Улсын бүртгэлийн байгууллагад Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхлээд буй “Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах” төслийн нээлт өнөөдөр /2024.04.04 боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдварт Фабер тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон улсын бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчид танхим болон цахимаар оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл нээлтийн үг хэлэхдээ “Азийн хөгжлийн банк Монгол улсад олон төсөл хэрэгжүүлж ирсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь Хууль зүйн салбарт төдийгүй Засгийн газрын хэмжээнд үнэлэгдэхүйц, амжилттай төсөл хэрэгжүүлдэг туршлагатай хамт олон юм.” гэж тодотгон төслийн хэрэгжилтэд амжилт хүссэн юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханаас төслийн талаар тодруулав.
Тэрбээр “Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд үйлчлэхдээ хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх хамгийн том шийдэл бол цахимжуулалт.
“Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах төслийн гол зорилго нь сумдуудад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.
“Алсын хараа- 2050” –Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын иргэдэд чиглэсэн заалтуудтай нягт уялдаа холбоотой гэж ойлгож болно.
Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага мэргэшсэн байгууллага байхыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэний бүртгэлийг хийх биш, улсын бүртгэгч ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙГ хийх бололцоотой байх чадавхжуулах асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэхээр яригдаж байна.
2023 онд гэхэд орон нутагт зөвхөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 200 мянга гаруй бүртгэл хийгдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг орон нутаг зөвхөн аймагт хийдэг. Тэгэхээр 200 мянга гаруй иргэн сумаасаа аймагтаа очиж үйлчилгээ авсан гэсэн үг. Тиймээс төвлөрлийг сааруулах, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үүднээс аймаг руу очихгүйгээр сумандаа төрийн үйлчилгээ авах боломжоор хангахын тулд “Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна”гэлээ.