Малчид хоршоолж ажиллахыг дэмжиж байна

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга,  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр болсон “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцож малчид руу чиглэсэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулсан юм.

Хэрэв малчид нийлж хоршоо байгуулж ажиллавал арилжааны банкнааас бага хүүтэй, урт хугацаатай, бага хувийн батлан даалт шаарддаг 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болж байгаа талаар онцлов.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцсон малчдын төлөөлөл цаашид хөдөөд хоршин нийлж ахуй амьжиргаагаа дээшлүүлж, хөдөө аж ахуйн салбарт ахиц гаргахыг дэмжиж байлаа.

Төв аймгийн Эрдэнэсант сумын гавьяат малчин Д.Гомбо-Очир:Яах аргагүй цаг үе нь шаардаж байгаа зүйл мөн. Сүүлийн 30 жил залуу малчдыг дэмжих, гэрээт малчин гээд хөтөлбөрүүд гарсан ч аль нь ч хэрэгжээгүй. УИХ дотор малчдыг дэмжих лобби бүлэг ч гарсан. Юу ч хийгээгүй. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” цагаа олсон хөтөлбөр мөн. Иймд маш нухацтай хэлэлцэж, сум орон нутагт, баг болгонд хүрч танилцуулах нь зөв.

Хэнтий аймгийн Галшар сумын малчин Б.Отгончимэг:Малчид хоршиж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Өнөөдрийн жишгээр ганц нэгээрээ байхаар ноос, ноолуур, арьс ширээ ч борлуулж чадахгүй байна. Манай нутагт хоршоод бий, арьс шир, ноосны урамшуулал авахын тулд хоршооны нэрээр хамрагдаж байгаа. Гэхдээ үр бүтээлтэй ажилладаг нь ховор байх. Харин “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн танилцуулгыг сонсоод энэ хөтөлбөр хэрэгжвэл малчдад хэрэгтэй юм байна гэж бодлоо. Зээлээ авчихна, хоршоод ажиллачихна, эргээд үр шимээ хүртчихнэ, ченжүүдэд дамжуулахгүй өөрсдөө бүтээгдэхүүнээ үнэд хүргэж амьжиргаагаа дээшлүүлнэ. Өмнөх хоршоо бол нэр төдий байсан.

Увс аймгийн Өмнөговь сумын “Сүрлэг морьт” хоршооны малчин Ж.Буян-Орших: Манай хоршоо 2022 онд 15 гишүүнтэйгээр байгуулагдсан, өнөөдөр 150 гишүүнтэй болоод үйл ажиллагаа явуулж байна. Хөдөө орон нутагт хоршоо гарцаагүй хэрэгтэй байгаа. Ардчилал гарснаас хойш  нэг, хоёроороо 30 жил явлаа. Нэгдэж нийлэхгүй бол байгалийн давагдашгүй хүчин зүйл, зуд турханыг давахад хүндрэлтэй болсон. Малчдад малаас өөр барьцаа хөрөнгө байдаггүй. Хоршоогоор дамжуулаад үйл ажиллагаа явуулбал малчдын амьдрал дээшилнэ, хөтөлбөр үр дүнд хүрнэ гэж бодож байна. Мал мах, ноос ноолуур ченжийн гар дамжихгүй байвал малчдадаа ч, хэрэглэгчдэдээ ч хэрэгтэй юм.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин Б.Тамир:Хэлэлцүүлэгт оролцоод анхны мэдээллийг авлаа. Хөрсөндөө буусан шийдвэр гараасай билээ гэж хүсэж байна. Хуучин хоршооны хэлбэрээр явчих вий гэж бодож байна.
Шинэ зуунд цаг үе маань шинэ зүйлийг хүсэж байгаа шүү дээ. Хөдөө орон нутагт яг үйлдвэрлэл дээрээ байдаг чих зөөлөнтэй хүмүүс бол малчид. Сэтгэл гаргаад сайн зохион байгуулаад шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл хийж чадвал энэ хөтөлбөр явна. Хонины арьс үнэгүй байхад л арьсны урамшуулал олгодог шүү дээ. Сонгууль дөхсөн гэдэг утгаараа биш шүү. Нийгмийн хөгжил явах л ёстой, гэхдээ дорвитой арга хэмжээ авах ёстой.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …