Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Чуулганы нээлтэд цахимаар оролцож буй Хүндэт зочид оо,
Та бүхэнд намрын чуулганы нээлтийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Тиймээс азай буурал ахмадууддаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, энх тунх, урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөн дэвшүүлье.
Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, хэвийн горимоор танхимаар хуралдаж эхэлж байна. Цаашдаа энэ шинэ горимоор танхимаараа хуралдана. 2022 оны улсын төсвийг хэлэлцэхээс эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж, хичээж зүтгэж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр ажлын хэсэг ахалж, ажлын хэсэгт багтаж, үүрэг хүлээж чиглэл чиглэлээрээ ажиллаж байгаа. Хариуцсан хуулийн төслөө хэлэлцүүлж батлуулахын төлөө шамдан ажиллаж, сонгогчдодоо тайлагнахыг чуулганы эхэнд үүрэг болгож байна.
Нэгдүгээрт, Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт байх болно.
Хүн төрөлхтөн Ковид-19 халдварын цар тахалтай нүүр тулаад 2 жил шахам болж байна. Дэлхий даяар 233 сая хүн халдвар авч, дельта вирусээр үүсгэгдсэн дараагийн давалгаа эхлээд байна. Манай улсад ч КОВИД-ийн нөхцөл байдал амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 гаруй хувийг вакцины хоёр тунд хамруулсан ч 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1200 гаруй иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа. Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд Улсын Их Хурал гүн эмгэнэл илэрхийлье.
Ковид-19 халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс угтуулан сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан дараах чиглэлд холбогдох Байнгын хороод, Эрүүл мэндийн яам, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд:
-Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар голомтлон тархахаас сэргийлэх, ялангуяа агаар-дуслын замаар халдварладаг онцлогийг харгалзан агааржуулалтыг тогтмол хийх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах, нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай байна.
– Жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд уг халдварт өртөх, өртвөл хүндрэх эрсдэл их тул Эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын хүртэлх бүх эмнэлгүүд зорилтот бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхаа эрс сайжруулах, тусламжийн менежментийг өөрчлөн, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна.
– Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын бусад халдварт өвчин сэрүүний улиралд нэмэгддэг тул КОВИД-той зэрэгцэн давхар эрсдэл үүсэхээс сэргийлж, томуу, хатгалгаа, бусад тарилгат халдварт өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлэх;
-Ковид-19-ийн халдварын тусламжийн зэрэгцээ эрүүл мэндийн үндсэн тусламжид онцгой анхаарч, эмнэлгийн болон нийтийн эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үүний тулд санхүү, төсөв, нөөц боломжийг дайчилж ажиллах;
-Эрүүл мэндийн салбарт иргэнд чиглэж, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийг нэвтрүүлэх, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж, салбарын чадавхыг богино хугацаанд шинэ шатанд гарган, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоо төлөвшүүлэх шаардлагатай байна.
Байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ бэрхшээл учруулж байгаа цар тахлыг
зөвхөн хорио хязгаарлалтаар бус, харин иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна. Ингэхдээ хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхийн нийтийн хандлага ч ийм байна.
Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Төсвийн орлого, экспорт, төлбөрийн тэнцлийн талаарх сар бүрийн статистикт сайн мэдээ байгаа ч инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа.
Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад 2021 оны 8 дугаар сард л гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна.
Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг л иргэд хүсч байгаа.
Энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч үргэлжлүүлэн дэмжиж, хамтарч ажиллах болно. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй.
Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул Сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл байгаа, хүндрэлтэй асуудлууд яагаад үүсэж буй шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч байх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно.
2021 оны хаврын чуулганы зорилтыг “Хүний эрхийг дээдлэх” хэмээн та бид тодорхойлж байсан. Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй гэдгийг дахин хэлье. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран эхлүүлээд байна. Үе шаттай хийгдэх энэхүү цогц ажил нь энэхүү УИХ-ын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт байх болно.
Цар тахал, цаг үеийн нөхцөл байдал, технологийн хөгжил биднийг өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндлэх зарчмыг баримталж, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, цахим шилжилтийн үеийн хууль тогтоох үйл ажиллагаанд нэн хариуцлагатай хандах, цар тахлын сөрөг үр нөлөөг хохирол багатай даван туулах зохистой орчин бүрдүүлэхийг шаардаж байгааг Та бүхэн анхаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна.
Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна.
Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй боллоо.
Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдийн нүдээр харж эдгээр хуулиудыг батлах ёстой.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд:
1.Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хянаж, Төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх;
2.Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус, ажил эрхлэлтээр дэмжих Халамжаас-Хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлэх;
3.Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх;
4.Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж, стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлж, төсвийн урсгал зардлыг бууруулах;
5.Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан санхүүжилт, зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт олгох замаар төрийн албаны бүтцийг шинэчилж, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах шинэчлэлийн зорилтуудыг УИХ, Засгийн газраас дэвшүүлж байна.
КОВИД-ын эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хүрээнд санал нэгдэж байгаа.
Холбогдох хуулиудыг боловсруулах, хэлэлцэх шатанд МҮХАҮ-ийн танхим, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулах хамтарсан зөвлөл буюу байнгын механизмыг УИХ байгуулан ажиллаж байна.
Төр, хувийн хэвшлийнхэн нэг зүгт, ижил өнцгөөр харж байж бодлого үр дүнд хүрнэ. Тиймээс УИХ чуулганы завсарлагааны хугацаанд энэ чиглэлд түлхүү анхаарлаа. УИХ-ын даргын захирамж, Байнгын хороодын тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулагдаж, 20 гаруй хуулийн төсөл дээр ажиллалаа.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Х.Ганхуяг, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг Х.Булгантуяа нарын гишүүд хариуцаж, энэ сард багтаан хэлэлцүүлж, батлуулахаар идэвхтэй ажиллаж байна. Д.Өнөрболор гишүүний ахалсан ажлын хэсэг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон Худалдааг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, байгаа.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, дэлхийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засгийн сэргэлт, хөгжлийн бодлогоо дэмжих хөшүүрэг болгон ашиглах ёстой.
Энэ чиглэлээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх шатанд татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын оролцоог хангах, төр, хувийн хэвшил хамтран ажиллах, зөвлөлдөх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байнгын ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Төсвийн сахилга бол эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нэг чухал хэрэгсэл юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийг сайжруулах нь энэхүү реформын нэг үндсэн чиглэл болно. Хөрөнгө оруулалт оновчтой биш, хэт үрэлгэн, завших цавчих байдал хэрээс хэтэрснийг иргэд шүүмжилж байна. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах арга хэмжээг хойшлуулалгүй эцэслэн шийдвэрлэе. Халамжийн бодлогоо цэгцэлж, хөдөлмөр эрхлэлтэд илүү ач холбогдол өгөх цаг болсныг бол иргэд, судлаачид сануулж байна.
Үүний зэрэгцээ бид байгаль хамгаалах асуудалд онцгой анхааралд хандуулах цаг болсон. Д.Тогтохсүрэн нарын гишүүд цөлжилттэй тэмцэх, Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нарын гишүүд байгаль хамгаалах бүлгийг санаачилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгоор Цөлжилттэй тэмцэх, Ойн хомсдол, доройтлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, Ойн цэвэрлэгээ зэрэг таван үндэсний хөтөлбөр, төслийг нэгтгэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлж “Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж батлах, дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой уялдуулах нь зүйтэй байна. Жишээ нь, мод тарьж ургуулаад халамжид хамрагддаг байж болно, ялын бодлогыг үүнтэй уялдуулж болно. Татварын хөнгөлөлтөөр дэмжиж болно.
Гуравдугаарт, засаглалын чадавхийг бэхжүүлж, сайн засаглал төлөвшүүлэх нь намрын чуулганы өөр нэг чухал зорилт юм.
Засаглалаа чадавхижуулаагүй цагт ямар ч сайн бодлого, зорилт үр дүнд хүрэхгүй. Иймээс юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлнэ. Иргэндээ үйлчилдэг төрийг төлөвшүүлэх, цахим шилжилт хийх, төрийн албыг чадавхижуулах, их өгөгдлийг бодлого, шийдвэр гаргах хэрэгсэл болгож ашиглах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжих зэрэг олон зорилго засаглалын шинэчлэлд хамаарна.
УИХ-д Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Б.Энхбаяр нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Авлигын эсрэг бүлэг байгуулагдан ажиллаж байна. Авлигын эсрэг тэмцэлд иргэдтэйгээ, хэвлэл мэдээллийн салбартай хамтарч ажиллаж байж үр дүнд хүрдгийг мартаж болохгүй.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар Монгол Улс сүүлийн хоёр жилд 35 оноо авсан нь харамсмаар үзүүлэлт юм. Хэдийгээр энэхүү судалгаа нь гадаад, дотоодын хүмүүсийн хувийн үзэл бодол, төсөөлөл дээр суурилдаг боловч бид өөрсдийн үйл ажиллагаанд харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд нийгмийн харилцаа, төрийн үйл ажиллагааны үндсийг тодорхойлж, зохицуулдаг гол хэрэгсэл болох хууль тогтоомжийн найдвартай, тодорхой, тогтвортой байдал, бодитой шинж чанарыг хадгалах нь чухал байна. Түүнчлэн нийтийн дунд дэлгэрсэн ойлголт, сэтгэхүйн хүлээснээс ангижирч шинэ дэг дүрэм тогтоох шаардлагатай асуудал ч бий. Энэ чиглэлээр нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудын нэг нь дэлхий нийтээр “Шүгэл үлээх” гэж нэрлээд байгаа нийт олны эрх ашгийг хамгаалахын тулд хийдэг үйл ажиллагаа юм. Монгол Улсад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг, бодитоор хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхийг цаг үе шаардаж байна.
Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгсөн шүгэл үлээгчид тодорхой хэмжээний урамшуулал, нөхөн төлбөр өгөх асуудлыг зохицуулсан Тусгай активын тухай хуулийг санаачилж байгааг дурдъя.
Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг 50 оноонд хүргэхийн тулд үнэлгээний үндэслэл болдог олон улсын байгууллагуудын үнэлгээ, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Авлигатай тэмцэх байгууллага болон хяналт тавих эрх бүхий бусад байгууллагын бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ бодитой арга хэмжээ авах болно.
Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа өөр нэг чухал асуудал бол улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилт болоод байна. Улс төрийн нам, бизнес, төр хоорондын зүй бус нөлөөллийн зам мөрийг засаж байгаа гол хүчин зүйл нь намын санхүүжилттэй холбогдож байгааг хүлээн зөвшөөрч, таслан зогсоох шаардлагатай байна. Төрийн байгууллагын төсөв ил тод болсны адилаар намуудын төсөв санхүүжилт ил тод, шилэн болох цаг нь болжээ. Энэ чиглэлээр Ц.Мөнхцэцэг нарын гишүүд хуулийн төсөл боловсруулж, намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байгаа. Гишүүд энэ чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай.
Төр өөрийн эрх мэдлээ ард олондоо ээлтэй байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, зөвшөөрөл, хяналтын тогтолцоог цахимжуулж, хүний оролцоог хөнгөлж, хүнд суртлыг багасгах нь нэн чухал зорилт юм. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийн Ажлын хэсгийг Эрхэм гишүүн Х.Ганхуяг, Цахим гарын үсгийн тухай хуулийн Ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахлан ажиллаж байна. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төслөөр Ж.Мөнхбат даргатай Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлгүүд зохион байгуулж, бэлэн болгоод байна.
Эдгээр хуулиар төрийн албаны бүтэц, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, гүйцэтгэл, бүтээмжид тохирсон санхүүжилт, цалин хөлсний тогтолцоог төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж, зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарна.
КОВИД олон сөрөг нөлөө дагуулсан ч бас шинэ боломжийг нээж өгч байгаа. Түүний нэг нь цахим ажил, үйлчилгээний өргөжилт юм. Цахим хурал, цахим худалдаа, цахим ажил эрхлэлт урьд өмнө байгаагүй өргөн хүрээг хамарлаа. Одоо үүнийг технологийн шинэ дэвшилтэй уялдуулан, тогтмол хэрэглээ болгож чадвал цахим үндэстэн болох зорилгод маань томоохон алхам болно. Энэ чиглэлээр Н.Учрал гишүүний ахалсан Байнгын хороо идэвхтэй ажиллаж байна.
Хуулийн засаглал тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог байх, монгол хүний эрхийг зөрчихтэй хатуу тэмцэх бидний зорилгод энэ чуулганаар батлах Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэх болно.
Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалын зорилтоо бид энэ чуулганаар үргэлжлүүлэх болно.
Шүүх эрх мэдлийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд, иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Түүнчлэн Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, шинээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг цогцоор нь хэлэлцэж батлахаар төлөвлөж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль гацаанаас гарсан. Цэцийн шийдвэр эцэслэгдсэн. Одоо шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хороо онцгой анхаарал хандуулж, шүүхийн шинэчлэлийн ажлаа үр дүнд хүргэмээр байна.
Тавдугаарт, Энэ удаагийн чуулганаар боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.
Улс орны хөгжил дэвшил, мандан бадрах маргаашийг эрдэм боловсролтой иргэд л бүтээн байгуулна. Тиймээс дэлхийн түвшний боловсролыг хүүхэд, залуустаа эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, дэлхийтэй хөл нийлэн алхах хөгжсөн шинэ монгол иргэдийг өсгөн хүмүүжүүлэх үзэл баримтлалтай багц хуулиудыг хэлэлцэхээр зорьж байна. Үүнд нэлээд их цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой.
Үүнд Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай, Боловсролын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм.
Эдгээр хуулийн Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар баталж, ахлагчаар Эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдээр Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар ажиллаж байна. Хуулиудын хэлэлцүүлэгт гишүүдийг идэвхтэй орж ажиллахыг уриалж байна.
Эрхэм гишүүд ээ,
Дээр дурдсан 5 асуудал бол харилцан хамааралтай, эх орноо эрчимт хөгжлийн замд гаргах зорилгын хөшүүрэг болох зангилаа асуудлууд билээ.
Тиймээс хөгжлийн ирээдүйгээ бүтэн зураглаж, мэргэн ард түмнийхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдмэл эрмэлзэлтэй байж, эв саналаа нэгтгэхийг Та бүхэндээ уриалж байна.
НЭГ МОНГОЛ НИЙТЭЭРЭЭ НЭГ ЗҮГТ харж чадсан цагт ИХ СЭРГЭЛТ-ийн бодлого зөв замдаа орно. Цар тахлыг амжилттай даван туулна.
Та бүхэндээ, нийт монголчууддаа гэгээн сайхан гэрэлт маргаашийг ерөөе.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулган нээснийг мэдэгдье.