Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт (2021.05.26) Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын дарга, гишүүд болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн удирдлага, багш нарын оролцсон энэхүү төслийн танилцуулга, уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн талаар нэг ойлголттой байж,насан туршийн боловсрол гэдгийг ойлгох шаардлагатай
Монгол Улсын Үндсэн хуулийн эрхэм зорилгын нэг бол Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх юм. Энд дурдагдаж буй хүмүүнлэг нийгмийг цогцлоох хөрс суурь нь боловсрол, бүр тодруулбал иргэний боловсрол юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид үүнийгээ орхигдуулснаас ёс сурахууны хуучин хэм хэмжээ цагийн аясаар халагдсан ч шинэ хэм хэмжээ тогтоогоогүй өдий хүрснээр нийгэм маань “оёдол бүрээрээ задарч” байгаа мэт цаг үе болжээ. Хүүхдийн хүмүүжил ёс зүйгээс эхлэн хувь хүний, салбар, мэргэжил бүрийн ёс зүйн асуудал нь судлагдахууны хувьд ч орхигдсон байна. Улс орны хөгжилд ёс суртахуун нэн чухал. Ёс суртахууны ялзрал нь улс орны уруудал, доройтлын суурь шалтгаан болдог. Өнөөдрийн нийгмийн болохгүй бүхэн нь ёс суртахууны асуудалтай ямар нэг хэмжээгээр холбогддог.
Ийм ч учраас монголчууд бидний хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа бурхан багшийн дүйчин өдрийг тохиолдуулан Та бүхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын боловсруулж, өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах, санал бодлыг тань сонсохоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.
Хүмүүнлэг боловсрол гэдэг нь хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх, хүнээр хүн хийх арга ухаан юм. Энэ арга ухааныг манай өвөг дээдэс бараг төгс гэхээр түвшинд эзэмшсэн байсан ч гаднын соёл, шинэ хандлага руу хэт хошуурснаас болж сүүлийн жилүүдэд алдагдаад байгаа гэж судлаач, олон нийт үзэж байна.
Судалгаанаас үзэхэд ёс зүйн боловсрол бол насан туршийнх бөгөөд Монгол Улсын хувьд бүх нийтийн ёс зүйн боловсролд анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна. Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан арга-билигт суурилж байжээ. Аж төрөх ухаан, ур чадвар, мэдлэг боловсролыг арга хэмээн, асрах, энэрэх сэтгэл, дотоод сэтгэлийн боловсролыг билиг гэж үзэж байжээ. Ийнхүү арга билгийг хослуулан хүмүүжүүлсэн цагт сая жинхэнэ хүн болно гэж үздэг байсан байна. Орчин үеийн дипломыг шүтэхээс татгалзаж, ур чадвар, авьяас билиг, ёс суртахуун, зөв хүмүүжлийг чухалчлах боллоо. Дунд сургуулиар зогсохгүй их, дээд сургуулиудад ч ёс зүй, хүмүүнлэг боловсролын чиглэлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт нь багтаадаг болсон. Энэ аргыг хамгийн сайн эзэмшиж, “сайн хүн-сайн нийгэм” төлөвшүүлэх бүхэл бүтэн шинжлэх ухаан болгож хөгжүүлж, цогцлоож чадсан хүмүүс бол япончууд. “Япон лугаа хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсний нэг шалтгаан энэ юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл, зан заншлаа хүүхдүүддээ багаас нь эзэмшүүлж, шинжлэх ухааны боловсролыг хүмүүнлэг боловсролтой хослуулж чаддаг арга туршлагаас суралцахд чиглэж байгаа юм.
Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс улс орнуудын боловсролын хөтөлбөр дэх хүмүүнлэг боловсролын хөтөлбөрийн талаарх судалгааг тоймлон танилцуулсан юм. Дэлхийн улс орнууд өсвөр үе, залуустаа ёс зүй, хүмүүнлэг боловсрол олгох сургалтыг өөр өөрийн арга хэлбэрээр олгодог. Манай улсын хувьд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байхдаа санаачилга гарган “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг долоо хоногт 2 цаг байхаар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулсан. Хэдийгээр ийнхүү иргэний боловсрол, ёс зүйн хичээлийг дунд сургуулиудад зааж, ёс зүй, зан заншлын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх зэргээр монгол ёс уламжлалыг сэргээхээр оролдож байгаа ч тогтолцоо болж төлөвшихгүй байна.
Ийм учраас бид Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн тухайд нийгмээрээ нэг ойлголттой байж, бүх шатны боловсролын хөтөлбөрт багтаах төдийгүй насан туршийн боловсрол хэмээн ойлгох шаардлагатай гэж үзэж байна. Эрх чөлөөт байдал, олон шашин, соёлын нөлөө, сургалтын тогтолцоо, амьдралын хэв маяг, орчин нөхцөл сүүлийн 30-аад жилд орвонгоороо өөрчлөгдсөн нь уламжлалт ёс заншил, соёл, түүхээ ад үзэх, орхих шалтгаан болох ёсгүй.
Энэ бүх нөхцөл байдлыг үндэслэж Улсын Их Хурлын гишүүд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсрлуулж, өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Төсөлд хүмүүнлэг боловсролыг олгох үйл ажиллагаа, хүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл, хүмүүнлэг боловсролын агуулга, төрийн байгууллагын эрх, үүрэг, байгууллага, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, хүмүүнлэг боловсролыг олгох сургалтын дэмжлэг олгох гэх мэт харилцааг зохицуулахаар тусгасан байгаа хэмээн Улсын Их Хурлын дарга хэлээд “Эрхэм зочид, эрдэмтэн судлаачид Та бүхэн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, зөв монгол хүнийг төлөвшүүлэх талаар үнэ цэнтэй санал бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа болон хэлэлцэж буй төслийн зүйл, заалттай холбоотой саналаа илэрхийлэх иргэн, хүн нэг бүрд нээлттэй lawforum.parliament.mn цахим хуудасны талаар цохон танилцуулж, холбогдох QR кодыг уншуулснаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлтэй цахимаар танилцан, төсөлтэй холбоотой санал, бодлоо илэрхийлээрэй хэмээн уриалж байв. Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудаа зөв иргэн болгон төлөвшүүлэхийн тулд бага наснаас нь эхлэн боловсролын бүх үе шатанд анхаарах ёстой, өнөөдрийн танилцуулж буй хуулийн төслийн гол ач холбогдол нь энэ гэдгийг тэрбээр тэмдэглэж байв.
Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалтын модератороор ажилласан. Нийгэмд тулгамдаж, байгаа тодорхой асуудлыг хөндөж, дорвитой өөрчлөлт, дэвшил гаргах чиглэлд үлгэр үзүүлж, манлайлах зорилгоор Улсын Их Хурал тухайн чиглэл, салбарын мэргэжилтнүүд, судлаач, сонирхогч зэрэг бүх талын оролцоог ханган хэлэлцүүлэг хийж байх санаачилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гаргасныг энэ үеэр тэрбээр дурдаад энэ хүрээнд дээрх төслийн танилцуулга, уулзалтыг зохион байгуулж байгааг тэмдэглэлээ. Хөгжиж, дэвшсэн улс орон бүр бүх шатны боловсролын чанартаа онцгой анхаарч ирснийг баримтуудаас харж болох бөгөөд энэхүү төслийн танилцуулга, уулзалт боловсролын томоохон реформын өмнө болж буйг онцолж байв. Учир нь Улсын Их Хурал хугацаанд боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэх болно гэдэг мэдээллийг тэрбээр оролцогчдод өгсөн. Төрийн ордонд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, мөн боловсролын байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд зэрэг 60 гаруй хүн цахимаар оролцож байгааг дуулгасан.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал 2020 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төслийн талаар танилцуулав.
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл нь иргэний боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах юм байна. Төсөлд хувь хүн хүүхэд наснаас ахмад буурай болтол зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачлагын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшиж, улмаар эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг тэрбээр жишээ дурдан тайлбарлав. Улмаар хүмүүнлэг нийгэм төлөвшиж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, өв тэгш бие бялдартай, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсч буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Академич С.Нарангэрэл: Хууль нь ёс суртахууныг хамгаалж, бэхжүүлдэг
Дараа нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр боловсролын тухай хууль, эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар илтгэл танилцууллаа. Эрдэм боловсролтой, эрүүл, хүнлэг, хөдөлмөрч, насан туршдаа хөгжих чадвартай, өөрөө хөгжин, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулдаг иргэнийг төлөвшүүлэх зорилготой боловсролын өмнө өнөөдөр олон тулгамдсан асуудал тулгарч байгаа гэв. Боловсролын үйлчилгээний чанар хувь хүний болон нийгмийн хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран чанартай боловсрол эзэмших нөхцөл боломж, хүүхдэд ээлтэй, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлж байгаа зэрэг нь өнөөдөр боловсролын тулгамдсан асуудлуудын нэг гэдгийг дэд сайд дурдав. Өдөр тутмын амьдралд оролцох наад захын мэдлэг, чадвар эзэмших наснаас нь эхлүүлээд насан туршдаа суралцах явцдаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх гол түлхүүр бол боловсрол гэдгийг илтгэлдээ онцоллоо. Дэлхий нийт өнөөдөр боловсролын зарчим, хувь хүний болоод нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг эргэн харж байна. Багш сургадаг, хүүхдийн хөгжлийг зөвхөн багш хариуцдаг концепцоос урагш алхаж, суралцахуй, насан туршийн боловсрол руу чиглэж байгааг Г.Ганбаяр дэд сайд хэлээд, шинэ зууны боловсролын чиг хандлага, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ зууны иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхээр эрх зүйн орчныг шинэчлэлтэй холбоотой мэдээллийг танилцуулав.
Анх 1963 онд Монгол Улс Сургууль, амьдралын холбоог бэхжүүлэх ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай хуулийг батлан, “өсвөр үеийг орчин үеийн шинжлэх ухааны ололт, техникийн ололт, техникийг эзэмшсэн өв тэгш хөгжилтэй хүмүүжилтэй иргэд болгон хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлжээ. Нийгэм, эдийн засаг, техник технологи болон хүний хөгжилд гарч байгаа өөрчлөлтийг дагаад боловсролын эрх зүй ч мөн адил өөрчлөгдөн боловсронгуй болж байсан түүхтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хууль 2002 онд батлагдан, түүнийг дагаад Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдан хэрэгжиж, тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд нийт 26 удаа өөрчлөлт орж байсан нь цогц шийдэл байгаагүйг холбогдох судалгаануудаас харж болно гэв. Боловсролын эрх зүйн шинэчлэлийг хийхдээ “Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан /2019/, “Боловсролын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн бодлогын судалгаа” /2020/, “Монгол Улсын Боловсролын суурь мэдээллийн судалгаа” /2019/, “Боловсролын тухай хууль тогтоомжийн олон улсын харьцуулсан судалгаа /2019/ зэргийг ашиглан энэ тэргүүнд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг тодорхойлсон байна. Иймд иргэнийг зөвхөн ангид танхимын сургалт, албан бус боловсролоор төлөвшүүлэхээс гадна амьдралын орчинд буюу гэр бүл, ажлын байр, нийгэм, байгаль орчноос суралцах боломжтойг хүлээн зөвшөөрөх, боловсролын талаарх хандлагаа өөрчлөх цаг болсныг дэд сайд хэлж байлаа. Насан туршийн суралцахуйг дэмжсэн боловсролыг хөгжүүлэх нь манай боловсролын эрх зүйн шинэчлэлийн тулгуур гэдгийг цохон танилцуулсан.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын илтгэлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл “Монголчуудын ёс суртахуун: сэргэлт, ялзрал, эргэн сэргэлт” сэдэвт илтгэл танилцуулав. Одоогоос 2500 жилийн өмнө буюу МЭ IV зууны үед Ази, Европын суут сэтгэгчид анх ёс суртахууныг судалсан бөгөөд ёс суртахуун нь хүнд заяагдмал, хүн бүрд адилгүй гэдгийг тодорхойлсон гэв. Ёс суртахуун гэдэг нь хүний эрхэм сайхан зан чанарын цогц өгөгдөл гэдэг тодорхойлолтыг хэлээд Чингис хаан хуулийн амин сүнс нь ёс суртахуун гэж ханддаг, хууль нь ёс суртахууныг тогтоодог, хамгаалдаг, бэхжүүлдэг гэж үздэг байсныг академич С.Нарангэрэл тайлбарлан, холбогдох мэдээллүүдийг уулзалтад оролцогчдод өгсөн. Ёс суртахуун, хууль хоёрыг тусдаа хэмээн үзэж байгаа орчин цагийн хандлагыг тэрбээр шүүмжилж байв. Төр засгийн зүгээс ёс суртахуун, ёс зүйн асуудлыг хуулийн хэмжээнд үнэлж байгаа нь нь чухал ач холбогдолтойг тэмдэглээд “Монгол төр ёс суртахууны дээдэлж, хуулийн амин сүнс нь болгож чадвал хөгжил дэвшилд аяндаа хүрнэ” гэлээ.
Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг “Хүмүүнлэг боловсролыг бүтээгч нь Та” сэдэвт илтгэлийг, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Ж.Галбадрах “Японы зүрх сэтгэлийн боловсрол олгодог туршлагаас суралцах нь” сэдэвт илтгэлийг, “Шинэ Монгол” технологийн коллежийн барилга, дэд бүтцийн тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар “Мэргэжлийн ёс зүйн хэрэгцээ” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.
Хүн бүр ямар хоолыг, хэзээ, хэрхэн идэх, хэнтэй уулзах, юу өмсөх гэдгээс эхлээд өдөр тутамдаа сонголт хийж, шийдвэр гаргадаг талаар Д.Сүрэнчимэг доктор “Хүмүүнлэг боловсролыг бүтээгч нь Та” сэдэвт илтгэлийнхээ эхэнд дурдлаа. Хүний сонголт, шийдвэрийн энэ үйл явц өдөр тутмын энгийн шийдвэрээс хууль батлах хэмжээнд хүртэл нөлөөлдөг ба хүн төрөлхтөн үүнийг IQ хэмээн нэрлэдэг. IQ-гийн 35 хувь нь удамшдаг бол 20 хувь нь эхийн хэвлийд байхад бүрэлдэж, үлдсэн 45 хувийг төрснөөсөө хойш хөгжүүлж, төлөвшүүлдэг гэдгийг сүүлийн 100 гаруй жилийн судалгаа, тооцооллын үндсэн дээр тогтоосон байдаг байна. Гэхдээ IQ нь амжилтын үндэс биш гэдгийг судалгааны явцад тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн судалсаар зан чанар, мөн чанарын асуудал руу оржээ. Өөрөөр хэлбэл, хүн ямар орчин төрж, өсөж, хүмүүжсэн нь чухал гэв. Үүний судалсны үр дүнд хүнийг 100 хувь гэж үзвэл долоо хүртэлх насанд 70 хувь нь төлөвшдөг болохыг тогтоожээ. Үүний дараа ерөнхий боловсролын сургууль буюу багш, сурган хүмүүжүүлэгчдийн гар дээр байхдаа 20 хувь нь төлөвшдөг байна. Ингээд 90 хувь нь төлөвшсөн хүн дунд сургуулиа төгсдөг аж. Гэтэл бид ухаан сууж, том болохоор нь хүмүүжүүлэх гээд хүлээсээр 16-17 настай болоход нь хүмүүжүүлэх гэж оролддог, гэвч тэр үед хэдийнэ 90 хувийн төлөвшилтэй хувь хүн болсон байдгийг хэлж байв. Үүнээс хойш төлөвшлийн 5 хувь бүрддэг ба хэн нэгэн шинэ мэргэжилтнийг төлөвшүүлэх, өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол 5 хувийн боломж л байдаг гэлээ. Гэхдээ зөв арга, хандлага олж, нөгөө хүн өөрчлөгдөх чин эрмэлзэлтэй байх тохиолдолд 5 хувийг магадлалыг хэд ч болгох боломж бий гэдгийг мөн судалгааны явцад судлаачид тогтоосон байдгийг онцолж байсан.
IQ болон зан чанар нь өссөн орчин, хүмүүжсэн арга барилтай шууд хамааралтай бөгөөд өөрчлөхөд нэн төвөгтэй гэдгийг багш нар маш сайн мэддэг болохыг Д.Сүрэнчимэг доктор дурдсан. “IQ нь нөхцөл байдалд орохоороо өөрчлөгддөг, өөрөөр хэлбэл Та бүхэнд “Манай энэ хэзээ ч ингэхгүй дээ” гэдэг бодлыг чинь өөрчилж байсан тохиолдол л гэсэн үг. Шалтгааныг нь судлаад үзэхэд “IQ+зан чанар+EQ” гэж үр дүн гарсан. EQ гэдэг үгийг “сэтгэлийн боловсрол” тэргүүтэй олон нэр томьёогоор хэрэглэж байгаа. Бизнесүүд 1950-иад онд IQ өндөртэй ажилтнуудаа илүү сайжруулахаар судалгаа хийлгэснээр 1964 оны анх EQ тогтоосон, гэхдээ нийтэд хүртээмжтэй болсон цаг хугацаа нь 1995 он юм. Бидний хувьд 2000 оноос нэр томьёог хэрэглэж эхэлсэн бол өнөөдөр хуульчлах түвшинд ярилцахаар цугласан байна. Товчхондоо ирээдүйн монгол хүн хэн байх талаар ярилцах юм” гэлээ.
Хүний IQ 30 нас хүртэл жамаараа өсөөд, дараа нь буурдаг бол EQ нь хэрхэн хөгжүүлж, тордсоноос шалтгаалан насан туршид өсдөг байна. Жамаараа явах үед хүний IQ, EQ 50-60 насны үед огтлолцдог хэмээн судалгааны явцад тооцоолжээ. Энэ үед хүн амжилтынхаа оргилд хүрдэг нийтлэг жишээ байдгийг үүгээр тайлбарлаж болохыг илтгэгч дурдаад “Монголчууд ч үүнийг эртнээс мэддэгийн хувиар “монгол хүн 60 хүрч ухаан суудаг” гэдэг үг бий” гэв.
EQ бол хэм хэмжээ буюу буруу, зөвийн талаарх ойлголт аж. Зөв IQ суурь дээр зөв зан чанар, үүн дээр EQ-г төлөвшүүлж чадвал хамгийн сайн үр дүн үзүүлнэ гэв. Багш нарын хувьд энэ нь үүрэг гэдгийг онцлон, тайлбарласан. Олон улсад EQ-г байшин хэлбэрээр загварчилдаг байна. Байшингийн сууриар хүний өөрийгөө танин мэдэх, удирдан жолоодох чадварыг төлөөлүүлдэг бол хана нь өөрийгөө сэдэлжүүлэх, бусдад сэтгэл гаргах, дээвэр нь нийгэмд орших чадвар, нийгэм дэх оролцоо гэж тодорхойлдог байна. “Тэгвэл дээрх загварчлалаар ямар ч “дээвэргүй” буюу нийгмийн оролцоо, идэвхгүй хүмүүс байж л байна. Эсвэл ямар ч суургүй буюу өөрийгөө танин мэдэхгүй, өөрийгөө удирдах чадваргүй хүмүүс шийдвэр гаргах, удирдах ажлыг хийж л байна. Данхар дээвэртэй атлаа суурьгүй хүн ч байна, өөрийгөө сайн мэддэг, удирдаж чадах хэрнээ хувиа хичээсэн буюу дээвэргүй хүмүүс ч байж л байдаг. Өнөөдөр ийм байгаа ч ирээдүйг илүү дээр болгохын төлөө сэтгэл тавьж Та бид энд цуглаад, ярилцаж байна гэж би ойлгож байна” хэмээн Д.Сүрэнчимэг доктор илтгэлийнхээ үеэр хэлсэн.
Төгсгөлд нь тэрбээр багш нарт байшинг зөв хэмжээтэй, жижгийг нь томруулж, сүрлэг сайхан болгох боломж бий гэдгийг хэлсэн. Нэгэнт хувь хүнд байгаа төлөвшил буюу IQ, EQ-г нь хэрхэн зөв чиглүүлэх чадварт сургах нь “хүнээр хүн хийдэг” багш нар асуудлыг илүү өргөнөөр харж, бодууштай, анхаарууштайг хэлж байлаа. “Аль ч тохиолдолд хүний үг хэл, үйлдэл ахуйгаасаа үүддэг учир үндэстний ялгарал, ондоошил байсаар байх нь лавтай. Харин багшийн хувиар Та бид түүнийг зөв байх тохиргоог хийдэг хүмүүс юм. Хүмүүнлэг боловсролыг түгээгч Та бүхэн бол монгол хүнийг бүтээх үйлдвэрийн эзэд юм. Үүгээрээ Та бүхний ажил, үг, үйлдэл бүхэн үнэ цэнтэй. Цэцэрлэг, сургуулийн багш нар бол “монгол хүн” бүтээдэг үйлдвэрийн технологич, инженерүүд. Хүн бүр энэ үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хэрэглэгч, ажилтан байдаг” гэв.
“Японы зүрх сэтгэлийн боловсрол олгодог туршлагаас суралцах нь”
“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Ж.Галбадрах “Японы зүрх сэтгэлийн боловсрол олгодог туршлагаас суралцах нь” сэдэвт илтгэл танилцуулав. АНУ-ын Эмори их сургуульд 20 гаруй жилийн судалгаандаа үндэслэн олон улсад нээлттэй ашиглаж болох хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, сурагчийн болон багшийн ном гаргасан бөгөөд манай ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэж буй “Иргэний ёс зүйн боловсрол”-ын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад дээрхээс тодорхой хэмжээнд ашигласан гэдгийг хэлж байв. Үүнд өөрийгөө таних-бусдыг ойлгох-нийгмийн харилцаанд ёс суртахууныг эрхэмлэх агуулга бүхий Далай багшийн шашнаас ангид, ёс суртахууны талаарх тусгай хөтөлбөрийг “Шинэ Монгол” сургуульдаа зориулан боловсруулж, нэвтрүүлэхээр зорьж байгаа гэлээ. Мөн тэрбээр олон улсад нэлээд анхаарал татаад байгаа, Япон Улсад хэрэглэдэг “Сэтгэлийн дэвтэр” буюу “Кокоро но нотэ” сурах бичгийн жишээн дээр Финляндын Хелсинкийн их сургуулийн профессорууд ёс суртахууны боловсрол олгож байгаа туршлагыг нарийвчлан судалсныг мөн хөтөлбөрийг “Шинэ Монгол” сургуулийнхаа сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгаад байгаа гэв. Гол санаа нь мөн л өөрийгөө таних-бусдыг ойлгох-нийгмийн харилцаанд ёс суртахууныг эрхэмлэх гэсэн агуулгатай гэв.
Япон Улс боловсролын хуульдаа “бүх хичээлийн зорилго, агуулга нь шууд болон шууд бусаар ёс зүйн боловсролтой холбогдох ёстой” гэж тусгасан байдаг байна. Хичээлийн агуулга, багшийн заах арга барил, хандлага нь нөлөөлөхөөс гадна хичээл бүрийн тодорхой хувь нь ёс суртахууны боловсрол олгож байх ёстой байдаг гэлээ. Ёс зүйн боловсрол олгох багш нарын сургалтад онцгой анхаардаг талаар танилцуулсан. Багш болох их сургуулийн оюутнуудад ёс суртахууны хичээлийг заавал судалсан байх шаардлага тавьдаг гэв. Япон Улс багш нарыг ёс зүйн боловсролын богино хугацааны хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг байна. Түүнчлэн ёс зүйн боловсролоо хөгжүүлэх хүсэлтэй багш нарт зориулсан сайн дурын хөтөлбөрүүд олон байдаг гэв. Үүний зэрэгцээ япончууд нийтийн ёс зүйн боловсрол болон гэр бүлийн ёс зүйн боловсролд онцгой анхаардаг болохыг танилцуулсан.
Тэрбээр “Шинэ Монгол” сургуулийн түүх, амжилт болон анх байгуулах болсон шалтгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уулзалтад оролцогчдод танилцууллаа. Доктор Ж.Галбадрах 2019 онд Нагоягийн их сургуульд боловсрол судлалын докторантурт элсэн орсон бөгөөд Монголын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахаар “Шинэ Монгол сургуулийн менежментийн туршлагаас суралцах нь” сэдвээр судалгаа хийж байгаа аж. Энэ хүрээнд төрийн өмчийн найман сургуулийг сонгож, менежментийн судалгаа эхлүүлж, сургалтууд хийж, харилцан туршлага судалж, зөвлөн тусалж байгаа талаараа мэдээлэл өгсөн юм. Эдгээр сургууль дээр захирлууд, багш нарын ёс суртахууны манлайлалаас эхлээд сургуулийн соёл, үзэл санаанд ёс суртахууны үнэт зүйлийг шингээх, сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, урт, дунд, богино хугацааны зорилгод сурагчийн ёс суртахууны төлөвшлийг чухалчлан тусгахаар ажиллаж байгаа аж. Мөн хичээл бүрийн зорилго зөвхөн тухайн судлагдахууны онолын мэдлэгийг олгоход чиглэх биш ёс суртахууны шийдвэр гаргах чадварт сургах, хичээл хоорондын уялдаа, интеграц хичээлээр дамжуулан ёс суртахууны боловсролыг илүү үр дүнтэй, цогц байдлаар олгох, асуудалд суурилсан сургалтын арга зүй, төрөл бүрийн төсөлт ажил, бүтээлч даалгавараар дамжуулан дадуулахаар ажиллаж байгаа гэв. Сайн дурын аяныг сургууль бодлогоор төлөвлөж, зохион байгуулдаг болгох, багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ сурагчдын ёс суртахууны төлөвшлийг дэмжсэн, үлгэр жишээ үзүүлсэн байдлыг нь харгалзах гэх зэргээр сургуулийн менежментийн бүх хүрээ, үйл явц, үе шатанд нарийн төлөвлөж, шингээснээр сурагчдын төлөвшил хандлага, шийдвэр гаргах чадамж нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлнэ гэлээ.
“Мэргэжлийн ёс зүйн хэрэгцээ”
Дараа нь “Шинэ Монгол” технологийн коллежийн барилга, дэд бүтцийн тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар “Мэргэжлийн ёс зүйн хэрэгцээ” сэдэвт илтгэл танилцуулсан. Цаг үеийн шаардлагаар хүн төрөлхтөн технологитой нэн ойр амьдарч байгаа тул бүх салбарын инженерүүдэд ёс зүйн асуудал өндрөөр тавигддаг гэдгийг хэлж байв. Инженер мэргэжлийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө, хүнийг аюулгүй, асуудалгүй амьдруулах юм. Аливаа мэргэжилтэн нь шууд болон шууд бус хамааралтай хэн бүхэнд үйлдэл, үйл ажиллагааныхаа агуулга, ажлын үр дүнгээ тайлбарлаж, тайлагнах, түүнийхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Үүний дээр хууль дээдлэх зарчмыг баримталдаг байх нийтлэг үүргийг гүйцэтгэх чадвартай байх ёстой гэлээ. Үүний дээр орчин үед инженерийн салбарын хүрээнд дараах таван ёс зүйг нэн тэргүүнд эзэмшсэн байх шаардлага тавигддаг болохыг тэрбээр танилцууллаа. Үүнд, инженерчлэлийн ёс зүй, инженерийн ёс зүй, био ёс зүй, мэдээллийн ёс зүй болон бизнесийн ёс зүй багтдаг аж. Технологи бүр ашигтай байдаг шиг зэрэгцээд аюул дагуулж байдаг учир бүх төрлийн инженерүүд дээрх хэмжээний ёс зүйтэй байх шаардлагатай гэдгийг онцолж тайлбарлаж байв. Инженерийн мэргэжил олгодог Монголын их, дээд сургуулиудад сүүлийн жилүүдэд инженерийн ёс зүйн хичээл ордог болсныг энэ үеэр дурдсан.
Инженерийн ёс зүйн боловсролд анхаарах болсон шалтгааны талаар Б.Наранбаатар илтгэгч хэлэхдээ, инженерийн алдаанаас үүдэлтэй осол ихэссэн, инженерийн мэргэшсэн зэргийг олон улсад харилцан хүлээн зөвшөөрөх болсон гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр инженерийн ёс зүйн боловсролын түүх, инженерийн ёс зүйн талаар болон инженерийн ёс зүй хичээлийн хөтөлбөр, агуулгын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Дараа нь төслийн танилцуулга, уулзалтад оролцогчид Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэллээ. Иргэний боловсролын хичээлийг анги удирдсан багш нар орох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчин, нийгмийн сүлжээнд хүмүүнлэг боловсролын талаарх контентуудыг бэлтгэж, нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны оролцоог зохистой, оновчтойгоор зохион байгуулах боломжийг бүрдүүлэх саналыг хэлж байв.
Мөн хүүхдүүдийн хүмүүжилд ээжийн оролцоо чухал гэдгийг онцолж, хүүхдийг гурван нас хүртэл ээж нь асарч, хүмүүжүүлэх бололцоог бүрдүүлэх чиглэлд төрөөс анхаарах саналыг гаргаж байв. Түүнчлэн багш мэргэжлийг эзэмших хүнээс хүмүүнлэгийн үйл ажиллагааны туршлага, кердит шаарддаг байх, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, багш нарын нийгмийн баталгааг сайжруулах, телевизүүдийн агуулгад хяналт тавих, цахим сургалтыг үргэлжлүүлэх, нөгөөтэйгүүр хүүхэд, залуусын цахим хэрэглээг зохистой түвшинд зохицуулах гэх зэрэг саналуудыг оролцогчид хэлж байв.
Ийнхүү Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт өндөрлөж, арга хэмжээг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Улс орны хөгжил нь боловсролын асуудалтай шууд хамааралтай байдаг гэдгийг тэрбээр цохоод “Боловсролын асуудлыг багшийн хариуцлага, эцэг, эхийн оролцоо гэх мэтээр хэн нэгэнд шууд хамаатуулах учиргүй. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг. Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралынх нь бүх хугацаанд ёс зүйн боловсрол гэдэг байнга хамт байх ёстой юм байна. Хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэх, түгээх, эзэмших нь хүн бүрийн үйл хэрэг байх юм. Төр засгаас эхлээд гэр бүл, эцэг, эх гээд иргэн нэг бүрийн үйл хэрэг, анхаарлын төвд байх үйл хэрэг байх юм байна. Тэр дундаа багш нэг бүрийн үйл хэрэг, дадал зуршил байх ёстой. Боловсролын тогтолцооны үндсэн зорилго бол хүн нэг бүрийг математикч болгох биш, харин хүн болгох юм” гэв. Гэр бүлийн хүмүүжил хувь хүний төлөвшилд нэн чухал байдаг талаарх хэд хэдэн баримтыг тэрбээр дурдаад “Монгол нь Азидаа хоёрдугаарт, дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх зан заншлын агуу их хуультай улс гэдгийг эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг” гэв. Тиймээс боловсролын салбарыг цогцоор нь харж, асуудлыг ул суурьтайгаар судалж, бүх нийтийн ухамсар, сэтгэлгээний өөрчлөлтийн түвшинд хандаж, үүнийг нь багш нар манлайлан хийснээр нийгэмд бодит өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ гэв.
Төгсгөлд нь, хэлэлцүүлэгт оролцогчид төдийгүй боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлд оролцох сонирхолтой хэн бүхэн lawforum.parliament.mn цахим хуудаст нэвтрэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт оролцох, тодорхой төслийн зүйл, заалттай холбоотой саналаа илэрхийлэх боломжтойг хэлж, уриаллаа.