Саяхныг хүртэл эрдэмтэд хүний тархи насанд хүрсэн үеэс эхлэн өөрчлөгддөггүй ба нас ахихын хэрээр тархины ажиллагаа мууддаг гэж боддог байсан. Гэвч сүүлийн үед гарч буй шинжлэх ухааны олон судалгаагаар дасгал хөдөлгөөн нь булчинд нөлөөлдгийн адилаар тархины эдэд сайнаар нөлөөлдөг гэдгийг олж мэдээд байна.
Тархинд ойролцоогоор 100 тэрбум нейрон хэмээх тархины эс байдаг ба шинэ туршлага, шинэ зүйл үзэж харах үед нейронуудын хооронд шинэ холбоос үүсдэг. Харин аливаа зүйлийг дахинтаа давтан үйлдсэнээр мэдрэлийн сүлжээснүүд шинээр бий болж, өмнөх нь улам батаждаг. Иогийн дасгал хийн өөрийн биеийг янз бүрийн байрлалд оруулснаар бидний тархинд эерэг хэв шинжийг бэхжүүлж, хэрэггүй бодол, сэтгэл хөдлөлөөс салахад тусалдаг. Үүний ачаар амьдралд ямарваа асуудал тулгарахад хүнд илүү эрүүл, зөв сонголтууд бий болдог байна.
Иог сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн туслах вэ?
Хүний тархинд гурван бүтэц байдаг: Инстинктийн тархи буюу “Би аюулгүй байна уу?”, Сэтгэл хөдлөлийн тархи буюу “Надад юу мэдрэгдэж байна вэ?”, Сэтгэгч тархи буюу “Энэ юу гэсэн үг вэ? Ямар утга учиртай вэ?” гэсэн асуулт тавьдаг.
Гүн хямрал, аюул осол, архаг стресс, сэтгэл зовнилын үед хүний сэтгэл хөдлөлийн тархи илүү ажилладаг. Тархины амигдала буюу айдсын төвөөс ирж буй дохио хүний инстинктийн тархийг Зугт эсвэл Тулалд гэсэн шийдийн аль нэгийг гаргахад хүргэдэг. Үүнээс болоод хүнд байсан амар амгалангийн мэдрэмжийг түгшүүр, стрессийн мэдрэмж даван гардаг. Ийм цаг үед хүний сэтгэгч тархи нь илүү үр нөлөө багатай болдог. Харин иог, иогийн асана, амьсгалын дасгал, бясалгал хийснээр хүний сэтгэгч тархийг дэмжиж, стрессийн орчинд хүний зан ааш, сэтгэл зүйн төлөвийг илүү сайн зохицуулдаг болоход тусалдаг байна.
Иог хийснээр стрессээ зохицуулахад туслах уу?
Тархинаас ялгардаг нейротрофын фактор нь нейроны эрүүл мэнд, түүний уян хатан байдалд нөлөөлдөг уураг юм. Иогийн дасгал хийснээр уг бодисын ялгаралтыг нэмэгдүүлэх замаар сэтгэл гутрал, ужиг өвдөлтийг бууруулдаг байна. Харин кортизол нь стрессийн даавар бөгөөд хэмжээ нь урт хугацааны турш өндөр байвал хүн жин нэмж, элдэв үрэвсэл үүсдэг. Тархины айдсын төвийн ажиллагаа их, ой дурсамжийн төвийн ажиллагаа бага байснаар энэхүү кортизол буюу стрессийн даавар ихэсдэг байна. Ингэснээр гиппокамп шинэ нейрон, шинэ холбооснуудыг сайн бүтээж чаддаггүй.
Харин иогийн дасгал хийснээр кортизолын түвшин буурч, ой санамж сайжирдаг байна.
Мэдрэлийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх эм гэж байдаггүй. Үүнийг нэмэгдүүлэх хамгийн сайн арга бол тогтсон хэв маягаа өөрчлөх юм. Иогийн дасгал, тэр дундаа нарны мөргөл нь тархины мэдрэлийн эдүүдийн ургалт, өсөлтөд маш сайн нөлөөтэй байна.
Энэ мэт хүний анатоми бүтцийг нарийвчлан ялгаж, өнгө зургаар ялган харуулсан зураглал, товч тодорхой бага текстээр шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэн бичсэн тус номыг орчин үеийн хүн бүр таалан унших ёстой бүтээл болжээ.
Н.НАНДИНЧИМЭГ