Энэ тухайгаа тэрээр “Хоёр долоо хоногийн өмнө Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гарсан. Монголын хүн амын 80 хувь, сонгогчдын 50 хувийг тус бүр залуучууд эзэлдэг ч парламентад төлөөлөл байдаггүй. Ийм учраас залуучуудын квотыг 20 хувиар тогтоох хуулийн төслийг санаачиллаа. Дэлхий дээр сонгогчийн 50 хувь нь залуучууд, 31 хүртэлх насны залуучуудын дэлхийн парламентад сонгогдсон хувь 2 бол Монголд 0 хувь байгаа. Ийм учраас таван хүн тутамд залуучуудыг нэр дэвшүүлж, иргэдийн улс төрд итгэхгүй  байдлыг өөрчлөхөд, төрдөө итгэхгүй, цөхөрсөн байгаа байдлыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Нөгөө талдаа Монгол Улс үлгэр жишээ үзүүлэх цаг нь болсон. 1990 оны хувьсгалыг 20 гаруй насны залуучууд хийж, анхны парламентад би 29 настай сонгогдож байсан. Залуучуудаа ард түмэн гаргаж, тэр залуучууд нийгмийнхээ том шинэчлэлийг хийж чадсан” гэдгээ мэдээллийн үеэр тодотгов.

-Насны хязгаарыг хэд гэж тооцож байна вэ?

-Залуучуудаа 30-аас доош нас гэж тооцох ёстой. Жинхэнэ шинэ цаг үеэ төлөөлсөн, шинэ цаг үеийн мэдрэмжээ гаргаж чадах нас. Тэднийг дэмжих ёстой.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа юм уу?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж, одоо хоёроос гурван төсөл явж байгаа.

-УИХ-ын сонгуульд залуучуудаа нэр дэвшүүлж, гаргаж ирье гэж байна. Бэлтгэгдсэн залуус хэр байна вэ?

-Залуучуудад оролцоог нь гаргаад өгөх юм бол шинэ цаг үеийг тээгч залуучууд гарч ирэх бэлтгэл хангагдсан. Гол нь Сонгуулийн хуулиар тавигдсан босго хаалтыг авч өгөхгүй бол энэ сонгуулийн үр дүнг ард түмэн сэтгэл хангалуун хүлээж авна гэхэд бэрх юм.

Эх сурвалж: Zaluu.com