Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны өвлийн адаг сарын 5-нд тэнгэрт дэвшлээ.
П.Батхуяг 1974 оны есдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр нийслэлийн 50 дугаар дунд сургууль, Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгсөн, утга зохиол судлаачийн мэргэжил эзэмшиж, МУИС, МУБИС-ийг дүүргэн 2005 онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Батхуяг 1997 оноос Монгол хэл бичгийн дээд сургууль, “Их Монгол” дээд сургууль, Соёл Урлагийн Их Сургуульд уран зохиолын багш, тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессороор ажиллаж, олон арван эрдэмт шавийг төрүүлж, тэднийгээ амьдралын их далайд ухаан, нөмрөөрөө түшсэн гайхалтай ховор багш, нэртэй сурган хүмүүжүүлэгч билээ.
П.Батхуяг нь 1990-ээд оны дунд үед утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, кино зохиол, утга зохиол судлал, шүүмж… гээд уран зохиолын бүхий л төрлөөр бичиж, бүтээл туурвилын гэгээн ертөнцөд ухамсарт амьдралаа зориулсан юм.
Тэрбээр “Замдаа гарцгаая, Хүрээ хөвгүүд ээ” /Хамтын. 1997/, “Буух зурвас” /1998/, “Өнгөт ертөнц” /2004/, “Бурхангүй газар” /2004/, “Хүрэл зүрх” /2006/, “Шинэ үнэр хийгээд би” /2006/, “Үнэд орох цаг” /2007/, “Яруу найраг-миний цонх” /2007/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Тэнгэр хэмээх шувуу” /2009/, “Улаан хотын зүрх” /2010/, “Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” /2010/, “Салхи чулуу борооны сахиус” /2011/, “Би биоплазм шүлгүүд” /2013/, “Хүүрнэл зүрх” /2014/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Цаг хугацааны цас бороо” /2016/, “Хүйтэн хотын романс” /2018/ романууд, “Намар гэрэлтэгч үгс” /2021/, “Нохой далайн зомгол” /2021/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/, “Эсээ оршил буюу эсээний тухай эсээ” /2021/ номуудаа монголын болон дэлхийн уншигчдад хүргэсэн.
Зохиолч П.Батхуяг “Бурхангүй газар” /2004/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Шинэ сэрэхүй” /2009/, “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Хэлбэргүй бодлогошрол” /2011/, “Эсрэг цаг” /2016/ тэргүүт бүтээлээрээ утга зохиолын “Алтан Өд” оны тэргүүн дээд шагналыг зургаан удаа хүртэж байсан юм.
Түүний “Маргаашийг мартагсад” /2016/ жүжиг нь БНХАУ-д, “Үйлийн гурван чулуу”, “Хүний хүрэм” /2017/ драмын жүжиг, “Эр өндөг” /2015/, “Намайг оршуулаач” /2015/”, “Гал” /2017/, “Гар утас” /2018/, “Саксафон” /2018/ варьетте жүжгүүд Улсын Драмын Эрдмийн театр болон үндэсний театруудын тайзнаа тавигдсан билээ.
П.Батхуяг кино зохиолчийн хувьд “Хигээс” уран сайхны, “Жангар” олон ангит хүүхэлдэйн, “Хүрэл зүрх” богино хэмжээний, “Ариун номын эрэлд” баримтат кино туурвиж, үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний бүтээсэн “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Моно & Момо” /2016/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/ тэргүүт жүжгийн ботиуд нь монголын театрын урлагт өв болон үлдэж байна.
Тэрбээр утга зохиолын шүүмж, театр, киноны шүүмж, эсээ, нийтлэлийн төрлөөр “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи” /2005/, “Сүхбаатарын Батмөнх” /2005/, “Эсрэг цаг” 1,2,3, “Очирбатын Дашбалбар” /2018/, “Цаг хугацаа, орон зайн хэл” /2019/, театр, киноны шүүмжийн 20 гаруй ном бичиж, хойч үеийн судлаачид бахдан дагахуйц баялаг арвин оюуны өвийг бүтээжээ.
Зохиолч, судлаач П.Батхуяг нь монголын уран зохиолын өвийг түгээн дэлгэрүүлэгч, залуу үе, тэдний уран бүтээлийг нээн таниулагч байсан юм. Түүний эрхлэн санаачилсан “Монгол салхи I, II” /2009, 2013/, “Монголын шинэ үеийн яруу найраг” /2010/ залуу яруу найрагчдын антологийг Улаанбаатар болон Хөх хотод хэвлүүлжээ.
2015 онд Пүрэвхүүгийн Батхуягийн өгүүллэгээр нэрлэгдсэн “Хүрэл зүрх” тэргүүт монголын шилмэл богино өгүүллэгийн түүвэр франц, солонгос хэлээр, 2009 онд “Стихи” шүлгийн эмхэтгэл, хүүрнэл зохиол, яруу найраг, судлал шүүмжийн шилмэл бүтээлүүд ӨМӨЗО-нд монгол бичгээр, 2013 онд “Songs of steppy” шүлгийн эмхэтгэл бүтээлүүд орос, англи, хятад, швед, солонгос, франц хэлээр хэвлэгдэж, ертөнцийн уншигчдын хүртээл болж эхлээд байв.
Пүрэвхүүгийн Батхуяг нь монгол хэлтний оюун санааны ертөнцийн нэгэн тэнхлэг байлаа. Тэрбээр Монголын утга зохиол, соёлын чиг үүргийг тодорхойлох төр, засгийн байгууллагуудын дэргэдэх олон зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Монголд анх удаа Соёл Урлагийн Их Сургуульд “Жүжгийн зохиолч”-ийн тэнхимийг бий болгон, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, тэргүүлэх профессорын хувиар үр бүтээлтэйгээр удирдан ажилласан сурган хүмүүжүүлэгч байлаа. Тэрбээр олон улсын болон монголын эрдэм шинжилгээний хурал, чуулганд судалгааныхаа олон ажлын үр дүнг танилцуулж, утга соёлын шинжлэл, өгүүллүүдээ хэлэлцүүлсэн.
Эрхэм нөхөр маань Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Судлал шүүмжлэлийн төвийн тэргүүн, Утга зохиолын “Хүрээ хөвгүүд” нэгдлийн гишүүн, Азийн зохиолчдын “Азийн уран зохиол” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Монголын хайкугийн холбооны гүйцэтгэх захирал зэрэг утга соёлын хариуцлагатай олон сонгуульт албыг эрхэлж байсан нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байв.
Зохиолч П.Батхуягийн хөдөлмөр зүтгэл, билиг авьяасыг төр засаг болон иргэний нийгмээс өндрөөр үнэлж, 2007 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2012 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2013 онд “Алтан гадас” одон, 2015 онд СУИС-ийн “Шилдэг судлаач багш” цол, 2016 онд Азийн зохиолчдын зуны форумын шилдэг зохиолч, “Гэгээн муза” олон улсын театрын наадмын “Шилдэг жүжгийн зохиолч”, Судлаач шүүмжлэгч Ц.Мөнхийн нэрэмжит шагнал зэрэг утга зохиол, боловсролын салбарын олон шагналыг хүртээжээ.
Зохиолч П.Батхуяг Монголын Зохиолчдын Эвлэлийн “Утгын чимэг” наадамд 6 удаа шагналт байрт шалгарч, 2021 онд “Агь нүдлэж байлаа” өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм.
Монгол тулгатны утга, соёлын гэрэлт од Пүрэвхүүгийн Батхуягийн дундаршгүй билиг авьяас, хөдөлмөрч хичээнгүй зан, үнэнч шударга, хүнлэг нөхөрсөг сэтгэл, гэгээн тунгалаг дүр утга зохиолын ахан дүүс, анд нөхөд, зуу зуун шавь нарынх нь сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“ЦОГ” СЭТГҮҮЛ
“УТГА ЗОХИОЛ УРЛАГ” СОНИН
“ХҮРЭЭ АХАН ДҮҮС” УТГА ЗОХИОЛЫН БҮЛГЭМ