Улаанбурхан өвчнөөс сэргийлж олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөж байна

Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа.

Улаанбурхан өвчний эхний тохиолдол 7–р сарын 31-ний өдөр батлагдаж, өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2 тохиолдол батлагдаж, дотоодын 1 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улаанбурхан өвчний нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон цаашид хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн тандалтыг идэвхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа болон бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах   шаардлагатай  талаар танилцууллаа.

Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Үүнд:

Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхжүүлж, тандалт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, дархлаажуулалт, бэлэн байдлыг ханган ажиллахыг Эрүүл мэндийн яаманд үүрэг болгосон.

Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах чиглэлээр гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар зэрэг эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах;

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

Олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов.

Мөн улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээ зохион байгуулах болон бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Цаашид улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалтын судалгаанд үндэслэн нөхөн дархлаажуулах ажлыг шуурхай зохион байгуулах, голомтыг яаралтай цомхотгох, тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна.

Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, цочмог халдварт өвчин бөгөөд Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

Л.Хосбаяр:Хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн …