Египетийн пирамидыг боолчуудаар бариулсан гэж түүхийн ихэнх шастирт бичсэн байдаг. Гэвч ийм биш бололтой. Ялангуяа Гизад байрлах пирамидыг боолчууд бариагүй гэнэ.
Саяхан археологич Ричард Реддинг ертөнцийн энэхүү гайхамшгийг хөлсний чөлөөт ажилчид барьсан хэмээн баталжээ. Чөлөөт ажилчид тэр ч бүү хэл өөрсдийн гэсэн мэргэжлийн холбоодтой байсан гэнэ.
Америкийн эрдэмтэн саяхан Эртний Египетийн пирамидыг яаж барьсан тухай хувилбараа дахин дэвшүүлсэн. Гэтэл урьдын адил олон олон асуудал урган гарч ирсэн байна. Тухайлбал пирамидыг барихад архитекторууд яаж ийм нарийн хэмжээ, зураг гаргасан байж болох вэ. Яагаад томоохон хаалга, камер хэрэг болов.
Хамгийн гол нь энэ бүх асуулт Гизад хэн гурван пирамид босгов, яаж, яагаад гэсэн гурван асуулт дотор эргэлдэж байв.
Мичиганы их сургуулийн дэргэдэх Келсигийн музейн археологич Ричард Реддингийн үзэж буйгаар Эртний Египетийн эзэнт гүрний үед буюу МТӨ 2600-2100 онд нэг пирамидыг 20 гаруй жилийн хугацаанд барьсан, үүнд 8-10 мянган хүн оролцсон гэж тэмдэглэжээ. Түүний үзсэнээр барилгачид нь боолчууд биш, тэдний дунд еврейчүүд ч байсан гэнэ.
Хэрвээ еврейчүүд Египетэд боолчлогдож байсан бол энэ тухай археологийн ямар ч ул мөр үлдээгүй. Тиймээс археологич Реддинг “LiveScience”-д өгсөн ярилцлагадаа “Пирамидыг хоол тэжээл сайтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ойрхон залуу эрчүүд босгосон. Яагаад гэвэл тэд нийгмийн сайн сайхны төлөө ажил эрхэлж байсан” гэжээ.
Барилгачид орчин үеийн мэргэжлийн холбоод шиг бригад, артель болон нэгдэж ажилладаг байв. Төрийн түшмэдүүд мужийн тэргүүн буюу номуудад хандаж, хэчнээн барилгачин хэрэгтэй болохоо захиална. Ном бүр өөрсдийн гэсэн бригадаа гаргадаг байв. Түүнчлэн ажлын артель “Менкаурын архичид” зэрэг өөрсдийн гэсэн нэртэй. Олон тооны ажилчин, зохион байгуулалтад ороход төсвөөс ч их мөнгө гардаг байсан нь ойлгомжтой. Эртний египетчүүд хяналт шалгалтын жинхэнэ фэнүүд байсан гэдэг. Тиймээс хэчнээн талх хэрэглэсэн тухай баримт бүхий бичиг цаас хадгалагдан үлджээ.
Реддинг ч өөрийн гэсэн тооцоо гаргажээ. Тэрбээр орчин үеийн тооцооллоор биеийн хүчний ажил эрхэлж буй хүмүүс хэдий хэмжээний уураг, илчлэг авч байсныг тооцож үзжээ. Ингээд үзтэл ажилчид хоногт 67 грамм уураг хэрэглэж байсан нь хоёр ширхэг бяслагтай гамбургээс арай илүү гэсэн үг. Тэд долоо хоногт дунджаар 2.72 кг мах хэрэглэж байсан гэдэг. Ялангуяа Нил мөрнөөс барьсан загаснаас уургийнхаа ихэнх эх үүсвэрийг авч байсан аж.
Үүнээс гадна 10 мянган ажилчин 10 хоног тутамд 105 үхэр, 368 хонь, ямаа иддэг байсан гэдэг. Тэдний энэ хэрэгцээг хангахын тулд 21.9 мянган бод, 54.75 мянган бог тусгайлан үржүүлж байжээ.
Ажилчид бяцхан суурин мэт лагериудад аж төрдөг байсан бөгөөд хоол хүнсийг нь төв гал тогоонд бэлтгэдэг байв. Ажилчид тушаал өгсөх тусам хоол хүнс нь сайжирна.
Реддингийн энэхүү хувилбарыг Шинэ Зеландын Оклендийн их сургуулийн эрдэмтэн, Египет судлаач Женнифер Хеллум ч дэмжсэн байна. Түүний үзэж буйгаар Египетийн нийгэм анхнаасаа шаталсан тогтолцоотой байсан гэнэ. Тэд энэхүү том байгууламжийг барих гэж хэтэрхий их зардал гаргаж байсан бөгөөд үүнээс болж улс орон нь нуран унасан гэдэг. Үнэхээр ч IV гүрний дараахан пирамидын барилга зогссон юм.
Эх сурвалж: