Эрдэмтэд хямралыг даван туулах зөвлөмж боловсруулан гарган засгийн газарт хүргүүллээ

uls_54b37210162e0_1МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ХҮНДРЭЛИЙГ  ДАВАН ТУУЛАХ  АХИЦ  ДЭВШИЛ ГАРГАХ БОЛОМЖ

Монгол оронд эдийн засгийн хямралт байдал давтагдсаар  байгаа нь анхнаасаа 1990-ээд оны эхэнд эдийн засгийн шинэтгэл явуулах, зах зээлийн тогтолцоонд шилжих  талаар иж бүрэн хөтөлбөр боловсруулаагүй, улмаар сүүлийн жилүүдэд бодит эдийн засгийн хөгжлийн хүчтэй хэтийн чиг баримтлал бодлогогүй,  үндсэндээ урсгалаар  явж ирснээс болж, улс орны үйлдвэржилт , бүтээн байгуулалтын үр өгөөжтэй томоохон төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй нөхцөл байдлаас улбаалан эдийн засаг, санхүүгийн чадавхи дорой хэвээрээ байгаа зэрэг таагүй байдлаас үүдэлтэй байна .

            Шинэчлэлийг үндэслэлтэй, тогтвортой бодлогод тулгуурлаж хийхгүйгээр  үндэсний эдийн засаг хямрах аюулд орж болдгийг Монголын туршлага дахин дахин харуулж байна. Шинэ төр засаг маань хөгжлийн оновчтой бодлого боловсруулахаас гадна эдийн засгаа хариуцлагатай, холын хараатай удирдахгүй бол  шилжилтийн эдийн засаг нь бүрэн эмхэрч дуусахгүй байгаа манайх шиг оронд эдийн засгийн шинэ уналтүүд тулгагдах магадлал байсаар байна. Тухайлбал, цагаа олоогүй, шаардлагагүй зээл авах буюу харьцангуй өндөр өртөгтэй зээлийг эдийн засгийн бодлого стратегигүй зарцуулаад, түүнийгээ төлөх гэж бас дахин зээл авах, үргэлжилсэн өр тавих зэрэг бодлогогүй үйл ажиллагаанаас ийм байдал амархан үүсэх магадлалтай.

            Өөр дотроо өрсөлдөн, намаараа талцаж хүчээ сулруулж байгаагаас Монголоор дайран өнгөрөх бүс нутгийн магистраль сүлжээ, замууд биелэлээ олсонгүй. Уул уурхайн томоохон төслийг хийхэд туршлага дутаж, алдаа гаргасан нь хямралыг гүнзгийрүүлэх нэг шалтгаан болж байна. Улс орныхоо гадаад харилцааг, эдийн засагжуулах, шинэ аж үйлдвэржилтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна  Үндэсний эдийн засгийн хувьд дэлхийн болон глобаль эдийн засгийн туршлагаас суралцаж, тэдэнтэй эдийн засгийн талаар хамтарч шинэ арга барил эзэмшиж сурах олон талтай өргөн хүрээтэй ажлыг төр, засгаас  бодлогын түвшинд хүчтэй явуулах хэрэгцээ байна.

            Угаасаа зах зээл, татвар, мөнгөний бодлого,инфляци зэрэг асуудлыг тойрсон яриагаар ,тэдгээртэй холбогдол бүхий хэсэг бусаг хууль гаргасан төдийхнөөр улс орныг удирдаж хөгжүүлэх боломжгүй гэдгийг бидний явж ирсэн зам харуулж байна. Эдийн засгийн хямралд үе үе хүчтэй нэрвэгдэхгүй байх чадавхийг бүрдүүлэх талаар  үндэстний түвшинд бодох цаг болсон.

            Мөн үндэсний эдийн засгийн нийт хэмжээ, цар хүрээг эхлээд  дунд, дараагаар нь их орлоготой орны түвшинд хүргэх дунд хугацааны болон алс хэтийн хөгжлийн тойм, загвар, прогноз боловсруулах ажлыг эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор бүх яамд боловсруулж Засгийн газартаа нэгтгэн бодлогын түвшний программ, төслүүд боловсруулж хэрэгжүүлэх шинэчлэлийн ажлаа даруй эхлэх нь зүйтэй.

