Эрх зүйн шинэтгэл иргэнд хэрхэн мэдрэгдэх вэ

703r6gg6oa0gqev6r1qts2skeu_lУИХ-аар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Шинэ хуулийг УИХ-ын гишүүд “Маш чухал” хэмээн тодотгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль хяналтын байгууллага гэмт хэргийг хэрхэн илрүүлэх, үйл ажиллагаа, процессын хууль юм. Процессын явцад хүний эрх зөрчигдөх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бүр цаашилбал эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх байдлаар хэргийг шийдэж, хэрэг хүлээлгэсэн гэх зэрэг годмол иргэдээс олон ирдэг билээ. Тэгвэл шинэ хуулиар энэ мэт процессын алдаа, дутагдлыг засч залруулна гэж Засгийн газар үзэж байгаа юм.

УИХ дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиуд өргөн баригдсан, хэлэлцүүлгийн шатандаа явж буй. Энэ хоёр хууль нь эрх зүйн шинэчлэлийн том суурь болно. Харин шинэчлэлийг хэрэгжүүлэх хууль нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль болох юм. Нэг ёсондоо эрх зүйн шинэтгэл хөрсөн дээрээ хэрхэн бууж, хуулийн байгууллага, иргэдэд хэрхэн мэдрэгдэх вэ гэдгийг процессын буюу Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Энэхүү шинэ хууль нийгэмд хүлээлт үүсгээд байна. Мөн шинэ хууль батлагдсанаар иргэдэд, цагдаа, хуулийн байгууллагын ажилтнуудад хэрхэн мэдрэгдэх вэ гэх асуулт, эргэлзээ зүй ёсоор гарч ирж буй билээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгагдсаныг тоймлон хүргэж байна.

“Сэжигтэн” гэх ойлголт байхгүй болно

Одоо мөрдөгдөж буй хуулиар хүнийг “сэжигтэн” гэж үзээд, тодорхой үндэслэлүүдээр цагдан хорьдог. Оргон зайлах, эсвэл хэрэг мөрдөх үйл ажиллагаанд саад болох магадлалтай гэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаагч дүгнэлт гаргаж, прокурор зөвшөөрснөөр хэдхэн хормын дотор хэн нэгнийг торны цаана суулгах боломж одоогийн хуулинд бий. Тэгвэл шинэ хуулиар “сэжигтэн” гэх ойлголт байхгүй болно. Ингэснээр хэн нэгнийг гэм буруутай гэдгийг хөдлөшгүй баримтаар тогтоосон үед шууд яллагдагчаар татаж, цагдан хорих юм байна. Гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад мөрдөн байцаагч хэн нэгнийг өрөөндөө дуудаад, “хаалга мануулж” дарамтлахгүй. Шаардлагатай бол тухайн хүний байгаа газарт нь очоод, асуулт асууж, хариулт авч болно. Энэ нь байцаалт гэж тооцогдохгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч нар хэн нэгнийг өрөөндөө дуудаж, айлгах байдлаар, өрөөнөөсөө хэрэг илрүүлдэг байдлыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Эдийн засгийн гэмт хэрэгт аль болох ял оноохгүй

Эдийн засгийн гэмт хэрэг, татвар нуун дарагдуулсан гэх зэрэг хэргүүдэд аль болох ял оноохгүй байх чиглэлтэй байх нь. Энэ төрлийн гэмт хэрэгт эхний ээлжинд хохирлыг нөхөн төлүүлэхийг урьтал болгох аж. Татвар нуун дарагдуулсан, улсад хохирол учруулсан этгээдүүдэд ял ногдуулахаар эргээд хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байх тохиолдол элбэг. Нэгэнт ялаа эдэлсэн юм чинь мөнгө нэмж төлөх шаардлагагүй гэж байгаа юм. Тийм учраас цаашдаа татвар, санхүүгийн гэмт хэрэг дээр хүнийг хорихоос илүүтэйгээр нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, гэрийн хорионд оруулах зэргээр ял шийтгэнэ. Хохирол учруулсан мөнгөн дүнгийн хэмжээ бага, мөрдөн байцаалтын явцад тухайн хохирлоо барагдуулсан бол бүр ял шийтгэхгүй байх боломжтой байхаар зохицуулжээ.

Нотлох баримт үнэлэх шүүх

Одоо мөрдөгдөж буй хуулиар шүүх хуралдааны үед нотлох баримтыг үнэлдэг. Ингээд эрүү шүүлтийн, эсвэл буруу арга замаар олж авсан нотлох баримт гэж үзвэл процессын алдаа гэж үзээд, дахин мөрдөн байцаалтад буцаадаг. Тэгвэл шинэ хуулиар нотлох баримт үнэлэх шүүхийг үндсэн шүүх хуралдаанаас тусад нь гаргана. Ингэснээр хүнийг хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Мөн үүний нөгөө талд хэн нэгнийг ял завшуулахгүй байх, зохих шийтгэлийг нь ногдуулахад ч үр дүнгээ өгөх гэнэ.

Прокурор хэрэг мөрдөлтөд илүү үүрэгтэй оролцоно

Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаанд тэнцвэрийг хангах, мөрдөн байцаагчдыг чиглүүлэх зорилгоор прокурор мөрдөн шалгах үйл ажиллагаанд илүү үүрэг, рольтой оролцдог болох нь. Өнөөгийн хуулиар бол хэргийг шалгах, нотлох баримт цуглуулах, илрүүлэх бүхий л үйл ажиллагааг мөрдөн байцаагч гардан хариуцдаг. Ингээд прокурор мөрдөн байцаагчийн цуглуулсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсвэл шүүхэд шилжүүлэх, зүйлчлэлийг нь өөрчлөх гэх зэргээр ажилладаг. Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөх, эсвэл хэт нэг талыг барьсан байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэг асуудлыг прокурор мөрдөн байцаагчтай илүү ойр ажилласнаар шийдвэрлэх боломжтой юм байна.

“Адгийн зарга 10 хоног” болохгүй

Монголчуудын дунд “Адгийн зарга 10 хоног” гэж үг бий. Хэргийг мөрдөн шалгах, шүүхэд шилжүүлэх, шийдвэр гаргах талаар одоогийн хуулинд маш олон хугацаанууд бий. Тэр хугацааныхаа дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг. Энэ утгаараа ямар нэгэн “асуудалд” орооцолдсон бол хуулийн байгууллагаар эцсийн шийдвэрийг гаргуулна гэдэг иргэдийн хувьд багагүй чирэгдэл болох нь бий. Харин шинэ хуулиар тухайн хэрэг нэгэнт нотлогдож байгаа бол маш шуурхайгаар шүүх хурлыг явуулж, хэргийг нэг тийш шийдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн хэрэг нэгэнт нотлогдож байхад шүүх хуралдаан дээр гэрчүүдээс дутуу мэдүүлэг авсан гэх зэргээр дахин мөрдөн байцаалтад буцаадаг гэх зэрэг хүнд сурталтай процессуудыг цөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Шинэчлэл шууд хэрэгжинэ

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын онцолсноор эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Хууль зүйн яам УИХ-аар 10 орчим хуулийн төсөл батлуулах шаардлагатай байгаа. Одоогоор 6-7 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа юм. Гурван хуулийн төсөл яаман дээр боловсруулагдаж байгаа. Ингээд 10 орчим хуулийн төслийг УИХ-аар баталбал, хуулиуд ирэх намраас шууд хэрэгжээд эхэлнэ. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль бол бүр батлагдсан өдрөөсөө хэрэгжихээр тусгагджээ.

Л.Энхдэлгэр

 Эх сурвалж: Eagle.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …