Спорт, олимпийн хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоо

Олимпийн хартийн үндсэн зарчмын зургадугаарт “Хувь хүн болон тухайн улсыг арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төр зэрэг аливаа байдлаар ялгаварлан гадуурхах нь Олимпийн хөдөлгөөнд үл нийцнэ” хэмээн заасан байдаг.
 Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүсэн хөгжиж эхэлсэн үеэс спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь эерэг хандлагаруу түлхүү чиглэгдэх болсон. “Афин – 1896” анхдугаар Олимпийн наадамд Грекийн эмэгтэй гүйгч Стамата Ревити марафоны төрөлд өрсөлдсөн нь орчин үеийн олимпийн наадамд оролцсон анхны эмэгтэй тамирчин хэмээн түүхэн хуудаснаа тэмдэглэгджээ.

Хэдий тус Олимпийн наадамд эмэгтэйчүүдийн оролцоог хориглосон ч Ревити гараанаас гарч хурд хүчээ сорин эрэгтэй тамирчидтай өрсөлдсөөр уралдааныг 5 цаг 30 минутын хугацаагаар дуусгасныг гэрч, шүүгч нар гарын үсгээрээ баталгаажуулсан байна. Гэхдээ түүнийг Олимпийн төв цэнгэлдэх Панатинаикод нэвтрэхийг хориглосон юм. Улмаар тэрээр Грекийн олимпийн хороонд хандаж өөрийн амжилтыг албан ёсоор тооцуулахыг хүссэн боловч тухайн үед энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн тухай одоог хүртэл тодорхойгүй ажээ.

Зарим судлаачид Ревитигээс гадна Мелпомене хэмээх хоёр дахь эмэгтэй “Афин – 1896” Олимпийн марафоны төрөлд оролцсон хэмээн үзэх нь ч байдаг. Энэхүү асуудлын хүрээнд Олимпийн түүхчид Ревити болон Мелпомене хоёр нь нэг хүн эсэх талаар санал нэгдээгүй мэтгэлцсээр байна.
 Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ нь спорт, олимпийн хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү дэмжсээр иржээ. Эмэгтэй тамирчдын албан ёсны олимпийн наадам дахь оролцоо нь “Парис-1900” II Олимпийн наадмаас эхэлсэн түүхтэй. Олимпийн наадамд эмэгтэйчүүдийг чөлөөтэй оролцуулах Пьер де Кубертины санаачлал хэдий эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Парисын олимпийн наадамд оролцсон 997 тамирчны 22 нь эмэгтэйчүүд байсан бөгөөд, тэд газрын теннис, дарвуулт завь, модон бөмбөг/крокет/, морин спорт, гольф зэрэг 5 төрлийн спортоор өрсөлджээ. 

Энэ үед боксын спорт олимпийн хөтөлбөрт багтсанаар эмэгтэйчүүдийн боксын төрөл байх эсэх асуудал хөндөгджээ. Гэвч ОУОХ-ноос бокс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэж, эмэгтэй боксын төрлийг Олимпийн наадмаас хассан байна. 

“Лондон-1908” Олимпийн наадмаас эхлэн эмэгтэй тамирчид байт харваа, хөнгөн атлетик зэрэг төрлүүдэд өрсөлдөх болжээ. Гэхдээ, хөнгөн атлетикийн марафоны төрөлд эмэгтэйчүүд өрсөлдөх чадваргүй хэмээн үздэг байснаас шалтгаалан “Лос-Анжелес – 1984” Олимпийн наадмаас анхлан эмэгтэй марафончид олимпийн тавцанд мөрөө үлдээж эхэлсэн байна. 

Харин 1970-аад оноос хойш Олимпийн наадам дахь эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү нэмэгджээ. Олимпийн наадамд өрсөлдөж буй тамирчдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзлэх болсон бөгөөд ОУОХ нь эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээг Олимпийн хөтөлбөрт үргэлжлүүлэн нэмсээр байна. 1991 оноос эхлэн Олимпийн хөтөлбөрт шинээр нэмэгдэх спортын бүх төрөлд эмэгтэйчүүдийн ангиллыг багтаах ёстой болжээ.

Францын Шамони хотноо 1924 онд зохиогдсон өвлийн анхдугаар Олимпийн наадмын үеэр цанын үсрэлтийн төрөлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөж байсан бол түүнээс хойш 90 жилийн дараа “Сочи-2014” олимпийн наадмаас эхлэн эмэгтэйчүүдийн тус төрөл нь албан ёсоор олимпийн хөтөлбөрт багтсан байна. 

Өвлийн анхдугаар олимпийн эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд Норвегийн Соня Хени нь арван долоон настайдаа оролцон сүүлийн байрт орсон ч хөгжөөн дэмжигчдийн дунд алдаршиж, дараагийн гурван олимпийн аварга болсон түүхтэй.


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …