Ажлаас халах нь амиа хорлох хүний тоог нэмж байгааг анзаарч байна уу, Ерөнхийлөгч өө?

1-9-11h_700x700Ажлаас халах тушаал өнөөдөр цаазын тогтоол шиг үйлчилж байгааг “Цаазын ялаас татгалзъя” хэмээн тунхаглаж ирсэн Улсын аав,  Төрийн тэргүүн,Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анзаарч байна уу?

Яагаад ингэж асуув гэхээр он гарсаар  Ерөнхийлөгчөөсөө эхлээд л  Монгол Улс маань тун удахгүй  гурван сая дахь иргэнээ хүлээж авна хэмээн баяр хөөр болж байна. Хүн нэмж байгаа нь сайхан. Гэтэл амьдрах, амьд явах аргагүй болсондоо хорвоог орхиж, Монгол Улсын хүн амын бүртгэлээс хасагдаж  байгаа иргэдээ бид яах вэ?

Амьнаасаа уйдсандаа тэд хорвоогоос буцаагүй юм шүү.  Эрх баригчид өөрсдөө төсвөө хэтрүүлж, ямар ч тайлан, тооцоогүйгээр улсынхаа дансыг улайлгаж, өрийн дарамт, эдийн засгийн хямрал үүсгэчихээд эцэст нь ард түмнээ үхэл рүү түлхэж байна. Бидний дотроос хэн нэг  нь  ийнхүү хорвоог орхиж  хасагдахуун болж байгаа юм.

Тухайлбал, дөнгөж саяхан гэхэд л ЭХЭМҮТ-ийн хонгилд ажлаасаа халагдсан сантехникийн ажилчин нь амиа хорлосныг дулааны шугам шалгаж явсан хүмүүс илрүүллээ. Оны өмнө тэр явдал болсон гэхээр цогцос тэнд удаан хадгалагдсан бололтой. Дулааны шугам шалгах ч бус үнэр танар нь хүн байхын аргагүй болгосноос л тэнд шалгалт  явуулж цогцсыг олсон биз. Энэ ингээд зүгээр  яриад, бичээд өнгөрөх сэдэв биш. Ажлаас халагдаж, гэр бүлээ тэжээх байтугай амиа аргацаах аргагүй болсон хүн амиа хорлохоос өөр яах юм бэ.   Өнөөдөр Монголын амьдрал, монгол хүний үнэ цэнэ, цалин, орлогын тогтолцоо ийм л байна.

ЭХЭМҮТ-ийн хонгилд амиа хорлосон тэр сантехникч  Шийдлийн Засгийн газрын үед ажлаасаа халагдаж, амьдрах аргагүй болсондоо энэ хорвоогоос буцахаар шийдсэн  монгол хүний эхнийх нь ч байж болох. Түүний араас энэ хорвоог орхихоор шийдэх, магадгүй яг одоо шийдвэрээ гаргачихаад гэрээслэлээ бичиж суугаа хэчнээн ч хүн байж болох…Энэ бидний дунд байгаа түгшүүр, аюулын харанга. Харсаар, мэдсээр байж бусдыг үхэл рүү түлхэх нь өөрөө гэмт хэрэг биш гэж үү…Хэрэв тэгвэл алуурчнаас ялгаа юун. Алуурчин Ерөнхийлөгч, алуурчин Ерөнхий сайд, алуурчин Засгийн газрын гишүүн, газрын дарга нар гэж Монголын түүхэнд хараар бичигдэхэд хүрч байна бус уу?

Тиймээс   энэ Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, салбарын сайдуудаас өгсүүлээд, шийдвэр гаргах төвшнийхөн, тамга барьсан дунд шатны дарга нар, ажил олгогчдын тоохгүй өнгөрөөх сэдэв биш ээ. Мөн цаазын ялгүй Монгол Улс болохын төлөө хэмээн тунхаглаж ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос нэн даруй  асуух ёстой сэдэв мөн. Ажлаас халах тушаал, цаазын тогтоол шиг  үйлчилж  байгааг сануулах ёстой, шаардах ёстой субьект нь, улсын эцэг юм бол дуугарах ёстой хүн нь тэр мөн.

 Засгийн газраас оны өмнөхөн л гэхэд төрийн байгууллагын 300 орчим ажилтныг халах шийдвэр гаргасан. Тэгсэн атлаа ах дүү, хамаатан садан, намын гишүүдээ ажилд томилж, халаа сэлгээ хийсэн нь  ч зөндөө. Одоо төрийн байгууллагууд бүгд л айсан байдалтай, маргааш өглөө ирэхэд хэнийг ажлаас нь халсан байх бол гэсэн түгшүүртэй, зарим нь  олигтой унтаж ч чадахаа байсан нь нууц биш.

Үйлдвэрчний эвлэлийн холбоод ажилчдын эрх ашгийг хамгаалах түр хороод хэдийгээр тэмцэж байгаа ч, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрүүд явж байгаа ч үнэндээ  найдлага тун бага байна. Өдөр бүр “Бүсээ чангал, тэвч, тэс” гэх үүрэг өгөгдөж байгаа ч монголчууд цаашид тэсч тэвчихэд  маш хүнд боллоо. Үнэнийг бичсэнээрээ амь өрссөн тулаанд олныг  уриалан дуудаж байгаа юм биш. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл  бусдын олз болж, холын дайсныг баярлуулах вий.  Гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа гэх баяр хөөр, хүн амынхаа 30 хувийг зүй бусаар алдсан гашуудал  битгий болчихоосой.

agshin.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …