Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт дараахь ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн, түүний дотор бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлж нэмэгдүүлэх чиглэлээр 2015 онд 8160 суудал бүхий 14 сургууль, 2865 ор бүхий 17 цэцэрлэг, 3 спорт заал, 1 дотуур байр, 1 сургуулийн хүзүүвч, 1680 ор, 2820 суудал бүхий 15 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга, 38 / 2015 онд 20 цэцэрлэгийн барилгыг давхарлана/ цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл барихад улс, нийслэлийн төсөвт нийт 52,6 тэрбум төгрөг батлагдсан.
2015 оны Улсын төсөвт 38 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийх ажлыг 2015-2016 он дамжих хэрэгжүүлэхэд нийт 20,246 тэрбум төгрөг , үүнээс 2015 онд 10,0 тэрбум төгрөг батлагдсан. Иймд 2015 онд эхний ээлжинд 20 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл барих ажлыг эхлүүлнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нийт 7 цэцэрлэг /805 ор/ , 11 сургууль /7040 суудал/, 2 спорт заал, 1 дотуур байрны барилга барихаар батлагдсан. Эдгээрээс 2015 онд нийт 630 ор бүхий 5 цэцэрлэг, 3200 суудал бүхий 5 сургууль, 2 спорт заалны барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт: Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нийт 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /1680 ор, 2820 суудал/, 10 цэцэрлэг /2060 ор/, 3 сургуулийн өргөтгөл /1120 суудал/, 1спорт заал, 1 сургуулийн хүзүүвчний барилга барихаар батлагдсан.
Эдгээрээс 2015 онд нийт 1680 ор, 2820 суудал бүхий 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 360 ор бүхий 2 цэцэрлэг, 1280 суудал бүхий 3 сургуулийн өргөтгөл, 1 спорт заал, 1 сургуулийн хүзүүвчийн барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
“ НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
Мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр:
Сөүлийн гудамжинд байрлах Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвийг түшиглэн Жуулчны мэдээллийн төвийн салбарыг байгуулна. Мөн Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайн бодит дүрслэл бүхий ухаалаг гар утасны аппликейшнийг нэвтрүүлж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын албан ёсныwww.ulaanbaatour.mn портал сайтыг хятад, япон, солонгос хэл дээр өргөтгөнө. Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол байршлуудад цахим мэдээллийн инфомат ажиллуулна.
Сургалт, судалгааны чиглэлээр:
Танхимын сургалтуудыг дадлагад суурилсан хэлбэрээр, олон улсын хөтөлбөрөөр зохион байгуулж, цахим сургалтын материал, видео хичээлүүд бэлтгэн гаргана. Нийслэлийн эдийн засаг, нийгэм, соёлд үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөллийн, гадаадын жуулчдын зан төлөвийн болон голлох зах зээлийн орнуудын судалгаа явуулна.
Үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
Нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” аяныг зохион байгуулна. Нийслэл хотын байгууллагууд төрийн болон нийтийн үйлчилгээнд түргэн шуурхай байдал, найрсаг харилцаа, хандлагыг хэвшүүлнэ.
Гадаад харилцаа, гадаад сурталчилгааны чиглэлээр:
Олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатар хотыг бие даасан зорих газар болгон сурталчилна. Гадаад хэл дээр тогтмол гардаг сонин, сэтгүүл, олон улсад нэвтрүүлгээ цацдаг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон үзмэр, соёлын үзвэр, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнүүдийг сурталчилна. Гадаад сурталчилгаанд мэдээллийг технологийн ололтуудыг түлхүү ашиглана.
Зохион байгуулалтын чиглэлээр:
Энэ онд шинээр “Учиртай гурван толгой” дуурийг Хүй долоон худагт, “Бест оф Классикс” сонгодог урлагийн үдэш арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулна. Аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдыг татах соёл, урлагийн 10 гаруй шинэ томоохон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.
Аюулгүй байдлын чиглэлээр:
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд жуулчны цагдаагийн бие даасан бүтцийг ажиллуулна. Жуулчдыг төрөл бүрийн аргаар залилдаг хэргийг гадаад орнуудын туршлагын дагуу бууруулах арга хэмжээ авч, энэ талаарх үйлчилгээ эрхлэгчдийн ухамсар, ойлголтыг дээшлүүлэх мэдээлэл, сурталчилгааг явуулна. Нийтийг хамарсан үймээн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчидтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
Тохижилт, зохицуулалтын чиглэлээр:
2015 онд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлүүдийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг, маршрутуудыг тохижуулах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотын онцлогтой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жуулчны үйлчилгээний газрууд байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх явдлыг хөрөнгө зээлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх замаар дэмжинэ. НИТХ-аас баталсан Улаанбаатар хотын аяллын гол маршрутын дагуух газрын тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эхний ээлжинд шийдвэрлэнэ.
Баар, цэнгээний газруудад зэрэглэл тогтоох, зэрэглэлээс болон үйлчилж буй согтууруулах ундааны хатуулгаас хамаарсан ялгавартай үйлчилгээний цагийн хуваарь мөрдүүлэх, төрийн өмчийн музей үзвэрийн газруудын үйлчилгээний цагийн хуваарийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллуулах, автомашины дугаарын хязгаарлалтаас зөвшөөрөлтэй жуулчин тээврийн хэрэгслийг чөлөөлөх санал боловсруулж шийдвэрлүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР
Ирэх онд нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна.
- Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулснаар эх нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
- Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
- Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
- Хонхор тосгоны ЭМТ-ийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
- Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
- Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/сая төгрөг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих дүн |
ШИЛЖИХ | ||||
1. | Түргэн тусламжийн төвийн салбар пункт /ХУД 3-р хороо/ | 2014-2015 | 2,681.8 | 2,681.8 |
ШИНЭ | ||||
1. | Хүүхдийн эмнэлгийн барилга /БГД/ | 2015-2015 | 1,000.0 | 1,000.0 |
2. | Хүүхдийн эмнэлгийн барилга /ЧД/ | 2015-2015 | 1,000.0 | 1,000.0 |
3. | Хүүхдийн эмнэлгийн барилга /ХУД, 5-р хороо/ | 2015-2015 | 825.0 | 825.0 |
4. | “Хүрээ” амаржих газрын дулааны узель | 2015-2015 | 30.0 | 30.0 |
5. | Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл | 2015-2015 | 1,200.0 | 1,200.0 |
Дүн | 6,736.8 |
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг
үр дүнгээр тооцож урамшуулдаг тогтолцоог бий болгох – 1,0 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ – 17,8 тэрбум төгрөг