддаг. Ер нь олны дунд орж, өөрийнхөө байр суурийг мэдэж байж л хүн бусдыг араасаа дагуулж чадах эсэхээ тодруулдаг бололтой юм.
Нарааг нийслэлийн газар зохион байгуулах албанд ажиллаж байхад зөвлөлтийн мэргэжилтнүүд зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэд монголчуудын зунжингаа хорхойсч уугаад байдаг айргийг нэг их тоохгүй байснаа сүүлдээ амтанд нь орж Нарааг Дундговь руугаа хамт авч яваач гэж гуйдаг болжээ.
Намар оройхон, “Танай айргийг уулаа гээд ямар согтоох биш дээ” гэж дандаа ярьдаг нэг орос залууг аваад нутаг руугаа явжээ. Хагас, бүтэн сайн дамнуулж айл хэсч айрагдаад, буцахын өмнө нүнжигтэйхэн айлд бууж дээ. Таанын айраг уусан орос ч их согтож гэнэ.
-Би энэ айлд баярласнаа яаж илэрхийлэх вэ гэж Нараагаас асууж.
Нараа оросыг согтоосондоо сэтгэл хангалуун, бас жаахан дамшиглая гэж бодоод хөхүүртэй айраг руу нь заагаад, “Гарахдаа “спасибо” гэж хэлээд түүнийг нэг сайн өшиглөчихдөг юм” гэж хэлжээ. Гэрийн эзэн, орос хоёр ч Итгэлт баян, Павлов хоёр шиг л байсан юм байх. Зочид явах болжээ. Нөгөө орос чинь үүдэнд зогсоод гэрийн эзэнтэй гар барьж тэврэлдээд салахдаа “Спасибо» гээд, хөхүүртэй айргийг нь тохой бахиалтай хөлөөрөө цүлхийтэл өшиглөв гэнэ. Түүнийг хараад уур нь хүрсэн гэрийн эзэн “Яадаг муу жулч вэ” гэснээ нөгөө оросыг яах ийхийн завдалгүй хоёр алгадаад авч. Орос бүр учраа олохоо больж, гэрийн эзний хоёр гарыг зөрүүлээд барьчихаж. Үүнийг харсан Нараа ч айлын баруун орон дээр элгээ хөштөл инээж сууж. Арайхийж тоглосон юм гэдгээ ойлгуулсан чинь гэрийн эзэн оросоосоо уучлалт гуйж, дахин авдарнаасаа шил архи гаргаад үүр цайтал найрласан гэдэг.
Энэ мэт сайхан дурсамжууд сайхан дүүг минь орлон, түүнийг үгүйлсэн сэтгэлийг дулаацуулж байдаг юм даа.
Өглөөний сонин 2020.11.09 /212/