            Богино хугацаанд авч үзвэл,эрчим, хүч дулааны үнэ нэмэгдэж долларын ханш өссөн өнөөгийн нөхцөлд инфляцийн өсөлт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.Энэ нөхцөлд импорт буурч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломж гарах боловч валютын эрэлт улам өсөн, хэрэглээ хумигдах, улмаар дотоодын аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөний хомсдолд орох магадлал өснө. Иргэдийн худалдан авах чадвар суларснаас олон барилга, орон сууц, өргөн хэрэглээний бараа борлогдохгүй эдийн засгийн эрэлт зогсонгшилын байдалтай болж байна. Аж ахуйн олон нэгжүүд  санхүүжилтийн саатал, татварын дарамт, долларын ханш өссөнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоох буюу  өрийн сүлжээнд орсон байдалтай байна.

            Энэ үүднээс ШУА-ийн Нийгмийн Ухааны Бага чуулганы гишүүд бид Засгийн газрын богино хугацаанд ба эдийн засгийн урт хугацааны бодлогын хүрээнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай санаа зөвлөмжийг дараах 2 чиглэлээр санал болгож байна.

                                    Нэг. Богино хугацаанд  засгийн газраас  авч болох арга хэмжээ

 

       Бэлэн мөнгөний хомсдол, мөнгөний эргэлтийн хурд саарахаас урьдчилан сэргийлж, дотоодын зах зээлээ хамгаалах

-Төгрөг долларын харьцааг оновчтой болгож, таваар мөнгөний зогсонги байдлыг яаралтай өөрчлөх зохион байгуулалтын арга хэмжээ авах. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд албан хаагчид иргэдийн цалин, орлогыг бууруулахгүй байх, банкнаас олгож буй зээлийг үндэслэлгүй, бодлогогүй хумихгүй байх, хэрэглээг дэмжиж мөнгөний эргэлтийн хурдыг сааруулахгүй байхад эн тэргүүнд анхаарах шаардлагатай.

  -Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа зээл, өнөөгийн байдлаар дундач орлоготой хэрэглэгчдийн харьцангуй боломжтой хэсгийн дийлэнхийг хамраад байгаа ба уг зээлийн төлөлт нь хэрэглэээний зах зээлд  мэдэгдэхүйц хүчтэй нөлөөлөх түвшинд хүрээд байна. Үүнтэй уялдан дотоодын зах зээлийн худалдан авах чадвар, хэрэглээний зах зээл хумигдахад хүрч байгаа нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн нэг гол шалтгаан боллоо. Иймээс орон сууцны ипотекийн зээлд тодорхой хугацаанд хязгаар тавих нөхцөл үүсээд байгааг анхаарах хэрэгтэй байна.

– Стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор  өнөөгийн зээлийн хэмжээг хязгаарласан хуулийн заалтыг өөрчлөх, өндөр үр ашигтай нь ТЭЗҮ-ээрээ тогтоогдсон төслийг санхүүжүүлэх зээлд баталгаа гаргах хууль зүйн орчныг бүрдүүлэх.

– Экспортыг өсгөх боломж бүрийг алдалгүй ашиглаж, импортыг аль болох бууруулан цаашдын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлж, ирээдүйд эдийн засагт илүү их үр өгөөж өгөх стратегийн шинжтэй гол төслүүдэд чиглүүлэх шаардлагатай.

             Төсвийн байгууллагуудыг 2015 онд хатуу  хэмнэлтийн горимд оруулах, дотоодын худалдан авалтыг дэмжих, шаардлагатай бол төсвийн багцууд хооронд дахин хуваарилахын зэрэгцээ эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаараа нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, төсвийн ачааллыг бууруулах  механизмыг бүрдүүлэх.

            -Эдийн засаг ужиг хямралын байдалтай болж байгааг бодитой хүлээн зөвшөөрч хөрөнгө оруулалтыг заримдаг хэлбэрээр царцаах шаардлага байна.  Гэхдээ одоогийн бүх хөрөнгө оруулалтыг зогсоох чиглэлээр үйл явц өрнөж байгаад болгоомжтой, хариуцлагатай хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж, эдгээрийн дотроос Улсын төсвөөр хийгдэж буй нэн чухал, тулгамдсан шаардлагатай биш, түр хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг хойшлуулах нь зүйтэй. Тэгэхдээ улсын төсвөөс барилгын салбарт нэгэнт хөрөнгө оруулж, эхлүүлсэн төслүүдийг зогсоолгүй нэн яаралтай гүйцээж дуусгах, богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрийг яаравчлан хэрэгжүүлэх зориудын менежментийг хэрэгжүүлүүштэй.

-Төсвийн мөнгөөр дотоодоос худалдан авах боломжтой бараа бүтээгдхүүний жагсаалтыг тодорхойлон, зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах чиглэлийг баримтлах шаардлагатай байна. Энэ чиглэлд урьд онуудад гарч байсан тогтоол шийдвэрүүд байгаа бөгөөд гол нь хэрэгжүүлэлт, Засгийн газрын манлайлал чухал байна

            -Үндэсний хэмжээний хэмнэлт, гамналтын хөтөлбөргүй явж ирсэн нь бодлогын шинж чанартай алдаа гарахад хүрсэн юм. Төр засаг нүсэр аппаратаар ажиллах, цахилгаан, дулаан, ер нь бүхий л материаллаг зардлыг хэмнэх сэтгэлгээг бий болгох ажил цаг үеийн шаардлагаас хоцорсон хэвээр байна. Материаллаг хэмнэлт гаргасан тохиолдолд урамшуулал олгох систем үгүйлэгдэж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн хувьчлалыг ч үргэлжлүүлэн хийх шаардлагатай.

            Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд улам бүр төсвөөс хамааралтай, түүнийг харж өөрсдөө идэвх санаачилгагүй  байх хэлбэр рүү шилжиж, төсвийн ачааллыг улам нэмж байна. Иймээс тэдгээр байгууллагуудад өөрсдөө орлого олох, өөрийгөө санхүүжүүлэх боломжийг нь нээж өгөх, түүгээр ч зогсохгүй төсвийн гадуурх дансаар орлого олон, зарцуулж, үр дүнгээр нь урамшуулах нөхцлийг шинээр хэрэгжиж эхэлсэн шилэн дансны зохион байгуулалтыг ашиглаж хэрэгжүүлэх бодит боломж бүрдээд байна.

                                     Татвар, үл хөдлөх хөрөнгийн тухайд

 

            -Томоохон аж ахуйн нэгжүүдээс авах татварыг нэмэгдүүлж, харин жижиг, дунд бизнесийн татварыг багасгах замаар татварын орлогыг нэмэгдүүлэх (энэ нь татварын орлогыг бууруулахгүй. Тэртэй, тэргүй эдийн засагт жижиг дунд бизнесийн эзлэх хувь хэмжээ бага)

            -Хувь хүний өөрөө амьдардгаас бусад орон сууц, нийгмийн чиглэлээс бусад арилжааны байгууллагуудын үл хөдлөх хөрөнгө, түрээснээс авах татварын хэмжээг нэмэх, хяналт зохицуулалтанд авах хэрэгтэй байна. Жижиг дунд бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлтөд голлон нөлөөлж, татвараас хэд дахин дарамт учруулж байгаа хүчин зүйл нь түрээсийн үнэ өртөг бөгөөд энэ нь үйлдвэрлэл эрхлэх сонирхлыг бууруулж, хуримтлал үүсэх боломжийг хязгаарлан далд эдийн засаг, барилгад хөрөнгө оруулах сонирхлыг өөгшүүлж байна.

            -Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, татварын хяналтын системийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг түрээсийн ашиг олох зорилготой эргэлтгүй хөрөнгөнд чиглүүлэхээс илүүтэйгээр үнэ цэнэ нэмж бүтээх, бодитой хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл рүү чиглүүлэх нь эдийн засгийг эрүүлжүүлэх нэн чухал алхам болно.

            Банкнаас гадагшлах валютын урсгалын хяналтыг чангатгаж,мөнгийг банк руу татах, дотоодын зах зээлээ хамгаалж, үнийн хөөс, зохион байгуулалттай хөөрөгдлөөс сэргийлэх.

            -Мөнгөний бодлогоор богино хугацаанд тохируулга хийж болох ч ингэснээр валютын байгаа нөөцөө яаран гөвөхөд хүргэж, эдийн засгийг илүү өндөр эрсдэлд оруулна.

            -Банкнаас гадаад улсад гарч буй валютын урсгалд хяналт тавих, дотоодын зах зээлээс түүхий эд худалдаж авахаар гаднаас орж ирдэг мөнгийг дагасан зохион байгуулалттай үнийн хөөрөгдөл, дотоодын зах зээл дэх үнийн хөөсийг бууруулахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэх шаардлагатай байна.

            – Банкнаас гадуур эргэлдэж байгаа мөнгийг банк руу татах ажлыг яаралтай хийх хэрэгтэй.  2010 оны албан ёсны статистикаар далд эдийн засаг нийт эдийн засагт 13,7 хувийг эзэлж байгаа ба сүүлийн жилүүдэд нилээд эрчимтэй нэмэгдсэн гэсэн судлаачдын нэгдсэн дүгнэлттэй байна. Үүнд хөдөө аж ахуй, түүхий эд бэлтгэлийн зах зээл,  үл хөдлөх хөрөнгийн түрээс багагүй хувийг эзлэх болж байна.

            -Банкны систем эдийн засгийн шим шүүсийг сорж, мөнгө хүүлэгчийн арга барилаар ажиллаж байгааг өөрчилж, банкны салбарын эрсдлийг бууруулах (өөрөөр хэлбэл цөөхөн тооны том зээлдэгчдэд өгсөн зээлээр эрсдэл өндөртэй зээлийн багцыг бүрдүүлдэг, өндөр ашгийн хойноос улайран тэмцдэг байдлыг зогсоох) шаардлагатай байна. Банкны эрсдлийг тараан байршуулж, бага хүүтэй олон жижиг зээлээс багцыг бүрдүүлэх, үүний тулд зээлийн хүүг бууруулж, дотоодын жижиг дунд бизнесийг дэмжих шаардлагатай.

            -Банкуудын эрсдлийг төв банкнаас яаралтай дахин үнэлж (цөөн тооны томоохон зээлдэгчидтэй холбоотой асуудлыг эн тэргүүнд анхаарах) эрдсдлийг бууруулах бүх төрлийн арга хэмжээг  яаралтай авах нь дотоодын зах зээлийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй шаардлагатай ажил юм. Монгол банкнаас арилжааны банкуудад хийх томоохон зээлдэгчидтэй холбоотой хяналт шалгалтыг чангатгаж, урьдчилсан арга хэмжээг авах шаардлагатай.

                           Төрийн удирдлагын шинэчлэлийн тухайд

 

-Төрийн хүний нөөцийн бодлогод улс төржих байдал хүчтэй болоод байгааг зогсоож, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан чиг хандлага руу эргэлт буцалтгүй шилжих хэрэгтэй байна.

-Төрийн албаны болон төрийн захиргааны төв байгууллагуудын тогтвортой байдлыг бүрдүүлэх хууль эрхзүйн шинэ орчинг аль болох богино хугацаанд бүрдүүлэх, мөн төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хуулийг цаг алдалгүй гаргах хэрэгтэй.

 

                             Нийгэмд бодитой, зөв мэдээ  мэдээлэл өгөх

 

            –Хүндрэл, хямралаас улс орноороо хамтдаа тэмцэж, чармайж гарна, нийгмийн халамжийг хэт хавтгайруулсан тогтолцооноос салах шаардлагатай гэсэн мэдээлэл, итгэл үнэмшлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон нийтийн үүсгэл санаачлагын аливаа илрэлийг тууштай дэмжих чиглэлд үйл ажилагаагаа төвлөрүүлэх

            -Оюу толгой, мөн бусад  Мега төслүүдийн эдийн засаг дахь нөлөөлөл, төсөвт оруулах орлогын тухай бодитой мэдээллийг нийгэмд шуурхай хүргэж, цөөн  хөрөнгө оруулагчдын явцуу ашиг сонирхлын төлөөх шуугианд нийгмийн сэтгэл зүйг автуулахгүй байх нь өндөр инфляцийн хүлээлт, валют худалдан авах сонирхлыг багасгах.

             -“Эдийн засаг цаашдаа сайжирна” гэсэн, үүний төлөө Засгийн газар, төр хувийн хэвшлийн  түншлэлээр үр дүнд хүрч чадна гэсэн эерэг мессежийг нийгэмд хүргэх,  төрийн институцийн ажил хэрэг, улс төрчдийн зан авираар үүнийгээ харуулах чиглэлд Засгийн газрын үйл ажиллагаа төвлөрөх шаардлагатай байна.

Хоёр. Эдийн засгийн бодлого, урт хугацааны  стратегийн асуудал

 

             – Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх хуультай болох.

             – Эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх чиг баримтлал  буюу хэтийн хугацааны 15-20 жилийн  хугацааны хөтөлбөр, мөн дунд буюу 5 жилийн төлөвлөгөөг хуульчлан батлаж хэрэгжүүлдэг болох

            – Хэдийгээр Засгийн газрын шинэ бүтцээр татан буулгасан байгаа ч гэсэн улс орны хөгжлийг хэтийн бодлого, алсын хараатай авч явах  Эдийн засгийн яам, түүнийг дагасан Эдийн засгийн тулгуур судалгааны хүрээлэнтэй байх , уг хүрээлэнг Засгийн газрын үндсэн чиг үүргийн Яам, ШУА-ийн давхар харьяалалд байгуулах

            – Үндэсний хэмжээний Мега төслүүдийг хариуцах Засгийн газрын бүтэц гарган, Монгол улсын сайд томилж байгаа нь зарчмын шинэ хандлага гэж судлаачид бид сайшаан дүгнэж байгаагийн хамт дээрхи томоохон төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх оновчтой арга хэлбрийг болон гадаадын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниудыг сонгох шалгуур нөхцлийг төсөл бүрийн онцлогт тохирсон тооцоо үндэслэлтэйгээр тогтоож, шийдэлд түргэн хүрэх ёстой гэж үзэж байна. Энэ чиглэлд бидний эрдэмтэд судлаачдын боловсруулсан, засгийн газарт хүргүүлсэн санал зөвлөмжүүд байгаа бөгөөд бидний зүгээс бүх хэлбрээр хамтран ажиллахад бэлэн байна

            – Өнөөг хүртэл үндэсний эдийн засгийн хөтлөх арга нь зохих түвшинд  шинэчлэгдсэн ч дэлхийн болон глобаль эдийн засгийн хөгжлийн зүй тогтлоос тасархай байгаа нь Монголын үндэсний эдийн засгийн байдлын одоогийн байгаа дүр, төрх болсоор байна. Ийм нөхцөлд дэлхийн эдийн засгийн хөгжлөөс сурах чиглэлээр, үндэсний компаниудыг дэлхийн эдийн засагтай холбож өгөх, үүний тулд тэдгээрийн хүч чадлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх.

         – Глобаль эдийн засгийн хөгжилд зохицож түргэн хөгжих дэлхийд эрэлт ихтэй үндэсний бүтээгдэхүүнүүдийн эрэл, хайгуул, боловсруулалт, борлуулалтын хүрээнд үндэстэн дамнасан корпорациудтай хамтран ажиллах. Даяаршиж буй ертөнцөд байж болох ийм боломжийг бодит зүйл болгож чадвал үндэсний жижиг эдийн засгаа дэлхийн туслалцаатай томруулж түргэн хөгжих боломжтой.

– Үндэсний эдийн засгийн суурь салбар уламжлалт мал аж ахуйг шинэ мал аж ахуй болгон, аймаг хотын төвүүд, хот суурин газрууд, сумдыг дагуулж малчин өрхүүд, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хосолсон зах зээлийн бүтцүүдийг бий болгох санал дэвшүүлж байна. Энэ нь онолын талаар нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйг суурин, тэжээлтэй, өндөр үр ашигтай мал аж ахуйг газар тариалантай хослуулах замаар зах зээлд шилжүүлэх өвөрмөц зам, өвөрмөц сонголтын тухай санал учраас энэ чиглэлд судалгаа дүгнэлт хийх ёстой.

– Өнөөдөр төрөөс,  бизнесийн үйл ажиллагаа ба төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэт их хутгалдах хандлагатай болж, үүнд нь улс төрийн нөлөөлөл хүчтэй болж байна. Төрийн үйл ажиллагаа шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан бодлого ба хяналт, мониторингдоо түлхүү чиглэсэн, хэрэгжүүлэлтийн процесст хутгалддаггүй менежментийн тогтолцоотой байх хэрэгтэй байна.

             – Бүтээмжийг өсгөх бодлого чиглэл хүн ам цөөтэй оронд анхдагч шинжтэй тавигддаг. Өнөөг хүртэл манайх ажилгүйдэлтэй тэмцэхэд хэт анхаарч, бүтээмжийн талаар дорвитой зүйл хийсэнгүй. Өмнөх засгийн газрууд бүтээмжийн талаар олигтой юм хийгээгүй бөгөөд одоо ч энэ тухай дурьдаж ярьж байгаа юм алга байна. Бүх салбар, аж ахжйн нэгжид бүтээмжийг дээшлүүлэх бодлого сургалт илт үгүйлэгдэж байна.

            – Аймаг, орон нутгийг хөгжүүлэх болон бизнесийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин дутагдах, тэдгээрийн мэдлэг чадвар  хангалтгүй байгаа нь өнөөгийн хөгжлийг хамгийн их чөдөрлөх хүчин зүйл болж байна. Нөгөө талаар төвлөрсөн хот суурингуудад ажилгүйдэл ихсэж шаардлагагүй мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үйл явц даамжран үргэлжилсээр байна. Ийм нөхцөлд үндэсний хүний нөөцийн бодлогыг шинэ байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх нь тулгамдсан зорилт болоод байна.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН

НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН

www.uls.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …