Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2015.11.25 Лхагва гараг/ хуралдаан гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 11 гишүүн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэнГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулав.
Монгол Улс Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг 2015 оны хаврын ээлжит чуулганаар, Ногоон хөгжлийн бодлогыг 2014 оны 06 дугаар сард тус тус баталсан. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Үндэсний хөтөлбөр бий. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сааруулах, дасан зохицох байдлаар хандаж байна. Удахгүй Парис хотноо энэ чиглэлээр томоохон гэрээ хэлэлцээр хийгдэх гэж байна. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэл рүү явж байна. Монгол Улс ч үүнээс хоцрохгүйгээр бодлогын түвшинд шаардлагатай зохицуулалтуудыг хийж байгаа, үүгээрээ ч бүс нутагтаа тэргүүлэх эгнээнд байдаг. 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг энэ төрлийн эрчим хүчээр хангах, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан байгаа. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 2014 оны эцсийн дүнгээр 967 МВт байгаа ба нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувь (нар, салхи, усны эрчим хүч)-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлдэг. Тиймээс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд, тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгалаа. Сангийн яамны урьдчилсан судалгаагаар энэ хуулийн төсөл батлагдсанаар ирэх 2016 онд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд 1 тэрбум орчим төгрөг болох тооцоог гаргасан байна. Танилцуулгын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5 компани ТЭЗҮ боловруулаад, Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаа болохыг дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хуралдааны үеэр байнгын хорооны дарга Ч.Улаан, Үндэсний аудитын газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай дүгнэлт гаргаж, УИХ-д ирүүлснийг гишүүдэд тарсаан болохыг дурдав.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүд нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болохыг байнгын хорооны дарга танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг танилцуулж, саналт хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжснээр байнгын хорооны шийдвэрийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг байнгын хорооны дарга Ч.Улаан гишүүдэд уншиж танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн явцад зарим саналыг эргүүлэн татаж, үлдсэн санал тус бүрийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн 3, 4, 5 дахь зүйлийг хасах саналыг хэлэлцэх үеэр Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг мал аж ахуй, тариалангийн салбарыг Хөгжлийн банкнаас зээл өгөх байдлаар төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна хэмээн Засгийн газрын санал болохыг гишүүдэд танилцууллаа. Арилжааны банкнуудын зээлийн хүү өндөр байгаа нь мал аж ахуй, тариалангийн салбарт хүнд байгаа учир Ажлын хэсгийн гишүүд уг саналыг дэмжин, тогтоолын төсөлд тусгасан байна. Уг саналын хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Р.Амаржаргал нар байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлгийн явцад зарим саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааны гаргасан төсвийн захиран зарцуулагч нарын хариуцлагыг дээшлүүлэх саналыг хэлэлцэж, тогтоолын төсөлд нэмж тусгах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн юм.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож хөдөө аж ахуйн салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлага бүхий онцгой нөхцөл үүсээд байгаа талаар танилцуулга хийлээ. Малчдын амьжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд “Мах” хөтөлбөрийг боловсруулсныг Засгийн газар дэмжихээ мэдэгдээд байгаа. Хөгжлийн банкны хуулийн 8.1 дэх заалтын дагуу Улсын Их Хурлаас шийдвэр гаргасан тохиолдолд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх боломжтой. 2016 оны төсөвт мал аж ахуйн салбар, тэр дундаа махны чиглэлийг дэмжих санхүүжилт байхгүй. 2015 оны хавар 18 сая төл хүлээж авсан. Үүнээс 10 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд хэрэглээд, үлдсэн 5.6 сая толгой мал буюу 128 мянган тонн махыг экспортлох боломжтой хэмжээн тооцсон байна. Үүний бэлтгэл ажлын хүрээнд махны үйлдвэрүүд олон улсын стандартад тэнцэх шаардлага бий. Одоогоор 26 үйлдвэр ОХУ руу, Вьетнам улс руу 8 үйлдвэр, БНХАУ руу 12 үйлдвэр мах экспортлохоор шалгуур хангаад байна. Эдгээр үйлдвэрт хөнгөлөлттэй нөхцлөөр зээл өгөх байдлаар эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлвэл энэ нь цаашлаад малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн салбарын яам тооцжээ. Энэ өвөл нийт нутгийн 40 хувь буюу төвийн бүс, ган болсон нутгуудаар өвөлжилт хүндэрнэ гэдэг эрсдлийн үнэлгээг ОБЕГ-аас танилцуулсан байна. Мөн газар тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдал, үүсэх асуудлуудыг тооцон, Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл өгөх байдлаар мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих шаардлага байгааг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, эдгээр салбарт үүсээд байгаа хүндрэлтэй, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор уг асуудлыг шийдвэрлэх тогтоолын төсөл санаачлах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн санал гаргав. Ийнхүү хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо.