“АВЛАГЫН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ”
СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
/Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын жишээн дээр/
Техник технологийн хурдацтай хөгжил, түүнийг дагасан зах зээлийн өрсөлдөөний хууль улс орны болон компаний түвшинд хөдөлмөр, цаг хугацаа хэмнэсэн бүтээмжийг өсгөх мэдээ мэдээлэл, мэдлэгт суурилсан технологийг шаардаж байна. Энэхүү хөгжлийн чиг хандлагад гол нөлөө үзүүлж, түлхэц болж байгаа зүйл бол интернет юм.
Монгол Улсад мэдээлэл цахилгаан холбооны салбар дахь интернетийн үйлчилгээ улам эрчимтэй хөгжиж байгаа. Иймээс бизнесийн өрсөлдөөнт зах зээлд хэрхэн удирдах, ашигт ажиллагааг сайн байлгах, компанийн төлбөрийн чадварын тогтвортой байдлыг хангах зэрэг санхүүгийн удирдлагын шийдвэр гаргалт маш чухал болж байна.
Харилцаа холбооны салбар нь бусад салбартай харьцуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цикл болоод мөчлөгийн үе шат үйлдвэрлэлийн байгууллагаас өөр онцлогтой байна. Бизнесийн байгууллагын хувьд орлогоо нэмэгдүүлэх нь хамгийн чухал байдаг. “Одоо байгаа худалдан авагчдаа урамшуулах, шинээр худалдан авагчдыг өөртөө татахын тулд компани зээлийн борлуулалт хийдэг. Дансны авлага нь зээлийн борлуулалтын үр дүнд бий болно. Дунджаар компанийн эргэлтийн хөрөнгийн 40 орчим, нийт хөрөнгийн 15 орчим хувийг дансны авлага эзэлж байдаг.” (Б.Бүжинлхам, 2007.х.529) Ихэнхи байгууллагын хувьд орлогын нэлээд хувийг авлага бий болгосон байдаг.
Тиймээс интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын авлагын удирдлагад тулгарч байгаа асуудлуудыг судлан авлагын удирдлагыг сайжруулах оновчтой арга замыг тодорхойлох зорилгоор “Авлагын удирдлагыг сайжруулах нь” судалгааны ажлыг хийх хэрэгцээ шаардлага санхүүгийн зах зээл дээр бий болоод байгаа юм.
Харилцаа холбооны салбарын хэрэглэгчид нь ихэвчлэн интернэт орчинд мэдээлэл авч ажилдаг хүмүүс байдаг. Интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын мэдээллийн сайт, танилцуулгаас мэдээлэл авах, ажилчид болон харилцагч нараас ярилцлага хэлбэрээр салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогыг дараах байдлаар тодрууллаа.
- Интернэт ашиглахад гар утас болон тусгай төхөөрөмж /модем, экспресс карт, утасгүй өргөн зурвасаар, шилэн кабель, Video converter, FTF, свич, router зэрэг бусад төхөөрөмж хэрэглэдэг.
- Интернэтээс мэдээлэл татах, холболт хийх хурд үйлчилгээний гол чанарын шалгуур болдог.
- Хэрэглэгчдэд ихэнх тохиолдолд багцын үйлчилгээг санал болгодог /суурин утас, интернэт, кино сан, кабелийн телевиз/.
- Засвар үйлчилгээ нь ихэнх тохиолдолд мэргэжлийн ур чадвар шаардагддаг учир хэрэглэгч байнга хараат байдалд орох магадлалтай.
- Бүтээгдэхүүний чанар, үнэ тарифт хэрэглэгч нарийн хяналт тавих боломжгүй зарим байгуулагууд хяналт тавих боломжтой боловч энэ нь 1-3 хоногийн хоцрогдолтойгоор мэдээлэл өгдөг.
- Сарын хугацаанд үйлчилгээний эрхээ ашиглаж дуусаагүй тохиолдолд үлдэгдэл интернэтийн хэрэглээний эрх дараагийн сард хадгалагдахгүй.
- Үйлчилгээний байгууллага дээр заавал өөрийн биеэр ирж гэрээний өөрчлөлт хийдэг.
- Борлуулалтын дараах үйлчилгээ нь цагийн хязгаарлалттай зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар үйлчилгээ үзүүлдэг.
Эдгээр шалтгаанууд нь хэрэглэгчдэд нэмэлт төхөөрөмж худалдан авах, хэдий хэмжээний зээл төлөх болсныг цаг алдалгүй тодорхойлох боломжгүй байдал, үйлчилгээний санал гомдлыг удаан хугацаагаар барагдуулах, хэрэглээний хэмжээ хамааралгүйгээр тогтмол өр үүсэх зэрэг шалтгаануудаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, найдваргүй авлага үүсэх, авлага төлөлт удаашрах үндсэн шалтгаануудын нэг болж байна.
Интернетийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын авлагын удирдлагын өнөөгийн байдлын талаар тус салбарт ажиллагсдаас ярилцлагын хэлбэрээр авлаа.
- Зээлийн сонголт хийхдээ ямар нэг шалгуур ашигладаггүй, бүтээгдэхүүн үйлчилгээг авах хүсэлт тавьсан нөхцөлд техникийн нөхцөл шаардлагад /сүлжээнд холбогдох боломж, төхөөрөмжийн анхны үнийг төлөх төлбөрийн чадвартай/ нийцэж байгаа бол шууд гэрээ хийж үйлчилгээ үзүүлдэг.
- Бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх гэрээнд төлбөрийн хэмжээ, харилцагчийн авах бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ, төлбөр төлөх хугацаа зэргийг шууд заадаг.
- Зээлийн шинжилгээ хийгддэггүй, харилцагчийн төлбөрийн чадвартай эсэх, зээлээр борлуулж болох буюу зээл олгож болох дээд хязгаар гэсэн үзүүлэлт ашигладаггүй, менежерийн үзэмжээр, зах зээлд эзлэх нэр хүндэд нь үндэслэн таамгаар зарим нэг харилцагч нарт давтан зээл олгодог байна.
- Зээлийн нөхцөл нь анхны борлуулалтанд хөнгөлөлт урамшуулал олгодог. Энэ нь харилцагч татах гол арга хэрэгсэл нь болдог. Хуучин харилцагч нарт хөнгөлөлт урамшуулал олгодоггүй.
Авлага цуглуулалтын үйл ажилгааг нь нягтлан бодогч нар гүйцэтгэдэг. Авлага төлөх сануулга өгдөг боловч үйлчилгээний хугацаа дуусмагц үйлчилгээг шууд хаадаг, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийдэггүй, борлуулатын дараах үйлчилгээг зөвхөн ажлын цагаар өгдөг гэдгийг ярилцлагад оролцогчид хэлж байлаа.
Судалгааны явцаас интернет хэрэглэгчид болон энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйл ажилгаа улам өргөжин хөгжиж байгаа харуулж байна. Үүнд:
- Монгол Улсын хэмжээнд интернетийн бүртгэлтэй хэрэглэгчид 641 мянга болж өмнөх оноос 40%-иар өссөн.
- Монгол Улсын 2010 оны хүн амын тооллогын дүнгээр хүн амын 30,6% нь интернет ашиглаж байгаа ба хэрэглэгчдийн тоо 709.6 мянга болсон.
- Үүрэн холбооны 3G технологи 2012 оны байдлаар /давхардсан тоогоор/ 72 сум, сууринд нэвтэрч, хэрэглэгчийн тоо 641,0 мянга хүрсэн.
- Улсын хэмжээнд 200,000 орчим интернетийн холболттой цэг бий болсон.
Үүнийгээ дагаад интернетийн үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явуулж буй цахилгаан холбооны салбарыг төлөөлж чадахуйц компанийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж үзэхэд
- 2009-2012 оны баланс дахь авлагын дүн 2011 онтой харьцуулахад 2012 онд авлагын хэмжээ 46%-иар өссөн.
- Борлуулалтын хэмжээ 16%-иар өссөн борлуулалтын болон худалдан авагчдаас орсон мөнгө 17%-иар өссөн.
- 2009-2012 онуудад нийт хөрөнгийн дүнтэй авлага болон мөнгөн хөрөнгийг харьцуулахад дансны авлага огцом өсч, мөнгөн хөрөнгө огцом буурч, авлагын эргэц нь 9 удаа буюу 41 хоног байгаа нь борлуулалт хийсэн өдөр, тухайн борлуулалтын төлбөр орж ирэх өдрийн хоорон дахь дундаж хугацаа нь 1.5 сар байна.
Дээрх шинжилгээнээс харахад зээлийн борлуулалтын хэмжээ эрс өсч авлага цуглуулалт нь маш удаашралтай байгаа нь харагдаж байна.
Энэ нь хэрэглэгчдэд нэмэлт төхөөрөмж худалдан авах, хэдий хэмжээний зээл төлөх болсоныг цаг алдалгүй тодорхойлох боломжгүй байдал, үйлчилгээний санал гомдлыг удаан хугацаагаар барагдуулах, хэрэглээний хэмжээ хамааралгүйгээр тогтмол өр үүсэх зэрэг шалтгаануудаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, найдваргүй авлага үүсэх, авлага төлөлт удаашрах үндсэн шалтгаануудын нэг болж байна.
Гэтэл энэ салбарт ажиллаж байгаа ажилчдаас ярилцлага авч байхад авлагыг тухайн байгууллагын нягтлан бодогч нар гүйцэтгэдэг нь харагдаж байлаа.
Хэдийгээр хэрэглэгчиддээ авлага төлөх хугацааны талаар сануулга өгдөг боловч хугацаа нь дуусмагч үйлчилгээг хаадаг, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийдэггүй, борлуулатын дараах үйлчилгээг зөвхөн ажлын цагаар өгдөг. \
Ажилчид хэдэн төгрөгийн борлуулалт хийж, авлага хэрхэн барагдуулснаараа цалингаа тооцуулах үнэлгээний систем байхгүй зэрэг шалтгаан нь харилцагчаа, үйлчлүүлэгчээ алдах муу үр дагаварыг бий болгож байдаг.
Үүнээс үзэхэд зээлийн борлуулалт хийхээс эхлээд зээл олгох харилцагчаа зөв сонгох, харилцагчийн мэдээллийн санг дутуу цуглуулах, сар бүр авлагын талаар тодорхой зорилго тавьж ажиллах, авлага цуглуулах харилцагчийн жагсаалт гаргах, зээлийн төлбөрийн хугацааг сануулж байх шаардлагатай юм.
Иймд энэхүү судалгааны ажлаараа авлагын удирдлагыг сайн жишээн тулгуурлан үлгэрчилсэн загвар болон авлагын удирдлагын үлгэрчилсэн загвар гаргах шаардлага боловсруулсан бөгөөд тухайн салбарын хувьд авлагын удирдлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Интернетийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын авлагын удирдлагын үлгэрчилсэн загварыг схемээр харуулья:
Судлаач, магистрант Х.Отгонжаргал