Өнгөрөгч сард Монгол Улсад ардчилсан хувьсгал үүссэн юм уу, ялсан хэмээгч баярыг хөл хөөрцөг болон тэмдэглэв. Нэг нэгнээ дуудан одон тэмдэг гардуулж, энд тэндгүй хундага харшуулан хэд хонов. Чухам хаана оршин тогтнож байгаа ямар гээч ардчиллыг хэн гээч ардчилагчид тэмдэглээд байгааг огт ойлгосонгүй. Өнгөрөгч зууны 1989 оны арванхоёрдугаар сард болсон залуу уран бүтээлчдийн чуулганаас хөллөсөн гэх ардчилсан хувьсгалын түүчээ ганц хүний хамраас ч цус гаралгүй Монгол Улсад өрнөж байсан түүхтэй. Дэлхий нийтийн чиг хандлага байсан учраас тухайн үеийн ихэс дээдэс Сүх жанжны талбайд өлсөхөөр суусан хэдэн нөхдөд гар өргөн бууж өгөв. Улмаар ардчилсан төрийн жолоо атгалцахаар гучин нас шүүрч байгаа залуус төрийн толгойд гарч ирсэн дээ.
Анхны ардчилсан сонгууль явууллаа. Ард түмэн ойлгосон ч үгүй, энэ л мундаг гэж бодсон нэгэндээ санал өгөв. Хэвлэл мэдээллийн байгууллага ч хомс цаг, яах аргагүй яваад очсон хэнийг ч болов сонгож байлаа. Хувьсгал л болсон хойно хуучин холбоот улсаас харьцаагаа тасарч, улмаар дэлгүүрийн лангуу хоосорч гээд зүдэрч үзээгүй түмэн маань бага ч атугай өлсөх цангахын бэрхийг амссан. Гагцхүү хэдэн ганзагчдын нуруун дээр улс орны амьдрал ирсэн гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ийнхүү энэ л өлсөх цангахын гачаалаас гарахын тулд 1996 оны сонгуулиар төв талбайд өлсөж хэвтсэн хэдэн нөхдийг төрийн толгойд гаргаадхав. Яахав, нэг сайхан нийгэм байгуулах тухай сүүлийн хэдэн жил худлаа ярьсных нь ач гэх үү дээ.
Энэ цаг үеэс эхлэн Монгол Улсад шинээр үүсэн хөгжсөн ардчилсан нийгэм эсрэг тал руугаа явж иржээ гэдгийг өнөөдрийн нийгэм жинхэнэ утгаараа харуулж байна. Шуудхан хэлэхэд өнөөдөр Монгол Улсад ардчилал бараг устаж алга боллоо. Юун ардчиллын ойн баяр тэмдэглэж нэг нэгэндээ одон тэмдэг зүүж, хундага харшуулах вэ. Ардчилсан сонгуулийн үр дүнг сонгогч олон огт үзэхээ болилоо. Ялсан ялагдсан бүгд нэгэн хөнжилд багтаж, хамтраад луйвар булхайгаа хийдэг болов. Түмэн олны санал, итгэл үнэмшил, үнэт зүйл алга болов. Ийм байхад ардчилсан сонгууль өгнө энэ тэр гэж донгосоод ч хэрэг алга.
Баруун зүүнээ ялгахгүй улстөрийн хүчнүүд, түүнд багтах олигархи бүлэглэл нь хэтэвч нэг болж, ил хэрэлдэж далд тэврэлдэж өнөөдөртэй золгов. Өнөөх ардчилсан өрсөлдөөн нь фракц бүлэглэлүүдийн шантаажаар үргэлжилж байна.Сүүлийн үеийн сонгуулиудыг харвал нийт сонгогч олны санал өгсөн ирц хүрэхтэй үгүйтэй болж байгаа нь ардчилал гэгч улам бүр алга болж байгааг гэрчилэх томоохон жишээ мөн. Айсуй 2016 онд санал өгөх иргэний тоо эрс буурна. Зарим тойрогт ирц хүрэхгүй ахин сонгуулийн буухиа дэгдэх төлөв ч нэгэнт бий боллоо. Өнгөрөгч сонгуулиар гэхэд л зарим тойрогт санал дутуу шалтгаанаар ахин сонгууль зарлагдсан гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Нийт судлаач, ажиглагчид болж байгаа энэ бүхэнд санаа зовниж сууна. Үүнээс болж ахин хувьсгалын буухиа ч дэгдэж мэдэхээр байна.
Ардчиллын хамгийн үнэт зүйл бол ард түмэн өөрөө сонголтоо хийж, тэр сонголтынх нь дагуу бүрэлдсэн төр ард түмний төлөө үйлчилж байх ёстой л доо. Хамгийн энгийнээр үзвэл шүү дээ. Гэтэл энэ нь устаад алга болохоор өнөөх ардчилал гээч нь чухам хаана байгаад хэн тэмдэглээд байгааг ойлгох юм алга. Та нар төрийн эрхийг бариад бидний амьдралыг өөд нь татаад өг хэмээн саналаа өгсөн ард түмэн өнөөдөр ямар байгааг надаар хэлүүлэх юун. Гэтэл итгэл үнэмшлээрээ сонгууль өгсөн ард түмний төлөөлөл маань ялагдсан нэгнээ дуудаад нэг хөнжилд орж байна. Шуудхан хэлэхэд хамтраад луйвар хийх замаар төрийн ажил явж байх юм. Хаана байна тэр ардчилал чинь. Одоо тэгэхээр ардчилсан хувьсгалын “алтан хараацай” энэ тэр гэж өөрийгөө нэрлэж байгаа нөхөд ичих хэрэгтэй. Энэ тухай ярихаа боль л доо.
Н.Дөл