Брюссель хотноо халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн нэг нь 2009-2010 оны хооронд Европын парламентад үйлчлэгчээр ажиллаж байсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан ямар этгээд парламентад ажиллаж байсныг хараахан тогтоогоогүй ч эх сурвалжийн мэдээллээс үндэслэн дээрх мэдээллийг хэвлэлийнхэнд задруулсан байна. Нэгэн эх сурвалж “Онгоцны буудалд халдлага үйлдэж, зугтаасан нь Нажим Лаачроуй” гэж мэдэгджээ. Нажимийг Брюсселийн халдлагаас гадна Парисын халдлагад оролцсон хэмээн цагдаагийнхан сэжиглэж байна.
Уг мэдээллээс үндэслэн сэтгүүлчид Европын парламентын төлөөлөгчөөс тайлбар авчээ. Төлөөлөгч “Өмнө нь ял эдэлж байгаагүй хүмүүсийг ажилд авдаг. Цэвэрлэгээний компани гэмт хэрэгтнийг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгийг баталсан учир жилийн хугацаанд ажиллуулсан. Бид энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно” гэж мэдэгджээ.
Нисэх буудалд болсон халдлагын үеэр хоёр этгээд өөрийгөө золиослож, нэг этгээд хэргийн газраас зугтаасан юм. Цагаан хүрэмтэй этгээдийг Нажим Лаачроуй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Эх сурвалж: Shuud.mn