Ийм сонин асуудал байнга шахуу гардаг билээ. Эрчүүдийн сүнс буг болох нь байдаг ч харьцуулан үзвэл эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй цөөн гэдэг үзэл өнгөрсөн зууны эхээр өндөр хөгжилтэй улсуудад гарчээ. Бурханы шашин тийшээ хүч түрэн орж ирэх болсноор энэхүү асуудал яригдах болсон нь мэдээж. Тэр үеэс ер нь сүнс, сүлд гэх ойлголт бодит эсэх талаар шинжлэх ухааныхан ч сонирхож ирсэн гэдэг юм. Ялангуяа Буддын гүн ухаанд өгүүлснээр сүнс бол хий/энерги/ гэчихсэн нь тэдний анхаарлыг татаж орхихгүй юу. Ингээд Барууны эрдэмтэд сүнс судлалын асуудалд эргэлт буцалтгүй морджээ. Судалгаа, шинжилгээ бараг зуунаар шахуу үргэлжилж, наяад онд харин үр дүнгээ өгсөн билээ. Нас барж буй хүмүүсийг лазерийн томографиар байнга ажиглаж, судалж байгаад гэнэт үл ойлгогдох гэрлэн биеийг олж авчээ.
Осциллографийн багажийн дүрсэлснээр бүр маш нарийн хэлбэр, дүрстэй гэрлэн бие нас барагчийн зүрхэн тольт хавиас асар хурдтай гаран одохыг барьж чадсанаар тэр үедээ жинхэнэ дуулиан гээчийг тарьж шашин, шинжлэхүй ухаан хоёрыг бараг нэгтгэж орхисон бөлгөө. Тэрхүү биет өндгөн хэлбэртэй байжээ. Мэдээж, одоо ч тийм бөлгөө. Тэр бий болохгүй, бас үгүй болохгүй. Яагаад гэвэл энерги учраас тэр. Харин нэг дүрсээс нөгөөд шилжих нь гарцаагүй. Ингэхдээ эерэг юм уу сөрөг үзэгдэл дагуулдаг агаад түүний сөрөг үзэгдлийг нь магадгүй бид буг чөтгөр гээд байж мэдэшгүй юм. Шашныхныхаар сүнс, сүлд нь эд зүйлс гээд энэ ертөнцийн юманд хоргодохоороо харлаж, нэг ёсондоо хар эрчим агуулан буг чөтгөр болдог бололтой. Тэр цагаас шашин, шинжлэх ухаан хоёр ойртож эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Дээр нь, Альберт Эйнштейн хэлсэн гэх нэг үг гарч ирсэн нь бүр гал дээр тос нэмж орхисон билээ. Тэр суутан “Шинжлэх ухаанд хамгийн ойр шашин байдаг бол тэр нь Буддын шашин” гэчихсэн байжээ. Яг таг батлахад хэцүү ч магадлал тун үнэнтэй үг юм. Их хүн, тэр дундаа Альберт ийнхүү хэлчихсэн тул шинжлэх ухааныхан хүссэн ч, эс хүссэн ч түүнийг дагахгүй байх аргагүй болжээ. Осциллографийн дэлгэцнээ үлдсэн гэх гэрлийг сүүлд нь бүр жигнэж үзтэл 0,006 ч бил үү, нэг тиймэрхүү масс зааж орхих нь тэр. Тэгээд л бодит зүйл болсон билээ. Одоо “Сүнс байдаггүй юм” гээд хээв нэг зогсч байдаг эрдэмтэн үгүй болжээ. Харин сүнс яахаараа хоргоддог, хорвоогоосс яваад өгдөггүйг тайлж чадаагүй л байна. Тэгэхдээ түүнийг оюунлаг гэж дүгнэхэд хүрсэн нь замыг нь нэг талаар гэрэлтүүлээд байгаа юм. Хэдийгээр махан бод нь алга болсон/үхсэн/ ч сүнс нь мөнхөд амьд тул гэрэлт орчлонд ямар нэг байдлаар хоргодох нь зүйн хэрэг билээ.
Өөрөөр хэлбэл, үхэх дуртай хүн цөөн шүү дээ. Үхэх дуртай гэж амиа хорлогсдыг хэлсэн билээ. Хорвоогийн чухам юунд хоргоддог юм бэ гэх асуулт бас гарна. Хүн ядмагхан амьтан болохоороо эд агуурсдаа харам байдаг ажээ. Намайг үхэхээр машины үнэтэй хөөрөг минь хэнд очиж, тэр яачих бол гэсэн хармын сэтгэл нь сүнсийг явуулдаггүй юмсанж. Тийм харам сэтгэл чухамдаа эрчүүдийг бодвол бүсгүйчүүдэд харьцангуй их, бүр шунал тачаалын хэмжээнд хүрсэн байдаг юм байна. Тийм сүнс харин ч нэг явна гэж ёстой гонжийн жоо бололтой. Алт мөнгө, эд хөрөнгөдөө хоргодсон бүсгүйн сүнс зууныг элээдэг гэх. Түүнийг харын буюу домын, бүр тарни шидийн аргаар л энэ орчлонгоос нэг мөр илгээх бөлгөө.